"ОХУ-аас 100 тэрбум рубль зээлнэ"

Хуучирсан мэдээ: 2018.05.28-нд нийтлэгдсэн

"ОХУ-аас 100 тэрбум рубль зээлнэ"

"ОХУ-аас 100 тэрбум рубль зээлнэ"

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ, АНУ-д айлчилсан үр дүнгийн талаар мэдээлэл өнөөдөр /2018.05.28/ хийлээ.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-д тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн юм. Энэ үеэр хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг дээшлүүлэх тал дээр санал солилцжээ. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ОХУ-д хийх албан ёсны айлчлалыг энэ онд багтаах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Монгол Улс ОХУ-тай хийж байгаа худалдааг өнөөдрийн байгаа төвшингөөс нэмэгдүүлэх талаар ярилцаж, чөлөөт худалдааны тухай судалгааны ажлыг эхлүүлэхээр болжээ. Үүнээс гадна 100 тэрбум рублийн зээлийн талаар ярилцаад ирсэн байна. Энэ зээлээр III, IV-р цахилгаан станцыг өргөтгөх, төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Үүнээс гадна, ирэх зургаадугаар сард БНХАУ-ын Чинтао хотноо зохион байгуулагдах ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ, Монгол, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гол яригдах асуудлаа тодорхойлсон байна. Энэ уулзалтаар эдийн засгийн коридороос гадна төмөр зам, цахилгаан дамжуулах сүлжээ, авто замын асуудал хөндөгдөх аж.    

Мөн ирэх жил Халхын голын ялалтын 80 жилийн ой болно. Энэ ялалтын баярыг ОХУ-тай хамтарч тэмдэглэх талаар ярилцсан байна. Эцэст нь дипломатуудаа сургах, сургалтын хөтөлбөрийн асуудлыг ярилцжээ.

————————————————————————————————-

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-д тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд айлчилсан байна. Энэ айлчлалын хүрээнд Мянганы сорилтын хөгжлийн сангийн хоёр дахь ээлжийн гэрээг сунгах бэлтгэл ажил бүрэн хангасан байна. Ингэснээр 350 сая ам.долларын буцалтгүй тусламж орж ирэх бөгөөд усны хангамжийн асуудалд зарцуулах аж. Тодруулбал, аж үйлдвэрийн зориулалтаар саарал ус гаргана гэж төлөвлөжээ.  

Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын талаар ярилцсан байна. Ингээд  Ерөнхий сайд У.Хүрэлсүх зургадугаар сарын гуравдугаар хагаст айлчлал хийхээр тохирчээ. Үүнээс гадна хоёр орны харилцааг өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн төвшинд хүргэж хөгжүүлэх талаар ярилцсан байна.  

Цаашид худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, ноос, ноолуур экспортлох, хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи нэвтрүүлэх талаар ярилцсан байна. Мөн Монгол Улсын дунд сургуулиудад төрөлх англи хэлтэй багш ирж ажиллахад дэмжлэг үзүүлэх асуудлыг зориг гаргаж хөндсөн гэдгээ Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцолсон юм. Хүүхдүүд англи хэлний мэдлэгтэй болсноор “программ хангамжийн суурь мэдлэгтэй болж, наад зах нь аялал жуулчлалын хөтөч хийх боломж нээгдэнэ” гэсэн юм. Түүний саналыг АНУ-ын зүгээс судалж үзнэ гэдгээ илэрхийлжээ.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Транзит тээврийн гэрээнд хэзээ гарын үсэг зурах вэ?

-Монгол, ОХУ-ын транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурах ажил бэлэн болсон. Яг хэзээ вэ гэдгийг ярилцаж байна.   

-Монгол Улс ШХАБ-д элсэх талаар яригдаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ байгууллагад Энэтхэг, Пакистан хоёр улс нэгдсэнээс хойш, 2015 онд ШХАБ өөрийн стратегийн баримт бичгээ боловсруулснаас хойш энэ байгууллагын талаарх нөхцөл байдал олон улсын төвшинд өөр болж байгаа. Тиймээс манай яам нээлттэй судалгаа хийгээд, өөрийн байр сууриа эцэслэн гаргахаар ажиллаж байна.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж