-ОССК-аас банкинд ирүүлсэн 4000 гаруй харилцагчийн материал ирсэн. 4000 хүнд зээл ол-гоход 220 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайгаас Засгийн газар 80 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэж өгсөн. Үүгээр 1700 хүнд л хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох боломжтой. Өнөөдрийн байдлаар 1500 гаруй харилцагчийн зээлийг шийдвэрлээд байна. Үл-дэгдэл 200 хүний асуудлыг шийдэх боломж байгаа.
-Банкаар дамжихад дэндүү удаан байна. ОССК-аар дамжуулж хийх хэрэгтэй гэж байгаа. Ийм боломж байгаа юу?
-Зээл олгоно гэдэг нэг хэрэг. Зээлийн эрсдлийг удирдана гэдэг өөр хэрэг шүү дээ. Орон сууцны зээл гэдэг бол зээл олгох үйл явц нь зээлийн эрсдлийн удирдлагатайгаа хамт байдаг цогц асуудал юм. Зөвхөн зээл олгох өнцгөөс нь харвал ОССК-аар дамжих нь илүү хурдан, илүү эерэг харагдаж магадгүй. Гэхдээ энэ зээлийн эрсдлийг 20 жилийн хугацаанд удирдана гэвэл ОССК-аар дамжих нь бололмжгүй зүйл. Тийм болохоор энэ зээлийг цаашдаа ном журмын дагуу явуулъя гэвэл мэргэжлийн байгууллагаар дамжуулж олгох нь зөв байх.
-Гэхдээ ОССК-аар дамжуулъя гэж иргэд их ярьж байгаа шүү дээ. Тэгээд ч өмнөх 4000, 40 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг ОССК амжилттай хэрэгжүүлсэн?
-Өмнөх 4000 хүний зээлийг ОССК шийдсэн байлаа гэхэд одоо ч тэр нь тодорхой биш байгаа байхгүй юу. Ер нь орон сууцны зээл таван жилийн дараа л эрсдэл нь үүсдэг. Тэр зээлийг олгоод хоёр жил л болж байна. Тийм учраас эрсдэл нь мэдрэгдээгүй байгаа гэсэн үг. Таван жилийн дараа энэ зөв байж уу, үгүй гэдэг нь аяндаа гараад ирнэ.
-Ер нь нэг хүний өргөдлийг шийдэхэд хэр хугацаа ордог юм бэ. Иргэдийн зүгээс аль дөрөв, тавдугаар сард материалаа өгсөн. Одоо болтол шийдэгдээгүй байх боломжгүй гэж ярьж байгаа. Тэгэхээр нэг зээлийг шийдэх хугацааг тодорхой хэлэх үү?
-Энэ чухал асуудал. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртэй холбоотойгоор аваад үзвэл үүнд хөндлөнгийн хүчин зүйл их байгаа. Мөнгө нь орж ирдэггүй. Жишээ нь 80 тэрбум төгрөг эхлээд 20, дараа нь гурван удаа 10, тэгээд 30 тэрбум төгрөг гээд таван удаа цуварч орж ирж байгаа юм. Үүнээс болж цаг алдаж байгаа тал бий. Эхний 20 тэрбумаар эхний хүмүүсийн асуудлыг шийдээд л дуусчихаж байгаа юм. Тэгээд мөнгө нь дуусчихаар хүлээж байгаад л дараагийн 10 тэрбум орж ирэхээр шийдээд явна. Энэ нь зүгээр зээлийн энгийн цикл хугацааг алдагдуулчихаж байгаа байхгүй юу. Гэхдээ энгийн банкны харилцагчийн зүгээс зээл хүсч байгаа тохиолдолд манай дээр энэ процесс их удаан байсан. Бараг хоёр, гурван сар болдог байсан. Бид сая зээлийн бодлогодоо өөрчлөлт оруулаад, 14 хоногт шийддэг байхаар тогтлоо. Одоо Төрийн банкин дээр зээл хүсээд ирж байгаа хүний хувьд материалаа бүрэн бүрдүүлээд ирчихвэл түүнээс хойш 14 хоногт шийдвэр гарна.
-Орон сууцны зээл гэж үү?
-Бүх төрлийн зээл.
-1700 хүний хөнгөлөлттэй зээлийг олгоход шаардлагатай 80 тэрбум төгрөгийг төрөөс олгосон. Гэтэл зээл хүсэж байгаа, өөрсдийгөө зээлийн шаардлага хангасан гэж үзэж байгаа 2000 гаруй иргэн байна. Тэднийг зүгээр л зөнд нь орхих уу Эсвэл Төрийн банк өөрөө нөөц бололцоогоо дайчлаад ч юм уу, зээлийг бүрэн шийдэх бололцоо байгаа юу?
-Өмнө нь 4.6 тэрбум төгрөгийн нөөцөөрөө Төрийн банк олгож байсан юм билээ. Гэхдээ энэ чинь хоёр өөр үнэтэй зүйл. Төрийн банкны өөрийн мөнгө гэдэг бол энгийн харилцагчдын л банкинд хадгалуулж байгаа мөнгө шүү дээ. Энэ мөнгө бол өндөр зардалтай. Жилийн 12-18 хувийн хүүтэй мөнгө. Ийм хүүтэй мөнгөөр бид зургаан хувийн хүүтэй зээл олгоно гэдэг бол боломжгүй зүйл. Тийм учраас одоо өөрийн эх үүсвэрээр зээлийг олгох бололцоо байхгүй.
-Ер нь энэ хөтөлбөр яагаад бүтэлгүйтчихэв ээ. Та банкны салбарын хүний хувьд хэрхэн харж байна вэ?
-Хөтөлбөр бүтэлгүйтсэн нь хэд хэдэн үндсэн шалтгаантай. Нэгдүгээрт, моргейжийн зах зээл буюу орон сууцны зах зээлийнхээ үндсэн зарчмуудыг гажуудуулчихсан. Хамгийн эхэнд орон сууцны зээл гэдэг бол бэлэн болчихсон орон сууцыг зээлээр худалдан авах тухай асуудал. Гэтэл энэ журмаараа бид 50 хувиас дээш гүйцэтгэлтэй бол орон сууцны зээлээр авч болно гээд заачихсан. Энэ ямар байдал үүсгэсэн бэ гэхээр нөгөө хүн зээлээ авчихсан байж байдаг. Орон сууцаа ашиглалтад орохыг хүлээгээд хүүгээ зээлтэйгээ төлөөд явж байгаа. Өнөөдрийг хүртэл барилга нь дуусаагүй компаниуд байна. Тэнд захиалга өгсөн хүмүүс хохирч байгаа юм. Тэгэхээр шинэ хөтөлбөрт бэлэн болчихсон байрыг л хамруулах нь зөв байх. Хоёрдугаарт, орон сууцны зээлийн өөрийнх нь үндсэн зарчим нь тухайн иргэн банкин дахь харилцах дансандаа урьдчилгаа төлбөрөө байршуулдаг. Зээлээ хүсэхээр нь банк зээлийг олгохдоо урьдчилгаа төлбөрөө байршуулсан дансанд нь олголт хийдэг. Ингээд харилцах дансандаа мөнгө нь 100 хувь орохоор орон сууцны компани руу шилжүүлдэг процедуртай. Ийм процедурыг алдагдуулаад, урьдчилгаа төлбөрийг шууд компанид өгдөг болгочихсон. Үүнээс болоод нэг хэсэг хүмүүс урьдчилгаагаа компанид төлчихсөн. Банкинд юу ч байхгүй, ийм байдалд хүрчихсэн. Нөгөө компаниас урьдчилгаагаа авах гэхээр алданги тооцно гээд айлгачихсан. Энэ бол гажуудал. Гурав дахь гэж хэлж болох зүйл нь юу гэхээр хөтөлбөрөө анхнаас нь тооцоо судалгаатай, зах зээлийнх нь жам ёсны харилцаагаар явуулах ёстой байсан. Тэгэхээр Засгийн газар тогтоол гаргаад 249 компанийн нэр заагаад өгчихсөн. Эдгээр компанийн аль нэгээс нь авбал, энэ зээлд хамрагдаж болно гээд. Өнөөдөр 249 компаниас буцаагаад судлаад үзэхээр 113 нь л орон сууц барьсан байгаа юм. Ямар нэгэн байдлаар гүйцэтгэлтэй, явж байгаа. Цаана нь үлдэж байгаа 136 компани барилгаа эхлээгүй. Энэ бас нэг гажуудал. Нөгөө талаас 113 компанийн хүрээнд л зах зээлийг хумиад өгчихөөр нөгөө компаниуд үнээ өсгөх боломжтой. Хажууд нь Засгийн газрын тогтоолд ороогүй компани бага үнэ хэлээд энд оръё гэхэд боломжгүй байх жишээтэй. Ингээд чөлөөт зах зээлийг хязгаарлачихсан. Үүний үр дүнд орон сууцны үнэ өсөөд, иргэддээ хохиролтой болчихсон л хөтөлбөр шүү дээ.
-Одоо энэ хөтөлбөрийн ачааг зөвхөн Төрийн банкинд үүрүүлэхгүйгээр бусад арилжааны банкуудад шилжүүлье гэж байна. Ийм боломж байгаа юу?
-Байгаа. Хоёр үндсэн зарчмын өөрчлөлт хийх ёстой гэж бодож байгаа. Эхнийх нь барилгын компаниудын хувьд зүгээр л чөлөөт өрсөлдөөн бий болгочих хэрэгтэй. Хэн орж ирэхийг хүснэ тэр нь орж ирж болно. Юугаар өрсөлдөх вэ, метр квадратынхаа үнээр л өрсөлдөнө. Метр квадратынх нь үнэ хамгийн бага компаниас та байраа ав, тэгээд зээлээ ав гэдэг зарчмыг тогтоогоод өгчихвөл барилгын үнэ өсөхгүй шүү дээ. Хоёрдугаарт, арилжааны банкуудын дунд чөлөөтэй өрсөлдөөн бий болгочих. Тэгээд арилжааны банкууд уралдаад эхэлнэ.
-Тэгэхээр хүү буурах нь ээ?
-Хүү буурах уу, үгүй юу гэдэг асуудал түүхий эдийнхээ үнээс хамаарч байгаа. Тэгэхээр арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр олгож байгаа зээлийн хүү яагаад өндөр байна вэ гэхээр эх үүсвэрээ бүрдүүлж, иргэдээс авч байгаа хадгаламжийн хүү өндөр байгаа юм. Өндөр зардалтай хадгаламж авч байгаа учраас өндөр хүүтэй зээл гаргаж байна. Энэ хөтөлбөрийн хувьд зардлыг нь бууруулаад засаг мөнгө гаргаад өгч байгаа учраас хүүг харьцангуй бууруулах боломжтой. Гэхдээ энэ хөтөлбөрөөс Засгийн газар алдагдал хүлээж байгаа. Зарим хүмүүс Төрийн банк зургаан хувийн хүүтэй зээл олгочихоод, засгаас зургаан хувийг төлөхөөр, нийлээд 12 хувийн хүүтэй юм шиг ярьж байгаа. Гэтэл бодит байдал дээр ийм юм огт байхгүй. Төрийн банк зургаан хувийн хүүтэй зээл олгож байгаа. Зургаан хувийн орж ирсэн орлогын гурван хувийг Засгийн газарт өгч байгаа. Үлдсэн гурван хувь нь банкны орлого болж үлдэж байгаа. Харин засаг энэ мөнгийг бүрдүүлэхийн тулд 7.87 хувийн хүүтэйгээр эх үүсвэрээ олж ирж байна. Үүнийхээ гурван хувийг л засаг эргүүлэн олж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 4.87 хувийн хүүгийн алдагдлыг Засгийн газар хүлээгээд явж байгаа.
-Түүнийг яах вэ?
-Цаашдаа энэ хөтөлбөрийг амжилттай явуулахын хувьд эх үүсвэрээ зөв бүрдүүлэх хэрэгтэй. 7.87 хувийн хүүтэй олж байгаа мөнгөө илүү бага хүүтэй олох хэрэгтэй. Тэгж байж хүү багасч, засагтаа ч, хувь хүндээ ч алдагдалгүй болно. Нөгөө нэг зүйл нь эцсийн хэрэглэгчид очиж байгаа зээлийнхээ хүүг өсгөх ёстой. Тэртэй тэргүй иргэдийн нуруун дээр 12-18 хувь болж очоод байхад үүнийг найм болгоод өсгөчихвөл банкууд орж ирэх боломжтой.
-Та өмнө нь хувийн хэвшлийн банкинд ажиллаж байсан. Харин одоо Төрийн банкинд, нэг ёсондоо төрд ажиллаж байна. Хэр ялгаатай байна вэ. Магадгүй Төрийн банкны удирдлагуудад их дарамт ирдэг байх?
-Төрийн банк, хувийн банк хоёрт ганц л ялгаа бий. Өмчийн эзэн нь хэн бэ гэдгээрээ л ялгаатай. Бусад үйл ажиллагаа, процесс бол яг адилхан. Тэгэхээр төрийн банк учраас дарамт ихтэй гэсэн ойлголт байдаг. Хувийн өмчийн банкинд ч бас дарамт их байдаг. Ялгаа байхгүй. Харин нэг сайн зүйл нь юу гэхээр Төрийн өмчийн банк учраас төр зээл авдаггүй. Хувийн өмчийн банкин дээр бол эзэд нь зээл авдаг. Энэ бол маш их дарамт болдог. Тэгэхээр дарамтгүйгээр ажиллах орчин энд байгаа. Одоогоор надад ямар нэгэн байдлаар ирсэн дарамт алга. Үйл ажиллагаа сайжруулах шаардлагатай. Төрийн өмчийн банк гэдэг утгаараа харилцагчийн үйлчилгээ тааруу, удаан, чирэгдэлтэй, хүнд сурталтай гэх зэрэг зүйлүүд байгаа нь нууц биш. Эдгээрийг өөрчлөх эхний өөрчлөлтүүдээ хийчихсэн.
-Гэхдээ иргэд Төрийн банкинд итгэхгүй байна. Танил талаараа дамжуулж, орон сууцны хөтөлбөрийг ашиглаж, өөрсдөдөө зээл олгож байгаа, эсвэл удирдлагууд нь авлига авдаг гэхчлэн маш ихээр хардаж байгаа. Та энэ банкны захирлын хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?
-Төрийн банк нээлттэй, ил тод, тунгалаг, шударга байх зарчим барьж ажиллаж байгаа. Тэгэхээр ийм тодорхой асуудал үүсч байгааг гаргаж чадаж байгаа нь шударга, ил тод байгаагийн нэг шинж юм. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хувьд банкны удирдлагууд болон ажилтнууд мөнгө төгрөг авсан, идсэн гэдэг бол ташаа ойлголт гэдгийг хэлэх хэрэгтэй. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Төрийн банкинд 80 тэрбум төгрөгийн эх үүсвэр орж ирсэн. Тэр эх үүсвэрийн хэмжээнд л зориулалтын дагуу зээл олгож байгаа. Сүүлийн үед 705 хүний нэртэй жагсаалт яригдаж байна. Энэ жагсаалтад танил талаар, арын хаалгаар орсон хүн байж болзошгүй гэсэн хардлага иргэдийн дунд бий. Тийм учраас бид дээрх 705 хүнд баригдахгүйгээр банкинд материал бүрдүүлж өгсөн жагсаалтын дагуу эхний 1700 хүнд л төрөөс шийдэж өгсөн 80 тэрбум төгрөгийн эх үүсвэрийн хүрээнд зээл шийдэгдэнэ гэсэн зарчмаар явж байгаа. Тиймээс 705 иргэдийн жагсаалтад байгаа боловч эхний 1700 иргэнээс хойш байгаа иргэд хасагдаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 160 хүнийг энэ жагсаалтаас хасчихаад байна. Банкинд хэзээ материалаа бүрдүүлж, хандсан хандалтаар нь эхний 1700-д багтсан хүмүүст зээл олгогдоно гэсэн үг.
-Ярилцсанд баярлалаа.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин