МИАТ-ийн хэрэгт холбогдуулан есөн хүнийг хорив
МИАТ-ийг тойрсон асуудал хурцдах шинжтэй болоод байна. Олны анхаарлыг ихэд татаж байгаа уг төрийн өмчит компанийн хууль бус үйлдлийг илчилж буй хуулийнхан болон холбогдох газрууд яг ойд түймэр тавьсан мэт хүчээ аван ажиллаж байна. Шалгалтын эцсийн дүн яг ямар гарахыг хэн ч таашгүй нь. Идэж ууснаа ил гаргах дургүй, үргэлж нуувчинд хөрөнгөө нууж, олны өмнө юу ч хийгээгүй, хэрэгт хутгалдаагүй хэмээн гүрийж суугаа эрхмүүдийг айдаст автуулсан үйл явдал үргэлжилж байна.
Өчигдөр л гэхэд МИАТ-ийн даргаар 2005-2010 онуудад ажиллаж байсан Б.Эрдэнэбилэгийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьжээ. Түүнийг мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж эхлэх бөгөөд өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхэд нь баривчилсан байна. Одоогоор есөн хүнийг цагдан хориод байгаа юм.
МИАТ-ийн арав гаруй тэрбум төгрөгийг угааж, өөрсдийнхөө дансанд хийсэн нөхдүүдийг шалгахын зэрэгцээ ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхийг АТГ-т шалгаж эхлээд байгаа ч дээрх хэрэгт холбогдуулан бас шалгаад эхэлсэн гэнэ. Түүнийг зууралдсан ажлаас нь бараг хүчээр буулгасан билээ. Олон жил албан тушаалын суудалтайгаа зууралдсан энэ хүн сая л нэг юм үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм. С.Батмөнх ИНЕГ-ын даргаар ажиллаж байхдаа улсын өмч хөрөнгөөр хувьдаа тансаглаж, ажилчдаа дэмжих нэрээр их хэмжээний мөнгө тарааж, хөрөнгө шамшигдуулдаг байсан нь АТГ-ын шалгах эрх бүхий албан хаагчдын чихний хажуугаар чимээгүй өнгөрөөгүй юм. Хамгийн наад захын жишээ хэлэхэд ИНЕГ өнгөрсөн жил л гэхэд гадаад улсад явах томилолтод нэг тэрбум 248 сая төгрөг зарцуулжээ. Гурван жилийн өмнө түүнийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг ноцтой зөрчиж, зориулалтын бус зүйлд зарцуулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч МАН-ын гишүүн учир хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юмдаг. ИНЕГ өнгөрсөн хугацаанд 14 тэрбум төгрөгийг байрны дэмжлэг нэрийдлээр тараасан баримт хууль хяналтынханд цуглаад байгаа аж.
Ер нь МИАТ, ИНЕГ үргүй зардал их гаргадаг хэмээх шүүмжлэлийг байнга дагуулдаг. Тэр ч бүү хэл, гадаад дахь төлөөлөгчдийн орон тоо хэтэрч оны өмнө хэд хэдэн хүнийг цомхтгосноор МИАТ-аас 600 сая төгрөгийг хэмнэж байгаа гэдгийг Зам, тээврийн сайд А.Гансүх ярьсан билээ. Тэрбээр цаашид ч гадаад дахь төлөөлөгчдөөс цомхтголд оруулж, орон тоог цөөлнө гэдгээ хэлж байв.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу