Санхүүгийн “Цагаан бүс”-д багтахад арван сарын хугацаа хангалттай юу

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Санхүүгийн “Цагаан бүс”-д багтахад арван сарын хугацаа хангалттай юу

Санхүүгийн “Цагаан бүс”-д багтахад арван сарын хугацаа хангалттай юу

Саарал жагсаалтын асуудал өмнөх парламентын үед ч анхаарлын төвд байв. Тухайлбал, 2011 оноос хяналтад орж гурван жилийн турш мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандартад нийцсэн хууль эрх зүйн орчинтой болохын тулд УИХ, Монголбанк, Хууль зүйн яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран ажилласны үр дүнд 2014 оны долдугаар сарын 3-нд Парис хотноо болсон Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/-ын ээлжит чуулганаар Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны стратегийн дутагдлуудаа зассан явдлыг өндрөөр үнэлж өөрийн хяналтаас гаргахаар шийдвэрлэснээ цахим хуудастаа http://www.fatf-gafi.org  зарласнаар Балба, Киргизстани, Танзани, Кени орнуудтай “хөтлөлцөн” хяналтын жагсаалтаас гарсан.

Гэтэл Ази,Номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах,терроризмтой тэмцэх тогтолцоонд дахин үнэлгээ хийж саарал, эсвэл хар жагсаалтад орох эрсдэлтэй тул зөвлөмж өгсөн. Монголбанкны ерөнхийлөгч энэ сарын 16-нд болсон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр хэлснээр Монгол Улс одоо саарал жагсаалтад байгаа бөгөөд ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн дагуу  хар жагсаалт руу орохгүйн төлөө маш их ажил хийж байгаа аж.

Тэрбээр “ФАТФ Монгол Улсыг гурван үндсэн зүйл, шалтгаанаар буруутгаж байна. Нэгд, Хойд Солонгосын иргэд Монголд ажиллаж, үйл ажиллагаа эрхэлж байна. Энэ мөнгө хойд Солонгост тодорхой төсөл хөтөлбөрүүд санхүүжилт болж очиж байна. Үүнийгээ тайлбарлаж өг гэж байна. Хоёрт, 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, 35 их наяд төгрөгийн эх үүсвэр гарч ирсэн.  Энэ бол тухайн үеийн Монгол Улсын ДНБ-ээс 1,5 дахин их хэмжээтэй тоо. Ийм их хэмжээний мөнгө гарч ирж байна гэдэг нь Монгол Улс татвараа авч чаддаггүй, мөнгө угаадаг юм байна үүнийгээ зас гэсэн сануулга өгч байгаа юм. Гуравт, Монголд 540 гаруй банк бус санхүүгийн байгууллага, 2000 гаруй хадгаламж зээлийн хоршоо  байна. Энэ бүхэнд хяналт тавьдаг, чаддаг газар байхгүй байна. Гэсэн ийм гурван шалтгаанаар бидний хар жагсаалт руу оруулах боломжтой байна гэдэг зүйлийг хэлж байна. Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр асуудлаа хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулж ажиллаж байна. Бидэнд 2019 оны есдүгээр сар хүртэл хугацаа олгож, тайлангаа олон улсын байгууллагад хүргүүлэх ёстой” гэлээ.

Тэгэхээр бидэнд цаад тал нь 10 сарын хугацаа байгаа аж. Энэ хугацаанд хуулийн нэр томъёоны зарим тодорхойлолтоо ФАТФ-ын 40 зөвлөмжид заасан стандартад нийцүүлсэн, эцсийн өмчлөгчийг тогтоох, харилцагчийг таньж мэдэх ажиллагаа, хэрэв уг ажиллагаар гуравдагч этгээдээр хийлгэсэн бол түүнд тавигдах шаардлага, эрсдлийн үнэлгээ, дотоод хяналтын хөтөлбөр, хориг арга хэмжээний жагсаалт зэрэг зохицуулалтыг холбогдох хуулийн төсөлдөө тусгаж чадсан байвал жагсаалтаас гарна. Өөрөөр хэлбэл дээрх шаардлагыг хангаж байж ФАТФ-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсвэл “Зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг саарал жагсаалт”-аас мултарснаар 2014 оных шиг санхүүгийн системийн хувьд “шоронгоос суллагдаж” эдийн засгийн аюулгүй буюу цагаан бүсэд тооцогдоно. Ингэснээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай, аюулгүй орноор дэлхий нийтэд зарлагдах төдийгүй тогтолцооны хувьд хамгаалалттай болж байна гэсэн үг.

