БХЯ-ны дэргэдэх үйлдвэрүүдийг нэгтгэлээ

Хуучирсан мэдээ: 2014.03.01-нд нийтлэгдсэн

БХЯ-ны дэргэдэх үйлдвэрүүдийг нэгтгэлээ

Батлан хамгаалах яам /БХЯ/-ны харьяа аж ахуйн нэгжүүдийг нэгтгэн “Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл” болгож өөрчиллөө. Тодруулбал, тус яамны дэргэдэх бүх төрийн өмчит компаниудыг нэгтгэн, шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллахаар болж байгаа юм байна.

БХЯ-ны харьяанд шинээр байгуулсан төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын орон тооны хязгаарыг тогтоож, бүтэц, дүрмийг баталж мөрдүүлэхийг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэд үүрэг болгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ. Тус яамны харьяанд цэргийн дүрэмт хувцас үйлдвэрлэлийн "Бөртэ", цэргийн амралтын "Багабаян-Энхийн төлөө цогцолбор төв", байлдааны зориулалттай сум, галт хэрэгсэл, зэвсэглэл техникийн экспорт, импорт, засвар үйлчилгээний "Транссэргэлт", барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэлийн "Монгол цэрэг констракшн", хамтарсан хөрөнгө оруулалттай "Батпромимпекс", батлан хамгаалах салбарын барилга байгууламжийн гүйцэтгэлд хяналт тавих "Барилга захиалагчийн алба" зэрэг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд ажиллаж байсан юм. "Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл"-ийг байгуулахад улсын төсвөөс ямар нэг зардал гарахгүй бөгөөд цаашид үйл ажиллагааны орлого, гадны хөрөнгө оруулалтаар өөрийгөө санхүүжүүлэн ажиллах юм.

Ш.ОЧ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж