Европын орнуудын элчин сайд нар бараалхав

Хуучирсан мэдээ: 2011.11.23-нд нийтлэгдсэн

Европын орнуудын элчин сайд нар бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Европын Холбоо, тус холбооны гишүүн 20 гаруй орны элчин сайд нар өнөөдөр бараалхав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын холбоо, түүний гишүүн орнуудын элчин сайд нартай уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд өөрийн орны улстөр, эдийн засгийн байдлыг танилцууллаа.

Ерөнхийлөгч хэлэхдээ “Европын орнуудтай Монгол Улс хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг. Монгол Улсын гадаад бодлогод танай орнуудыг гуравдагч түнш хэмээн тодорхойлсон байгаа. Энэ оны сүүлийн хагаст Финландын Ерөнхийлөгч хатагтай Таръяа Халонен , ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нарыг хүлээн авлаа. Эдгээр айлчлал хоёр талын болон Европын Холбоо, Монголын харилцааг өргөжүүлэхэд маш чухал хувь нэмэр оруулсан. Түүнчлэн аравдугаар сард би Итали, Их Британид айлчилсан. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камеронтой уулзаж санал солилцсон. Ер нь 2011 он бүхэлдээ Монголын хувьд ихээхэн чухал жил байлаа. Олон түүхт ой тэмдэглэсэн. Одоо бид үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээсний 100 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Өдгөө бид арван хоёрдугаар сарын 1 гэхэд батлах ёстой 2012 оны төсвийн хуулийн төслийг УИХ-аараа хэлэлцэн ажил ихтэй байна.  Ирэх жил улстөрийн  бас чухал ач холбогдолтой он болно. 2012 оны зургадугаар сард УИХ-ын сонгууль болно. Тиймээс намууд, УИХ-ын гишүүд Сонгуулийн шинэ хууль гаргах гээд их ажилтай байгаа. Энэ хууль олон чухал сайн зүйлийг авчирна гэж бодож байгаа. Өнгөрсөн жил хүн амаа хурууны хээгээр бүртгэж авсан. Ингэснээр сонгуулиар гардаг зөрчлийг арилгах, санал хураалтыг шударга болгоход дөхөмтэй байх юм. Мөн саналыг цахим тоолуураар тоолно. Энэ мэтээр сонгуулийн хуулиа сайжруулж ардчилалдаа шинэ хувь нэмэр оруулж байна. Ийм хоёр гол асуудал дээр парламент анхаарлаа төвлөрүүлж байна. Миний хувьд шүүх эрх мэдлийн шинэчлэл, сайн засаглалын асуудалд илүү анхаарч байгаа. Тухайлбал эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зургаан хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. УИХ цагаан сарын өмнө тэдгээрийг хэлэлцэж эхэлнэ гэдэгт итгэж байна. Түүний дараа Эрүүгийн болон Иргэний хуулийн шинэчлэлийг бас хэлэлцэнэ гэж бодож байна. Манай Засгийн газар Европын Холбооны стандартыг нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс энэ асуудлаар нөгөө талаас санаачилга гаргавал манай Засгийн газар тун таатай хүлээн авах болно. Таван толгойн асуудал та бүхний сонирхлыг татаж байгаа байх. Уул уурхай манай оронд том боломж, шинэ өөрчлөлтийг авчирч байна. Монголын өмнөх үеийнхэнд ийм том боломж хэзээ ч гарч байгаагүй юм. Энэ нь манай руу чиглэсэн эдийн засгийн их сонирхол, том хөрөнгө оруулалт, орчин үеийн техник технологийг Монголд бий болгож байна. Тэдгээр их сонирхол, боломжийг зөв хослуулах асуудалтай бид тулгараад байна. Гэхдээ бид Таван толгойн гэрээг сонгуулийн өмнө эцэслэнэ гэж бодож байгаа. Өнгөрсөн хорин жилд алдаа оноон дээрээ бид багагүй туршлага хуримтлуулсан. Би, мөн манай Засгийн газар ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэл дээр ажиллаж байгаа. Оюу толгойн гэрээг бас сонирхож байгаа байх. Энэ бол чухал гэрээ. Гэхдээ хөрөнгө оруулагчидтайгаа ярих асуудлууд бий. Үүн дээр бас ажиллах болно. Европт бид 11 элчин сайдын яамтай болсон. Сүүлчийнх нь саяхан Италид нээгдсэн. Энэ оноос Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалж байна. Ардчиллын боловсрол, Азийн ардчиллын түншлэлийн асуудалд анхаарч санаачилгууд гаргаад байгаа. Өөрийн орны ардчиллыг бэхжүүлэхийн сацуу шинээр гарч ирж буй ардчилагчид, тэдний авлигыг үл тэвчих, сайн засаглалыг бий болгох зэрэг санаачилгыг дэмжих бидний ээлж болсон гэж бодож байгаа. Учир нь ардчиллын бүтэлгүйдэл муу засаглал, авлигатай холбоотой байдаг шүү дээ. Арван хоёрдугаар сарын эхээр Катар, Кувейтэд айлчилна.  Дараа нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд Тунист очиж, уулзалт зохион байгуулахаар шийдээд байна. Европын Холбоо түүнд өндөр хэмжээний төлөөлөгч илгээнэ хэмээн итгэж байна. Энэ уулзалт тунисийн ард  түмний сонголтод дэмжлэг болно. Та бүхний дэмжлэгийг хүлээсэн нэг асуудал байна. Иргэний болон улстөрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж эхлээд байгаа. Үүнийг баталсны дараа холбогдох хуулиудад оруулах хуулийн төслүүдийг би бэлтгэж парламентад оруулах болно. Эцэст нь хэлэхэд Европын Холбоо, Монголын түншлэл, хамтын ажиллагааны гэрээг байгуулах асуудал чухал байна. Энэ нь хамтын ажиллагааны олон үүд хаалгыг нээх болно”  гэв.

Элчин сайд нар өөрсдийг нь хүлээн авч улс орныхоо улстөр, эдийн засгийн асуудлуудаар мэдээлэл өгсөнд хариу талархаад уул уурхай, сонгуулийн хууль, эрх зүйн шинэчлэл, НАТО, Монголын түншлэл, Европын Холбоо, Монголын харилцаа, цаазаар авах ялаас татгалзах санаачилгатай холбоотой  асуудлуудын талаар асууж сонирхлоо.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж