Ц.Хүдэрчулуун: Хэн бэлтгэл сайтай байгаа нь л түрүүлэх байх даа

Хуучирсан мэдээ: 2012.07.04-нд нийтлэгдсэн

Ц.Хүдэрчулуун: Хэн бэлтгэл сайтай байгаа нь л түрүүлэх байх даа

Үндэсний их баяр наадам эхлэхэд ердөө л зургаан хоног үлджээ. Баяр наадмын салбар хороод дор бүрнээ хариуцсан ажлаа чадлаараа л яаравчилж байна. Бөхчүүд бэлтгэлээ улам чамбайруулж, уяачид хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, харваачид нумаа хөвчлөн татаж Монгол Улс эрийн гурван наадмаар амьсгалж байна. Үндэсний их баяр наадмын салхийг жил бүр сур харваачид хагалдаг уламжлалтай. Сурчид энэ сарын 7-ноос урианхай сурын харваагаар наадмыг эхлүүлж байгаа. Тэгвэл тэдний бэлтгэл ямар байгааг сонирхлоо. Энэ жилийн наадамд 350 гаруй харваач оролцоно гэсэн урьдчилсан таамаг бий. Тэдний нэг нь Монгол Улсын гоц мэргэн, “Бурхан халдун” группийн харваач Ц.Хүдэрчулуун багтсан нь дамжиггүй. Тэгвэл түүний бэлтгэл хэр жигдэрснийг сонирхлоо.

-Наадам ойртож байна. Таны хувьд хэзээнээс бэлтгэлдээ гарав. Бэлтгэл хэр байна вэ?

-Зургадугаар сарын 1-нээс гарсан. Бэлтгэл дажгүй л байна. Ер нь өмнөх жилүүдийг бодвол гайгүй байгаа шүү.

-Таны бодлоор энэ жил харваачдын чансаа хэр байна вэ?

-Сайн байгаа. Ер нь их хүчтэй харваачид их оролцох байх. Энэ утгаараа өрсөлдөөн нэлээд ширүүн байх болов уу. Дан залуучууд гэхгүй ахмад тамирчид маань ч бэлтгэл сайтай байгаа.

-Наадмын өнгийг тодорхойлох харваачийг нэрлээч гэвэл?

-Үүнийг урьдчилан таамаглах боломжгүй юм. Хэн бэлтгэл сайтай байгаа нь түрүүлэх байх даа.

-Шавь нараас тань найдлага түрүүлэх магадлалтай залуу харваач байна уу?

-Үнэхээр бэлтгэл сайтай байвал түрүүлж болно шүү дээ. Миний шавь дундаас улсын наадамд шагнал авсан залуу сайн харваачид ч бий. Тэд нартаа илүү найдаж байгаа. Сурын харвааны амжилт цэвэр бэлтгэлээс хамаардаг. Тиймээс аз таарна гэсэн ойлголт байхгүй.

-Таныг тэргүүн байр булаалдана гэж ярилцах хүмүүс байгаа?

-Тийм үү, тэгвэл ерөөлөөр болог. Бэлтгэл сайн ханавал түрүүлж мэдэх л юм. Ер нь ямар ч хүн түрүүлэхийн төлөө л зүтгэдэг шүү дээ.

-Ингэхэд анхны түрүүгээ хэдэн онд авч байв?

-Би анх 1975 онд 10 настайдаа ааваараа сур харвахыг заалгаж байлаа. Түүнээс зургаан жилийн дараа буюу 1981 онд улсын наадмын хүүхдийн харваанд түрүүлж байсан. Энэ бол миний анхны түрүү. Түүнээс хойш 1987, 1994, 2002 онуудад түрүүлсэн.

-Сур харваа гурван төрлөөр болно. Та бүгдэд оролцох уу?

-Энэ сарын 7-нд Урианхай харваагаар эхлэх юм. Үргэлжлээд буриад сурын харваа болно. Дараа хүүхдийн харваа. Харин манай халх сур харваа нь 10-наас эхлэнэ дээ. Ер нь бол халх сурын харваа гэдэг маань их сур харваагаа хэлээд байгаа юм. Энэ нь баяр наадмын гол сур харваа. Миний хувьд бүгдэд нь оролцох үгүйгээ шийдээгүй л байна.


М.Батгэрэл: Шавь нартаа л илүү найдаж байна

Монголын баруун хязгаараас баяр наадамд оролцохоор бэлтгэлээ базааж буй улсын мэргэн Баян-Өлгий аймгийн харваач М.Батгэрэлтэй цөөн хором хөөрөлдөв.

