Увс аймгийн Өлгий суманд газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.07-нд нийтлэгдсэн

Увс аймгийн Өлгий суманд газар хөдөлжээ

Өнгөрсөн долоо хоногт Өвөрхангай аймагт 3.6 магнутын газар хөдөлсөн тухай бид мэдээлж байсан. Гэтэл өчигдөр Увс аймагт газар хөдөлжээ. Энэ тухай болон орон нутагт байдал ямар байгаа талаар тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дээд ахмад Я.Чулуунбаатараас тодрууллаа.

-Танай аймгийн хоёр суманд газар хөдөлсөн гэсэн мэдээлэл ирлээ?

-Бямба гаригт манай аймгийн Өлгий сумын Чаргат багийн Шувуу хар багт газар хөдөлллөө. Одоогийн байдлаар хэдэн магнутын газар хөдөлснийг мэдээгүй байна. Эзгүй хээр тал учир ямар нэгэн хохирол учраагүй.

-Баруун аймгуудад өвөлжилт хүнд байна. Танай аймагт хэдэн толгой мал хорогдоод байгаа вэ?

– Өвөлжилт хүнд байгаа. Аймгийн хэмжээнд бэлтгэсэн өвс тэжээлээ дуусаад одоо улсын нөөцөөс ирүүлсэн өвс тэжээлээ хэрэглэж эхэлсэн. Цас ихтэй байгаа учир олон мал хорогдож байна. Өнөөдрөөс цаг агаар бага зэрэг дулаарч эхэллээ. Гэхдээ үе үе хүчтэй цасан шуурга шуурч байгаа нь хүндрэлтэй байна. Өчигдөр хийсэн мэдээллээр  аймгийн хэмжээнд бог, бод нийлсэн 165 мянган толгой мал хорогдсон.

-Томуугийн тархалт хэр байна. Зарим аймагт хөл хорио тогтоох  тухай яригдаж байгаа юм билээ?

-Энэ жил аймгийн хэмжээнд дулаанаар хангалттай хангаж чадахгүй байна. Учир нь уурын  зууханд  гэмтэл гарч доголдсоноос нийтдээ хүйтэн өвөлжиж, ханиад томуу элбэгшиж эхэлсэн. Аймгийн эмнэлгийн ачаалал нэмэгдэж, ор хүрэлцэхгүй байгаа бөгөөд томуу өвчинд  0-5 насны хүүхдүүд  илүү их өртөж байгаа. Одоогоор хөл хорио тогтоох хэмжээнд хүрээгүй байгаа.
Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж