Зул сар, шинэ жилийн баяр бол гэр бүлийн баяр билээ. Харин “Дельта Эйрлайн” авиа компанийн онгоцны үйлчлэгч Пийрс Вауган зул сарын баяраар ажилтай байж таарсан тул гэр бүлийнхэнтэйгээ хамт баяраа тэмдэглэж чадахгүй болсон байна. Харин түүний аав Хаул Вауган зул сарын баяраар охин нь үйлчлэх орон нутгийн зургаан нислэгийн тасалбар захиалж, бүхэл өдөржин хамтдаа байж чаджээ.
Хаул Ваугантай зэрэгцээ суудалд суусан нэгэн залуу аав, охин хоёрын халуун дулаан, гайхалтай зул сарын түүхийг сонсож, урамшаад фейсбүүк хуудаснаа бичиж, түгээснээр тэдний тухай олон хүмүүс мэддэг болсон аж.
Хаул Вауган нь энэ оны эхээр хүзүүндээ гэмтэл авч хагалгаанд орсон бөгөөд багагүй хугацааны турш хэвтэрт байсан ч охинтойгоо хамт баярыг өнгөрүүлэхийн тулд түүний үйлчлэх онгоцонд сууж явахаар шийджээ.
“Гэр бүлийнхэн хамтдаа л байвал гэртээ ч, гадуур ч бүр хэдэн километрийн өндөрт байсан ч хамаагүй аз жаргалтай байж болохыг охиныхоо төлөө гэсэн чин сэтгэлтэй аав харуулж байна. Бүгдэд нь зул сарын мэнд хүргэе!” хэмээн Хаул Ваугантай Форт Майесээс Детройт чиглэлд зэрэгцээ суудалд суусан залуу бичсэн байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