Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас өнөөдөр үдээс хойш холбогдох газруудыг оролцуулсан комиссын хуралдаан хийсэн. Улмаар шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой хурлаас гарсан шийдвэрийг тэр даруйд хэвлэл, мэдээллийнхэнд хандан тодорхой мэдээлэл хийнэ гэж байсан ч маргааш албан ёсоор мэдээлэл хийхээр болсон юм.
Яамны зүгээс болон бусад албаны хүмүүс шатахууны үнийн өсөлтийг ам.долларын ханш чангарсантай холбон тайлбарлаж буй. Сүүлийн үед ам.долларын ханш өссөөр, өнөөдрийн байдлаар ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1450 даваад байна. Тиймээс нефть импортлогч компаниуд өнгөрсөн хугацаанд багагүй алдагдалтай ажиллаж байсан тул ийнхүү шатахууны үнийг нэмэхээс өөр аргагүйд хүрсэн гэх албаны тайлбар өгч буй юм.
Шатахууны үнэ өснө гэсэн сургаар нийслэлийн төвийн болоод захын дүүргүүд дэх ШТС-ууд одоо хэр нь ачаалал ихтэй ажиллаж байна. Үнэ нэмэгдэхээс өмнө амжиж түлш, шатахуунаа нөөцөлж авах гэсэн иргэд урт дараалал үүсгээд буй юм. Хотын авто замын түгжрэл хэдийнэ саарсан байдаг үдшийн цагаар ШТС болоод ШТС-ын ойролцоох уулзварууд бухимдсан жолооч нарын хөлд дарагдаад байна.