Түүнчлэн энэ удаагийн хуралдаанаар хөндсөн бас нэг чухал асуудал нь Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэх “Эрдэнэс тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцааны нэрлэсэн үнэ хэзээ тодорхой болох тухай байв. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэхдээ “Бидний хувьд Төрийн өмчийн хороонд хандан шаардлагаа тавьж байгаа. Төрийн өмчийн хорооны зүгээс хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох чиглэлээр ажиллаж байгаа. Д.Сугар даргын өөрийнх нь хэлснээр бол энэ оны төгсгөлд хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох. Чадахгүй бол 2012 оны эхээр тогтооно гэсэн бодлоготойгоор ажиллаж байна гэсэн. Гэхдээ энэ ажил бэрхшээлтэй байгаа юм билээ” хэмээв.
Монгол Улсын иргэн бүрт эзэмшүүлэхээр болсон Эрдэнэс тавантолгойн 536 ширхэг хувьцаатай холбогдоод жижиг Тавантолгойн орд, “Энержи ресурс”, “Дайцеку” компаниудын эзэмшиж байгаа талбайгаас монголчууд мөн нэмж, хувьцаа эзэмших ёстой гэсэн байр суурийг энэ үеэр гишүүд баримталлаа. Учир нь эдгээр компаниудын эзэмшиж байгаа талбай нь үндсэндээ том Таватолгойн нэг хэсэг. Нөөцийг нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж, баталгаажуулсан байдаг учраас Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмших ёстой. Түүнийг хэдхэн хүн хувааж “идэх” ёсгүй гэж үзэж байна. Гэхдээ энэ асуудлын талаар Засгийн газар болоод Төрийн өмчийн хорооны төвшинд судалгааг огт хийгээгүй. Тиймээс судалж үзэж байж шийдэх асуудал гэсэн тайлбарыг Төрийн өмчийн хорооны хэлтсийн дарга н.Чинзориг өгөв.
Мөн дээрх мэдээлэлтэй холбоотойгоор хөндөгдсөн асуудал нь жижиг Тавантолгойн хувьцааны үнэ ханштай холбоотой байлаа. Өнгөрсөн өвөл жижиг Тавантолгойн хувьцааны ханш эрс өсч, нэг ширхэг нь 1.5 сая төгрөгт хүрсэн байна. Хувьцааны үнэ ийн өсөхөд нөлөөлсөн гол шалтгаан нь зохиомлоор үнийг хөөрөгдөж байсантай холбоотой аж. Тиймээс одоогоор тус ордын хувьцааны үнэ 700 мянган төгрөг руу бууж ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооныхон бодит үнийг бий болгохын төлөө ажиллаж байгаа. Оны эцэст тайланг нь шалгаж, нээлттэй болгох асуудал чухал байна гэсэн тайлбарыг энэ үеэр Д.Баярсайхан дарга өглөө.
Ер нь ганц Тавантолгой гэхгүй Оюутолгойн ордтой холбоотой асуудал УИХ, Засгийн газрын төвшинд хэлэлцэгдэж эхлэх бүрийд хувьцааны үнэд огцом өөрчлөлт ордог байна. Энэ нь эмзэг эдийн засагтай холбоотой гэсэн үндэслэлийг ч зарим талаар гаргаж тавихад хүргэв.
Эдийн засгийн байнгын хороо нь өнөөдрийн хуралдаанаа Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссоноор дуусгалаа.