Тэгэхээр юуны өмнө сүүлийн үед чих дэлсээд байгаа үйлдэл дээрээ баригдаад байгаа авлигын гэмт хэрэг, гайхмаар их хэмжээний бэлэн мөнгө, мөн хар тамхитай холбоотой хэргүүд дээрх сэжигтэй гүйлгээний, хар ба саарал жагсаалтын үндэслэлүүд юм. Терроризмыг санхүүжүүлэх гэдэг нэр томьёоны хувьд Монголоос хахь хол мэт дуулддаг байж болох ч зүсээ хувилгасан ийм хэргүүд байж болохыг, хамгийн гол нь ийм хэрэг Монголоос хэзээ ч гарахгүй гэсэн теорем байхгүй учраас анхаарлаа сулруулах учиргүй.

Түүнчлэн “хар жагсаалтын” орнуудтай харилцах явдал “халдварлах” эрсдэлтэй. Ийм орнуудын жагсаалтыг Иран, Хойд Солонгос тэргүүлж, Болив, Куба, Эквадорь, Этиоп, Гана, Индонез, Кени, Бирм, Нигер, Пакистан, Сантом, Шриланка, Сири, Танзани, Тайланд, Турк, Вьетнам, Гвиней зэрэг орнууд багтдаг. Цаасан мөнгө хаанаас ч бөмбөг болон дэлбэрч болдог” гэж мэргэжилтнүүдийн хошигнодог нь тэр.

Мөнгө угаахын тухайд саяхан болтол ямар хэргийг мөнгө угаасан гэж үзэх, энэ тохиолдолд хөрөнгө битүүмжлэх төдийхнөөр хариуцлага тооцдог байсан бол одоо Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай болж “мөнгө угаасан байж болзошгүй” гэх үндэслэлээр нэлээд тооны хэрэг шалгагдаж зарим нь тогтоогдлоо. Энэ бол ахиц. Ийм хэргийг илрүүлэх нь Монголд гэлтгүй дэлхийн аль ч оронд илрүүлэхэд хэцүү, мэдлэг шаардсан хэрэг гэгддэг. ФАТФ-ын зөвлөмжид шинэчилсэн 40 зөвлөмж бий. Үүнд 25 гэмт хэргийг мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг гэж үздэг. Тухайлбал, зохион байгуулалттай эрүүгийн гэмт хэргийн бүлэглэл болон рекет, терроризм, хүний наймаа, бэлгийн дарангуйлал, хар тамхи болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар наймаалсан хэрэг орно. Цаашлаад зэвсгийн наймаа, авлига хээл хахууль, залилан, хуурамчаар мөнгө үйлдвэрлэх, байгаль орчны, хүн амины гэмт хэрэг, хүн хулгайлах, барьцаалах, дээрэм, хулгай, хууль бусаар бараа тээвэрлэх, компанийн нууц мэдээллийг бусдад худалдах, зах зээлийн үнэд нөлөөлөх зорилгоор үнэ хөөрөгдөх зэрэг гэмт хэргийг заавал оруулахыг шаарддаг. Мөн нэг жилээс дээш жилийн хорих ялтай гэмт хэргийг мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэгт тооц гэж ФАТФ-ийн зөвлөмжид тусгасан байдаг. Ингээд авч үзвэл ямар ч хэрэг мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэрэг гэдэгт багтчихаар, хавтгайрсан гажуудал гарч мэдэхээр боловч ийм л өндөр шалгуурыг тулгадаг юм байна.

Ер нь саарал жагсаалт гэдэг нь эрсдэлийг заадаг болохоос хар жагсаалт, цагаан жагсаалт л гэж байдаг аж. Тэгэхээр тайвшрах боломжгүй. Эдийн засгийн аюултай бүс үү, аюулгүй бүс үү гэдгээ л тодорхойлуулж зарлуулж таарах нь. Монгол Улс эдийн засаг, санхүүгийн “Цагаан бүс” болж зарлагдвал хөрөнгө оруулалтын баахан форум зарлаж гигантуудыг урин дуудсан энэ үед мөн ч хэрэгтэй алхам болно. Харин арван сарын дотор амжих болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж