УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшлуулсан.
Чуулганы хуралдааны ирц бүрдээгүй шалтгааныг эрх баригчдын зүгээс УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ирцээр бойкот хийж, цаг хугацаа тулсан чухал асуудлын хэлэлцүүлгийг хойш чангаалаа гэж үзсэн. Иймд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ямар шалтгаанаар чуулганы хуралдаанд оролцоогүй талаар байр суурийг нь сонирхлоо.
Ж.Энхбаяр: Эрх баригчид ирцээ бүрдүүлэх ёстой
Монголын парламентын түүхэнд өчигдөр хар мөр үлдээсэн үйл явдал боллоо. Төрийн залгамж чанарыг уландаа гишгэж эрх баригчид тойрог мандатын асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар эрээ цээргүй өөрчиллөө. Өөрсдөдөө тааруулаад тойргоо хуваачихсан учраас одоо бүгдээрээ сонгуулийнхаа ажил руу орж байна л даа. Ингэж төрийн ажлыг хийдүүлж болохгүй. Яагаад гэвэл өчигдөр ирцээ 100 хувь бүрдүүлээд тойргоо баталгаажуулсан улсууд яагаад өнөөдөр өөрсдөө ирэхгүй байгаа юм бэ? Дарга, сайд болохоор чуулганы хуралдаандаа оролцохоор ирдэг, нэг бол тойрог хуваах болохоороо ирдэг байж таарахгүй. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийнх шигээ ирцээ бүрдүүлбэл бид оролцоно. Монгол Ардын намын бүлгийн гишүүд бүгд байгаа. Бид Ардчилсан намыг, эрх баригчдыг үүрэгжүүлэх гэж байна. Эрх баригчид ирцээ бүрдүүлж хурлаа эхлэх ёстой гэдэг зарчим бий.
С.Бямбацогт: Хууль, зарчим хоёрыг уландаа гишгэлээ
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн асуудлыг хүч түрээд, хууль зөрчөөд баталж ирлээ, 2012 оноос хойш. Өчигдөр ч мөн энэ үйлдлээ давтлаа. Сонгуулийн тухай хуулийн 22.5-д сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо нутаг дэвсгэрийн хэмжээ, засаг захиргааны нэгж, хүн амын тоог харгалзана гэсэн байдаг. Тэр заалтыг баримтлаад Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-д тогтоолын төсөл өргөн барьсан. Харамсалтай нь, эрх баригчид намын даргынхаа өрөөнд сууж байгаад яаж тойргийг хуваавал чи ялахаар байна вэ гэж өөрсдийн нэр дэвшигчддээ зориулсан тойрог зурж, хүч түрэн баталсан нь харамсалтай. Хууль, зарчим хоёрыг ингэж уландаа гишгэн сонгууль луйвардах юмаа хийсэн.
Ерөөс Ардчилсан намын бүлгийн гишүүд засаг огцруулах, сайд томилох, тойрог тогтоох асуудалд ирцээ 100 хувь бүрдүүлдэг байж таарахгүй. Чухал асуудлыг хэлэлцэхэд ч ирцээ 100 хувь бүрдүүлээд хуралдах ёстой. Гэтэл УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж МАН-ын бүлгийн гишүүд л чуулганы хуралдаан саатуулаад байгаа юм шиг зүйл ярих нь үнэнд нийцэхгүй.
Эрх баригчид өнөөдөр юуны төлөө яах гэж УИХ-д сууж байгаа юм, зорилго нь харагдаж байна. Ерөөсөө л өөрсдийн эрх ашгийн төлөө, намын эрх ашгийн төлөө, хувийн эрх ашгийн төлөө ажиллаж байна. Төрийн эрх ашгийн төлөө байсан бол өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааныг эрх баригчид ирцээ 100 хувь бүрдүүлээд эхлүүлэх ёстой гэж үзэж, МАН-ын бүлэг чуулганы хуралдааныг хүлээгээд сууж байна. Бүлгийн гишүүд маань оролцоход бэлэн сууж байгаа.
Н.Энхболд: УИХ-ын ирцийг бүрдүүлж болно
Чуулганы хуралдаанд ороогүй нь хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй юм. Шүүх байгуулах асуудлыг хугацаанд нь шийднэ гэж найдаж байна. Хэрэв Ардчилсан намын бүлэг олонхи юм бол хариуцлагаа хүлээгээд, үүргээ хүлээгээд үлгэр жишээ байх ёстой.
Аливаа асуудал дээр бид олонхи юм чинь та нарын оролцоогүйгээр шийднэ гэдэг. Гэтэл яг өөрсдөд нь, хувь хүнийх нь хувьд, намынх нь хувьд хэрэгтэй юм байвал 100 хувь цуглачихаад бусад асуудлуудад дураараа загнаад явж байдаг. Хойгуур нь цөөнх ажлыг нь хийж байдаг ийм дүр зурагтайгаар УИХ дөрвөн жил ажиллалаа. Бид олон удаа шаардлага тавьж байсан, “Та нар олонхи юм бол хариуцлагаа хүлээх ёстой, үүргээ биелүүлэх ёстой” гэж… Олонхи ирцээ хангалттай бүрдүүлэх боломжтой. Засгийн газрыг бүрдүүлчихсэн юм чинь УИХ-ын ирцийг бүрдүүлэх бололцоо байлгүй яах вэ. Өчигдрийн байдлыг хар, тойргийн хуваарилалт гэхээр Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсэн саналыг өөрчилж, өөрсөндөө ашигтай болгож, хуваах шаардлага гарахаар 100 хувь цуглачихаад өнөөдөр хугацаа нь тулчихсан шүүх байгуулах асуудлыг ярих болохоор байхгүй болчихоод бурууг нь МАН-ын бүлэгт тохон “Эднийг хараач” гээд чихээд сууж байна. Манай бүлгийн гишүүд байгаа, олонхи ирцээ бүрдүүлбэл ороод суух бололцоотой. Ардчилсан намын бүлгийн гишүүд хариуцлагатай байх ёстой.
Д.Тэрбишдагва: Тойргийн хачин хуваарилалт хийлээ
Заавал ч үгүй чуулганы хуралдаанд оролцохгүй гэсэн ухагдахуун байхгүй. Төрийн ажлыг гацааж болохгүй. Тэр тусмаа цаг хугацаа нь тулсан хуулийг хэлэлцэж таарна. Гэхдээ УИХ-ын хувьд анхаармаар хэд, хэдэн зүйл байна. Хүч түрэн хууль баталдаг, өөрчилдөг. Тухайлбал, өчигдөр УИХ-аар Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсэн тогтоолыг тэр чигээр нь батлахын оронд цөөн хэдэн гишүүний гаргасан саналыг хүч түрэн дэмжээд Монгол Улсын газар зүйн байршил, хүн амын тоог харгалзан үзэлгүйгээр тойргийн хачин хуваарилалт хийлээ. Ямар аргатайдаа л зарим гишүүн “Бууны суманд оногдчихсон юм шиг” гэж хэлэх билээ. Нэг захаас нөгөө зах руу үсэргэсэн тойргийн хуваарилалт хийсэн байгаа. Дээр нь мандатыг тоо тэгш бусаар тогтоосон. Хүн амынхаа тоогоор хөөвөл 130 мянган хүн амтай Хөвсгөл аймаг гурван мандаттай байхад 72 мянган хүн амтай Хэнтий 3 гурван мандаттай, 72 мянгаас олон хүн амтай Дорнод зэрэг аймаг хоёр мандаттай, замбараагүй хүч түрсэн үйл ажиллагаа явагдлаа.
Мөн судалгаа хийж үзэхэд 200-гаад хууль цагаан сар, шинэ жил, наадмын үеэр, эсвэл сонгуулийн өмнө бусдын анхаарал сарнисан үед батлагдсан байдаг. УИХ баталж байгаа хуулиуддаа болгоомжтой хандах ёстой. Ингэхийн тулд ирцээ сайн бүрдүүлж, УИХ-ын гишүүд бүгдээрээ сууж хуулиа батлаад хэлэлцэх ёстой байтал 10 хэдэн сууж 30-аад кноп дарах байдлаар хууль батлагддаг болчихоод байна. Энэ байдал өөрөө их ёс зүйгүй үйлдэл юм. Дутуу дулимаг ирцтэйгээр сууж хууль баталж болохгүй.