УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцсэн сүүлийн асуудал хамгийн их хэл ам дагуулсан юм.
Хэлэлцэх асуудал Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслүүд байсан боловч эдгээр асуудлыг хойшлуулах хүсэлтийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг гаргаснаар танхимд хэрүүл эхлэсэн юм.
Сонгуулийн жил эхэлж байгаатай холбоотойгоор бүхий л халамжийн бодлогоос түдгэлзэх хэрэгтэй гэдэг үүднээс АН энэ хуулийн төслийг хэлэлцэхээс завсарлага авсан нь гишүүн, НББСШУ-ын байнгын хорооны дарга Д.Очирбатын ундууцлыг хүргэж “нийгэмд тулгамдсан, яаралтай шийдвэрлэх ёстой маш олон хуулиуд хүлээгдэж байхад яагаад асуудлыг хэлэлцэхгүй завсарлага авах гээд байгаа юм бэ. Асуудлуудыг чуулганаар хэлэлцье гээд оруулж ирээ биз дээ” гэв.
Хариуд нь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Битгий хавтгайруулаад бай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхдээ таван гишүүн суулгаж байгаад асуудлыг шийдсэн биз дээ. Байнгын хорооны даргын хувьд энэ асуудлаа цэгцлээгүй байж жижиг улстөр хийж, бүх бурууг АН-д тохох гээд бай” гэж анхааруулав.
Тэр хоёрыг ийн маргаж суухад гишүүн Н.Ганбямба нэг зүйлийг тодруулж, өөрөөр бол дунд нь “яс хаяж” маргааныг бүр хөгжөөв. Тэрээр Ч.Сайханбилэгээс “Нэг том бөх шиг биетэй хүн матрын нулимс унагаад гээд байсан. Үүгээрээ хэнийг хэлсэн юм бэ” гэж асуулаа. Энэ нь өмнө нь АН-ын удирдлагуудын хийсэн хэвлэлийн хурлын үеэр “Эхчүүдээс мөнгө харамлаад байгаа мэт ойлголт төрүүлэх хүмүүс улс төр хийж байгаа тухай” мэдэгдэлдээ ийн хэлснийг нь хэлж буй аж. Ч.Сайханбилэг үүнд нь хариулаагүй ч, Д.Очирбат гишүүн өөрийг нь хэлсэн гэж хүлээн авсан бололтой “Ч.Сайханбилэг ээ, тэгж яривал би чамайг сүүмийсэн гэж хэлдэггүй биз дээ” хэмээн гомдоллов. Тэгээд зогсохгүй өмнө нь дуусгаагүй орхисон хэрүүлээ үргэлжлүүлж “Чам шиг би хуралдаан дээр 50 грамм энэ тэр гэж элдэв юм ярьдаггүй л байх шүү” гэлээ. Ингэж хэлэх болсон нь өмнө байнгын хорооны хуралдаан дээр өөр асуудал хэлэлцэх үеэр энэ хоёр мөн л маргалдахад Ч.Сайханбилэг “Битгий олон юм яриад бай. Би чам шиг 50 грамм татчихаад хурал дээр орж ирдэггүй” гэж дуугүй болгож байсан юм.
Ингээд УИХ-ын дарга АН-ын саналыг хүлээн авч асуудлыг хойшлуулах бус уг асуудлаар тус бүлэгт завсарлага өгөхөөр шийдвэрлэсэн ба эдгээр асуудлыг эхлээд даргын зөвлөлийн хуралдаанаар оруулсны дараа чуулганы хуралдаанд оруулахаар болсон юм.
Мөн өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төслийг Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг дагалдан өргөн мэдүүлсэн юм.
Эрүүгийн хуулийг боловсронгуй болгох үүднээс гишүүдээс нэлээд хэдэн хуулийн төсөл өргөн барьж, Хууль зүйн байнгын хороон дээр ирсэн байгаа ба энэ сарын 20-ноос энэ чиглэлээр томоохон хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.
Энэ талаар хууль санаачлагч гишүүн Х.Тэмүүжин “Асуудлыг цогцоор авч үзэх үүднээс хэд хэдэн хуулийн төсөлд өөрчлөлт оруулсан ба зөвхөн сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийн хүрээнд 30 гаруй заалт тусгаж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд, Авлигын эсрэг хуульд мөн өөрчлөлт оруулснаар Авлигатай тэмцэх газраас бодитой үр дүн шаардах боломж бүрдэж байгаа” хэмээн тайлбарлалаа.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Балдан-Очироос Монгол Улсын өрх бүрээс хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг болох тухай, зөвхөн 46 мянган төрийн албан хаагчийн хөрөнгө оруулгын мэдүүлэг авснаар авлига, хээл хахуультай тэмцэж үр дүнд хүрч чадахгүй гэх санааг илэрхийлэв.
Харин гишүүн Х.Тэмүүжин өгсөн тайлбартаа “Төрийн албан хаагчдын орлогыг бүрэн хянаж чадаагүй байж иргэдээ хянана гэвэл зөрчил үүснэ. Өнөөдөр төрийн албан хаагч зөвхөн цалингаар амьдардаг байж компанийн эздээс чинээлэг амьдарч байна. Иймд эхлээд үүнийг шийдээд, дараа нь хувь иргэдийн асуудал руу орох хэрэгтэй. Мөн нэг талдаа шүүх байгууллагууд өөрслөө авлигажсан учир худалдагдсан, нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулиа боловсронгуй болгох шаардлагатай” гэлээ. Ингээд Хууль зүйн байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжихээр боллоо. Энэ үеэр олон нийтийн сонирхож буй нэгэн асуултын хариу гарсан нь оюутнуудын тэтгэлгийн тухай байв. Тэтгэлгийг хэзээнээс олгож эхлэх, өнөөдрийн байдлаар их, дээд сургуулийн тоо хэд болсон, оюутны төлбөр цаашид буурах уу гэсэн асуудлыг гишүүд хөндөж байсан ба БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр өгсөн тайлбартаа “Үндэсний болон Урамшуулалт гэсэн хоёр тэтгэмжийг оюутнуудад олгохоор байгаа. Үндэсний тэтгэмжийг хууль батлагдсаны дараа Засгийн газрын журам гарч, энэ нэгдүгээр сардаа багтаан олгоно. Одоо 94 их, дээд сургуульд 150 мянган оюутан суралцаж байна. Оюутны сургалтын төлбөр буурах тухай асуудал байхгүй. Харин сургалтын чанар, орчин, нөхцлийг сайжруулах чиглэлээр ажиллана” гэлээ.
Засгийн газраас Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулиар батлагдсан сургалтын төрийн сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулах арга хэмжээний төрөл, зарим чиг үүргийг өргөтгөж, сангийн хөрөнгийг сургалтын төлбөрийн зээл олгох, сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж үзүүлэх, төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тогтмол зардал, шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулсан төсөл, хөтөлбөр, дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжил дээшлүүлэх, давтан сургах зардлыг тус тус санхүүжүүлэх тухай асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төслийг боловсруулжээ. Хэлэлцүүлгийн шатанд уг хуулийн төслийг Боловсролын тухай хуулийн төсөлтэй уялдуулан хэлэлцэх хэрэгтэй, сургалтын төрийн сангийн зардалд нэмэгдэж орж байгаа зарим зардал нь тухайлбал боловсролын байгууллагын тогтмол зардал, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал, тэтгэвэрт гарах тэтгэмжийн зардал зэрэг нь сангийн агуулгатайгаа тохирохгүй байгааг хэлэлцүүлгийн явцад анхаарч үзэх хэрэгтэйг гишүүд хэлж байлаа.