-Хэзээнээс бэлтгэлдээ гарсан бэ. Аймгаасаа хэдүүлээ ирэв?

-Наадмын бэлтгэлийг нутагтаа хэд хоног хийсэн. Харин одоо Ц.Хүдэрчулуун мэргэний багийнхантай хамт бэлтгэлд гараад байна даа. Яг үндсэн бэлтгэлд гараад удаагүй байгаа. Одоогоор арав гаруй харваач ирсэн. Наадмын өмнө хэсэг тамирчид ирэх байх.

-Өрсөлдөгч харваачдыг харахад бэлтгэл хэр сайн байна вэ?

-Цуг бэлтгэл хийж байгаа харваачдыг харахад их сайн байна. Ер нь ихэнх харваачид багаараа хотоос гарч бэлтгэл хийж байгаа юм билээ. Энэ нь ч дээр байх. Өрсөлдөгчид их хүчтэй байгаа. Ц.Хүдэрчулуун мэргэний багтай цуг бэлтгэл хийж байхад бүгд л их сайн харагдсан.

-Та өөрийн хувийн амжилтаасаа дурьдвал?

-Их олон амжилт бий. Улсын баяр наадамд 1998 онд түрүүлсэн, Баруун бүсийн даншиг наадамд түрүүллээ, Урианхайн баяр наадамд хоёр удаа түрүүлсэн гээд л үргэлжлэнэ дээ.

-Та анх сур харвахыг хэнээр заалгаж сурсан бэ?

-Ер нь манай Урианхайчуудын нэг онцлог бий. Хүүхдүүдээ багаас нь сур харвахыг зааж, сургадаг. Урианхай хүүхэд бүр л өөрийн гэсэн нум сумтай. Миний хувьд бол сургуулиа төгсөөд, цэрэгт яваад ирэхдээ 1993 оноос албан ёсоор сур харваж эхэлсэн. Тэгээд 1998 онд анх Улсын наадамд оролцсон.

-Урианхай сур нь дотроо олон хэсэгтэй юм байна, тийм үү?

-Тийм ээ. Халх сур бол 75 метрийн хасаа ононо гэдэг бол урианхай нь хоёр өртөө гээд хоёр талд нь шагай овоолоод өөрийн хийсэн сураа барина. Энэ нь 350-450 грамм жинтэй хөнгөн бөөрөнхий хэлбэрийн бөмбөг байна. Тэгээд түүнийгээ оноод цаадах өртөө гээд байгаа овоолсон шагайн дээгүүрээ давуулж байж оноогоо авна.

-Харваачид хэдэн метр зайнаас харвадаг вэ?

-Урианхай, Буриад нь 40 метр, халх нь 75 метрийн зайнаас харвана. Халх, Буриад сурд эмэгтэй хүн харвана. Урианхайд эмэгтэй хүн харвадаггүй. Урианхайд бол эрийн гурван наадам гэдэг утгаараа эмэгтэй хүн орохгүй, харин хоол ундыг нь бэлдэх зэргийг хийх үүрэгтэй.

-Та тэгвэл энэ жилийн наадамд эдгээр гурван төрлөөс аль төрөлд нь оролцох бодолтой байгаа вэ?

-Би болоод манай Баян-Өлгийнхөн бүх төрөлд оролцоно. Шавь нар маань аль ч төрөлд амжилттай байгаа.

-Хэчнээн шавьтай вэ?

-Олон шавьтай. Өлгийд тэмцээн болоход 200 орчим харваач оролцоход тэдний 60 нь миний шавь байсан шүү. Манай Буянт сум аймагтаа төдийгүй улсдаа нэртэй харваачидтай байдаг. Шавь нараас улсын мэргэн Баярсайхан гэж залуу бий. Тэр маань улсад нэг түрүүлж, хоёр үзүүрлээд байгаа. Мөн урианхай сурын улсын мэргэн Алтансум, улсын мэргэн Эрдэнэбилэг гэх мэт 20 орчим шавь байгаа.

-Сур харваагаар хичээллэх сонирхолтой залуус ихэссэн байна. Тэдэнд зориулаад зөвлөвөл?

-Тамирчин хүн ямар байх ёстой тэр бүхий л чанар байх хэрэгтэй. Гүйлт, бие бялдар, хүч чадал хэрэгтэй мэдээж тэвчээр хатуужил сайн байх, өдөр тутмын бэлтгэл гээд л угаасаа сур харваа нь хүнд спортдоо орно л доо. Тиймээс хувь хүний хичээл зүтгэл их шаарддаг.

Б.УЯНГА

“СПОРТЫН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж