Хүндэтгэлийн чуулганд А.Меркель үг хэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Хүндэтгэлийн чуулганд А.Меркель үг хэлнэ

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал бат­лагд­сантай холбогдуулан дараах асуултад хариулт авлаа.

-Намрын чуулганы нээлт хэзээ болох вэ?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр (өчигдөр)  хуралдаж УИХ-ын намрын чуулга­ныг   ирэх сарын 3-ны өдөр 11 цагаас нээхээр тогт­­лоо. УИХ-ын тухай хуульд намрын чуул­ганыг аравдугаар сарын 1-нд эхлүүлнэ хэмээн заасан байдаг. Энэ өдөр амралтын өдөр таарч байгаа учир хойшлууллаа. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар намрын чуул­ганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталлаа. 

-Нийт хэчнээн асуудал хэлэлцэхээр батлав?

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн тогт­соноор нийт 19 асуудлыг нэр заан орууллаа. Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн бусад хууль, шийдвэрийг тухайн цаг үед нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн шийдвэрээр хэлэлцэх асуудалд оруулах эсэхийг шийднэ.

-Хамгийн эхэнд ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Эхлээд Компанийн тухай хуулийн шинэ­чилсэн найруулгын төсөл, түүний дараа Төс­вийн тухай хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл, Жолоочийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн хэлэлцэх асуудлын дараалалд Монгол Улсын төсвийн тодотгол, Монгол Улсын 2012 оны төсвийн тухай, “Хүний хөгжил сан”-гийн 2012 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2012 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Төрөөс хилийн боомтын талаар бодлого баримтлах тухай тогтоолын төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг асуудал орсон байгаа. Харин УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа 34 хууль, бусад шийдвэр байгаа. УИХ-д өргөн мэдүүлсэн боловч хэлэлцүүлэгт ороогүй 49 асуудал бий. Эдгээр асуудлыг хэлэлцэх эсэхийг тухайн үед шийдвэрлэнэ.

-УИХ дахь намын бүлэг, УИХ-ын байнгын хороод хэзээнээс хуралдаж эхлэх вэ?

-Ирэх даваа гарагт УИХ дахь намын бүлэг, УИХ-ын байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаан болох байсан. Харин УИХ дахь намын бүлгүүдийн харилцан тохиролцсоноор бүлгийн хурлыг түр хойшлуулахаар болсон. Энэ хооронд Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн ажлын хэсэг хуралдана. Мөн өдөр Байнгын хороод хуралдахаар боллоо. УИХ-ын намрын чуулганаар нэлээд чухал асуудал хэлэлцэхээр байгаа. Мөн үүний зэрэгцээ аравдугаар сарын 13-ны өдөр хүндэтгэлийн чуулган хийнэ. Энэ үеэр ХБНГУ-ын Канцлер А.Меркель үг хэлэх юм. Хүндэтгэлийн чуулганы бэлтгэл ажлыг хийнэ.

-Сонгуулийн тухай хуулийн төсөл тэр дундаа тогтолцооны талаар хоёр намын бүлгийн байр суурь нэгдэнэ гэж бодож байна уу?

-УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд УИХ дахь намын бүлгүүд маргаан мэтгэлцээнтэйгээр хэлэлцсэн. Ирэх даваа гарагт ажлын хэсгүүд хуралдах учир үлдсэн зарим асуудалд санал бодол, байр сууриа нэгтгэхээр ажиллана. 

-УИХ-ын гишүүн Х.Наранхүүг Авли­гатай тэмцэх газар шалгаж, Монгол Улсаас гарахгүй байх, эд хөрөнгийг нь битүүмжлэнэ гэх мэдээлэл анхаарал татаж буй. Энэ талаар Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Тамгын газарт хандсан зүйл байна уу. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал тул эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэх ёстой юм биш үү?

-Одоогийн байдлаар УИХ-ын Тамгын газарт Х.Наранхүү гишүүнтэй холбоотой ямар нэгэн асуудал ирээгүй байна.

-Тэгвэл Авлигатай тэмцэх газрын дарга нарын асуудлыг намрын чуулганаар хэлэлцэх үү?

-Үүнийг хэлэх боломжгүй.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж