Монголын хөлбөмбөгийн холбоог хэн удирдах вэ гэх асуултын хариулт тун удахгүй тодрох шинжтэй. Энэ сарын эхээр тус холбооны сонгуулийн хороо хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болон зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгэж авчээ. Ерөнхийлөгчид таван хүн, зөвлөлийн гишүүнд долоон хүн тус тус нэр дэвшсэн аж. Үүнтэй холбоотой маргаан ойрын өдрүүдэд олны анхаарлыг татаж байна.
Тодруулбал, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ хүргүүлсэн Улаанбаатар Сити клубын ерөнхийлөгч асан Г.Дашням болон Ховд Уэстерн клубын удирдах зөвлөлийн гишүүн Б.Тамир нарыг сонгуульд бүртгэхээс татгалзжээ. Г.Дашнямыг сонгууль эхлэхээс өмнө сурталчилгаа явуулсан гэх үндэслэлээр хассан бол Б.Тамирыг нэр дэвших материал бүрдүүлэхдээ хуурамч бичиг баримт ашигласан гэж үзсэн гэнэ.
Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч нь тус холбооны гишүүн байгууллагын дэмжлэгийг авч, нэр дэвших ёстой аж. Г.Дашнямыг Дундговь аймгийн хөлбөмбөгийн холбоо, Хангарьд, Дэрэн, Атлетик 220, Би Си Эйч Лионс зэрэг гишүүн байгууллагууд дэмжжээ. Харин Б.Тамирыг Увс, Ховд, Дорнод аймгийн хөлбөмбөгийн холбоо, Би Си Эйч Лионс, Хоромхон, Дөчин мянгат Юнайтед зэрэг гишүүн байгууллагууд дэмжсэн ч Би Си Эйч Лионс багийн нэр дэвшихэд дэмжсэн албан бичиг хуурамч тамгатай байсан гэв.
Ийнхүү Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид дараах хүмүүс өрсөлдөж байна.
- С.ЖАРГАЛ
Цагтаа хөлбөмбөгийн холбооны "гал тогоо"-д ажиллаж, ачааны хүндийг үүрэлцэж явсан С.Жаргал өнгөрсөн жил Монголын спортын корпорацийн Спорт хариуцсан захирлаар томилогдсон. Түүний хувьд 15 жилийн турш спортын салбарт ажиллаж, дотоодын болон олон улсын олон төслүүд удирдаж, хэрэгжүүлсэн туршлагатай нэгэн. 2013 оноос хойш хөлбөмбөгийн тив, дэлхийн түвшний бүх шатны тэмцээний зохион байгуулагч, комиссараар ажиллаж байсан гэдгийг хөлбөмбөгийн хүрээнийхэн сайн мэднэ. Гэвч удалгүй хөлбөмбөгийн холбооноос холдсон гэхэд хилсдэхгүй.
- Ц.АНАНДБАЗАР
Хөлбөмбөгийн холбоог бизнес, улс төрийнхөн удирдаж байсан түүх бий. Тэдний цувааг Ц.Анандбазар үргэлжлүүлэхээр ирэх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэх шуум гарчээ. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын хувьд улс төрд орохоосоо өмнө "Сод Монгол" группын ерөнхийлөгч байсан гэдгээрээ олон танигдсан байв. Түүнийг хэдийнэ амжилтад хүрсэн бизнесмен гэдэг утгаар нь хөлбөмбөгийн холбоонд менежментийн өөрчлөлт хийж, үүсээд буй санхүүгийн асуудлыг шийдэх гарц гаргалгаа олно гэж бодож буй хөлбөмбөгийн сонирхогчид цөөнгүй байгаа аж.
- Б.ГАРЬДМАГНАЙ
Монголын хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тамирчдын нэгт зүй ёсоор тооцогдох Б.Гарьдмагнай холбооны ерөнхийлөгчид нэр дэвшжээ. Шигшээ багийн төвийн хамгаалалтыг олон жил дааж, ясны тамирчин гэдгээ харуулсан тэрбээр сүүлийн жилүүдэд дасгалжуулагчийн замналаа эхлүүлж, шигшээ баг хүртэл удирдсан. Сүүлд холбооны техникийн хэлтсийн дарга болсон билээ. Түүнийг нэр дэвшсэнд олон хүн ам сайтай байна.
- Ө.АЛТАЙ
Өнгөрсөн сонгуулиар “СП Фалконс” клубын эзэн М.Болдод ялагдсан “Ховд” клубын үүсгэн байгуулагч Ө.Алтай даагаа нэхэхээр эргэн ирлээ. Бизнес эрхэлдэг, УИХ-ын сонгуульд хүртэл өрсөлдөөд үзсэн түүний хувьд төрсөн нутгаараа багаа нэрлэж, 2018 онд үндэсний дээд лигийн түрүүг хүртсэн түүхтэй.
- Н.БОЛОР-ЭРДЭНЭ
Дээд лигийн өнө эртний түүхтэй Хоромхон клубын удирдах зөвлөлийн гишүүн Н.Болор-Эрдэнэ мөн энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Түүний талаарх мэдээлэл хомс байна.
Тэгвэл Монголын хөлбөмбөгийн холбооны зөвлөлийн гишүүнд дараах хүмүүс нэр дэвшжээ.
- Л.Энхбаатар
- Ц.Мөнх-Эрдэнэ
- Б.Пүрэв-Очир
- Г.Анархүү
- Д.Батнасан
- Д.Төрбат
- Г.Тэгшжаргал
Ерөнхийдөө дээрх нэрсийг харвал тамирчид эрх ашгаа хамгаалахаар зөвлөлийн гишүүнд хүч үзэж байна. Өмнө нь зөвлөлийн гишүүд дунд тамирчин байгаагүй гэхээр гайхмаар. Харин одоо өөрчлөлтийг хийх цаг нь иржээ.
Эдгээр сонгуулиудад Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүн 52 байгууллагын төлөөллүүд санал өгч, ялагчийг тодруулна. 21 аймгийн хөлбөмбөгийн холбоо, холбоонд бүртгэлтэй 24 мэргэжлийн клуб, шүүгч, мастерууд, дасгалжуулагч, эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн гэх мэт долоон зөвлөл санал өгөх учиртай.
21 аймгийн хөлбөмбөгийн холбоод дунд үйл ажиллагаа нь тогтвортой бус, хаалттай холбоод байгаа нь асуудал дагуулж байна. Мөн үйл ажиллагаагаа зогсоосон, идэвхгүй болсон, дампуурлаа зарласан мэргэжлийн клубүүд одоог хүртэл холбооны гишүүн байгаад зарим хөлбөмбөг сонирхогчид гайхаж буй.
Ямартай ч нэр дэвшигчид болон санал өгөх төлөөллүүд тодорхой болчихлоо. Удахгүй холбооны ээлжит бус Их хурлын тов гарч, сонгууль болно.
3,595.72






















































Холбоотой мэдээ