МХБХ-ны Үндэсний “Нийслэл лиг” тэмцээн үргэлжилж байна гэсэн мэдээллийг Монголын хөлбөмбөгийн холбоо өгч байна. Лигийн 26 дахь тоглолтод адил найман оноотой явсан УБДС, “Хангарьд” туллаа. Хэн ялсан нь лигийн эхний хагасыг гуравдугаар байраар дуусгах ч боломжтой байв.
Энэ тоглолтын гол дүр нь “Хангарьд”-ын баруун жигүүрийн хагас хамгаалагч Б.Эрдэнэбаяр байсан гэхэд болно. Сайн ч, саар ч талаар. Учир нь дөнгөж найм дахь минутад булангийн цохилтооос мөргөж гоол хийснээр багтаа тэргүүлэл авчирсан. Гэвч эхний үе үргэлжилж байхад өөрийн торгуулийн талбайдаа эсрэг багийн хагас хамгаалагч Г.Батцэнгэлийг алдаа гарган зогсоосноор УБДС-д торгуулийн цохилт бэлэглэлээ. Үүнийг Ц.Амаржаргал алдалгүй ашигласнаар тоо тэнцсэн юм. Энэ бол 39 дэх минут байлаа. Гэхдээ Б.Эрдэнэбаяр багаа тоогоор дахин илүү гаргасан. Тэрбээр 50 дахь минутад хаалганаас 30 гаруй метрийн зайнаас гайхалтай цохилт гүйцэтгэсэн нь гоол боллоо. Монгол Улсын шигшээ багийн хаалгач Ц.Ганбаярын хаалганд баргийн тоглогч иймэрхүү гоол хийхгүй биз ээ. Гэвч “Хангарьд”-ийн тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. 61 дэх минутад УБДС-ийн довтлогч П.Алтантулга тэнээний бөмбөг хийсэн юм. Үүнээс өөр бөмбөг оролгүй байсаар тоглолт өндөрлөж, хоёр баг нэгдүгээр тойргийг адил есөн оноотй өндөрлүүллээ.
Үндэсний “Нийслэл лиг”-ийн эхний тойргийн сүүлийн буюу 28 дахь тоглолт тавдугаар сарын 28-нд “Улаанбаатарын Мазаалайнууд”, “ФС Улаанбаатар” багийн хооронд болно.
Баг | УБДС | Хангарьд | ||||
Үе | 1 дүгээр | 2 дугаар | Нийт | 1 дүгээр | 2 дугаар | Нийт |
Хаалганд цохилт | 6 | 5 | 11 | 4 | 8 | 12 |
Үүнээс хаалга оносон | 2 | 2 | 4 | 3 | 4 | 7 |
Алдаа | 6 | 2 | 8 | 11 | 9 | 20 |
Отон тоглолт | 2 | 3 | 5 | 1 | – | 1 |
Бөмбөг эзэмшилт | 48 | 50 | 49 | 52 | 50 | 51 |
Булангийн цохилт | – | 2 | 2 | 4 | 4 | 8 |