Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээг өнөөдөр 12.00 цагийн байдлаар нэгтгэн хэвлэлийнхэнд мэдээлсэн бол удаах мэдээллийг 18.00 цагт хийхээр төлөвлөөд байна.
Орон нутгаас сонгуулийн ирцийн мэдээлэл авахад бэрхшээлтэй байгаа аж. Интернэтийн сүлжээ тасрах, аймгуудад бороо орж цаг агаар хүндхэн байгаа нь мэдээллийг тогтсон цагтаа дамжуулахад бэрхшээл учирч байна гэдгээ учирлажээ.
УИХ-ын сонгуулийн санал хураалт эхэлсэн 07.00 цагаас 12.00 цагийн байдлаар принтер гацсан, хурууны хээ таниагүй, саналын хайрцагны лацыг хуулж аван саналын хуудсыг хийсэн, Өвөрхангай аймгийн Төгрөг суманд цахилгаан тасарсан, цахилгааны хэлбэлзлээс болж, Хан-Уул дүүрэг, Увс аймагт автомат машин гацсан зэрэг хүндрэл гарчээ.
Саналын хайрцагны лацыг хуулсан үйлдэл УИХ-ын сонгуулийн 65 дугаар тойрог/Баянгол дүүрэг/, УИХ-ын сонгуулийн 71 дүгээр тойрог/Сонгинохайрхан дүүрэг/-т тус, тус болсон аж.
Энэ үйлдлийг сонгуулийг будилаантуулах гэсэн оролдлого хэмээн үзэж, цагдаа, тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ.
Цахилгаан тасарсныг сааталгүй болгосон байна.
Автомат төхөөрөмж гацсан, принтер гацсаныг явуулын баг ажиллаж зассан байна.
Хурууны хээ таниагүй тохиолдолд иргэний үнэмлэхээ үндэслэн саналаа өгөх боломжтой гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэллээ.
Сонгуулийн тухай хуульд дээрх тохиолдолд иргэний үнэмлэхийг нь баримт болгон саналаа өгөх боломжоор хангахыг заасан юм байна.
Сонгогч саналын хуудсанд тэмдэглэгээ хийхдээ мандатын тооноос илүү дугуйлах юм бол автомат машин саналын хуудсыг уншихгүй юм байна. Иймээс заасан тоонд багтаан дугуйлах ёстой. Хэрвээ заасан тооноос илүү дугуйлбал дахин нэг хуудас шинээр авч дугуйлах эрхтэй юм байна.
Сошиалаар дамжуулан өөрийн үзэгтэй очиж нэр дэвшигчийг дугуйлах шаардлагатай тухай буруу мэдээллийг цацаж байгаа нь сонгууль будилаантуулах гэсэн үйлдэл тул үүнд автахгүй байхыг сонгогчдод хандан хэллээ.
Улсын хэмжээнд нийт 1.9 сая иргэн саналаа өгөхөөс 900 мянга нь нийслэлийн сонгогчид юм байна.
Г.ХОРОЛ