Он гарсаар гуравхан сарын дотор 2050 хүүхэд унаж бэртсэн шалтгаанаар Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д ирж, үйлчилгээ авчээ. Эдгээр хүүхдүүдийн олонх нь гэртээ гэмтэл авдаг байна.
Мөн 0-5 хүртэлх насны хүүхэд халуун тогоонд буцалж буй шингэнд түлэгдсэнээс амь насаа алдах тохиолдол их гардаг болохыг эмч нар хэлсэн юм. ГССҮТ-өөс өгч буй тоон мэдээлэлд түлэгдсэн хүүхдийн 70 гаруй хувь нь халуун тогооноос болж гэмтдэг гэж дурдсан байна. Иймд бага насны хүүхэдтэй айлууд халуун тогоо аль болох хэрэглэхгүй байхыг ГССҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн албанаас анхааруулж байгаа юм.
Тус алба ‘МИНИЙ ГЭР АЮУЛГҮЙ ОРЧИН ‘ aян зохиож, түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эх, сахиур, асрамжлагч нарт орон гэртээ аюулгүй орчинг бүрдүүлэх талаар мэдээлэл хүргэж байгаа билээ.
Т.НОМИН