Өнгөрсөн өдрүүдэд Л.Гансүхийг шүүх хурал олны анхаарлын төвд байлаа. Шүүх хурлыг "Eagle", "TV9" гэсэн хоёр телевизээр шууд дамжуулан хүргэсэн билээ.
Шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж 21.30 цагийн орчимд хурлыг ирэх даваа гариг хүртэл завсарлуулахаар болсон тухай шүүгчдийн бүрэлдэхүүн мэдэгдсэн юм. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Л.Гансүх нарын гурван хүнийг шүүж байгаа. Шүүх хуралд экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын байцаагчаар ажиллаж байсан Ш.Ичинхороо зэрэг гэрчүүд мэдүүлэг өгсөн билээ. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн зөвлөхөө ямар ч буруугүй, харин ч шагнуулах ёстой хүн хэмээн тодорхойлсон. Мөн тэрбээр “Та нар өөрсдөө нүүрс түлж ер нь үзсэн юм уу. Амьдрал дээр буугаад үз” хэмээн шүүх бүрэлдэхүүнд тайлбар хийсэн. Түүнчлэн “Үнэхээр Л.Гансүх гэдэг хүнийг буруутгах гээд байгаа юм бол намайг буруутга. Би шинэчлэлийн Засгийн газрыг толгойлж байсан хүний хувьд хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэсэн.
Гэрчүүдийн мэдүүлэг иймэрхүү байдлаар өрнөсөн бол шинжээчдийн дүгнэлт олны анхаарлыг татлаа. Шинжээчид шүүхийн танхимд мэдүүлэг өгөхдөө “Бид хараат бус шинжээчдийн баг “ЭмЖиЭлЭсБи” болон “ЭмЖиЭлЭсБиДИ” компанид шалгалт хийж, анхан шатны санхүүгийн баримтуудад үндэслэн дүгнэлтээ гаргасан. Анхан шатны баримтаар “Багануур” ХК хохирсон нь тогтоогдсон” гэж мэдээлсэн. Тодруулбал, Багануурын нүүрсний уурхайн амнаас хүлээж авсан нүүрс, “УБТЗ” нийгэмлэгийн ачаа тээврийн хөлс төлсөн баримтаар хоёр компани нийлээд 279 мянга 179 тонн нүүрс хүлээж авсан нь тогтоогдож байгаа аж. Гэвч “Багануур” ХК-тай тооцоо нийлэхдээ шуудайлсан нүүрсний дүнгээр тооцоо хийхэд дунд нь жингийн зөрүү гарч, “Багануур” ХК-д 3.6 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж буй юм байна. Харин үүний эсрэг Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний 3.6-д “Шуудайлсны дараа жигнэсэн нүүрсний хэмжээгээр тооцоо нийлнэ” гэсэн зүйл заалт байгааг танилцуулсан юм. Өөрөөр хэлбэл, хоёр компани хоорондоо шуудайлсан нүүрсээрээ тооцоо хийнэ гээд тохирч, гэрээндээ тусгасан. Ийм байхад нүүрсний тээвэрлэлт болон аман дээрээс хүлээж авсан нүүрсээр тооцоод, “Багануур” ХК-ийг алдагдалтай гэж үзэх болсон шалтгааныг шинжээчдээс асуусан юм. Түүнчлэн үнэхээр жингийн зөрүү гарсан тохиолдолд аль компани хариуцах талаар гэрээнд тусгасан зүйл, заалт байхгүй гэдгийг онцолсон. Шинжээч хүн хоёр компанийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцоод, гэрээнд тусгаагүй зүйл заалтаар аль нэг компанийг шууд буруутай гэж үзэх нь ёс зүй, хууль дүрмэндээ хэр нийцдэг юм бэ гэдгийг асуусан юм.
Энэ асуултад шинжээчид хангалттай нотолгоо, баримттайгаар хариулж чадаагүй. Тэд зөвхөн “Анхан шатны баримтад тулгуурлан дүгнэлт гаргасан” гэдгийг л хэлж байсан. Мөн шинжээчид хуулийн дагуу эдийн засгийн шинжилгээ хийсэн гэдгээ мэдэгдэж байсан ба шүүгдэгчдийн өмгөөлөгч нарын асуултад тодорхой хариулт өгөөгүй юм.
Д.УУДАМ