
Тэгвэл өнөөдрийн Иргэдийн төлөөлөгчдийн нэгдсэн хуралдаанаар уг хөтөлбөрийг олонхийн саналаар баталсан байна. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр нь шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн дэвшил, иргэдийн хүсэл шаардлага, бизнесийн орчны өөрчлөлт зэргийг оновчтой шийдвэрлэж байх цомхон бүтэцтэй, ойлгомжтой дүрэм журамтай, соёлтой шуурхай үйлчилгээтэй ухаалаг хотыг бий болгох зорилготой аж.
МАН-ын бүлгийн гишүүдээс уг төслийг дахин нарийвчлан боловсруулах шаардлагатай, түр хугацаанд хэлэлцэхийг хойшлуулья гэж байсан ч уг санал дэмжигдээгүй юм. Тэднээс “Аливаа бодлогын баримт бичиг батлахын тулд тооцоолол судалгаа хийсэн байдаг. Гол нь ултай суурьтай хийе гэснээс биш эсэргүүцээд унагаах гээд байгаа зүйлгүй шүү дээ. Зарим гишүүдийн хувьд энэ хөтөлбөрийгөө яг юуг хэлээд байгаагаа ойлгохгүй байна. Заавал завсарлага авахуулж асуудлыг хүндрүүлж байхын хувьд түр татчихаж болдоггүй юм уу” гэсэн байна. Энэхүү хөтөлбөртэй холбоотойгоор хэлсэн саналуудын олонхи нь бичилтийн алдааны тухай, засварлах чамбайруулах зүйл ихтэй байгаа тухай байв.
Хөтөлбөрийн хүрээнд Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг, Ухаалаг иргэд, Ухаалаг үйлчилгээ, Ухаалаг орчин, Ухаалаг амьдрал гэсэн чиглэлүүдээр хотын үйл ажиллагааг өөрчлөх гэнэ. Дэлхийн хөгжингүй орнуудад нэвтрүүлсэн техник, технологи, инновацийн шилдэг шийдлүүдийг хослуулан Улаанбаатар хотод нэвтрүүлэх юм.