Өвөр Шандын хоолойд Шөвгөр, Буунай чавганцынх айл болон нутаглана. Аймгийн төвөөс холгүй ч ойр хавьдаа айл амьтан бараг л үгүй. Хөндий уруудсан их замаар өдрийн турш замын унаа тасарна гэж байхгүй. Шөвгөрийнх хоёр хүүтэй. Жинхэнэ үймээний эзэд. Хоёулаа атлаа хориулаа юм шиг л Өвөр Шандын хоолойг буулгах шахуу бужигнана. Нэг харахад оготно зурамны нүхэнд ус цутгаж барьсан олзоо сүүлээр нь холбоод тэлүүлж хашраана. Нөгөө харах нь ээ, Буунай чавганцын дэлгэцтэй ааруулнаас хулгайлна. Саахын хургыг нь нийлүүлж зугаацна. Аль эсвэл зуны халуунд гэрийнхээ сүүдэрт үүрэглэх чавганцын аягатай цайнд хар хорхой түүгээд хийчихсэн байх нь энүүхэнд. Буунай орь дуу болоод хавиар нэг чарлана. Шөвгөр тоож байгаа ч шинжгүй инээмсэглэж, -Халаг хуухмарууд. Чи цаад хоёроо нэг байлгана байгаа. Чавганцыг маань цааш нь харуулах нь гэж энгүүн өгүүлж суух. Дэнсмаа чөдөр бүслээд л мордоод давхичихна. Бөөн уйлаан болсон хоёр хөлийн хурдаар голын чулуу шаргиулсаар хурдалж явна.
Оройхон хэрд халуун ам бүлээрээ цуглаад өдрийн хэрэг явдлаа мартаад, инээд хөөрөөрөө цалгиана. Буунай ч таягаа тулсаар майжигнаж, дүрсгүй моншуудыг хэдийн өршөөчихсөн хөгжилдөхөөр тэднийхийг бараадна. Хүүхдийн инээд хөөрт элэг дэвтэх юм гэж уйлагнах. Хөөрхий хот руу юунд ч юм яваад сураг нь тасарсан хүүгээ их санана. Оройжин л түүнийхээ тухай ярьж хөөрсөөр галын ёроолд суугаагаараа унтаж орхино. Ийм л нэг халуун бүл уудам хорвоогийн нэгэн бөөрөнд аж төрөх авай.
Дэнсмаа сүүлийн үед аймгийн төв рүү их л гүймхий болов. Сахалт Цогоо гэж нэг панзач тэднийхээр бууж мордохдоо төвөөс янз бүрийн бараа авч энэ зуурт зарж борлуулбал их ашиг орлого олно. Өсч яваа хүүхдүүдэд юу эс хэрэг болхов. Тэгээд ч мал хуй гэхээр зүйлгүй та хоёр шиг хүмүүс гайгүй бэлжээд л ирнэ хэмээн ухуулсан хэрэг. Яахав эхний ээлжинд би та хоёрт мөнгө зээлье. Боломжтой болохоороо эргүүлээд өгчихгүй юу гэснээр эр эм хоёр зөвлөлдөөд арилжаа үсэргэх юм болов. Мал хуйгаа Шөвгөр харж, Дэнсмаа төв рүү явдаг болохоор тохиролцов.
-Хонио сайн тогтоож идүүлээрэй. Яагаа ч үгүй туугаад ирэв. Одоо та нар том болсон улс. Аавдаа нэмэртэй байдаг юм шүү гэж аашилж аргадахын хооронд хэлээд замын унаад дайгдаад одно. Төвөөс гурил, будаа, лаа, чүдэнз зэрэг ойр зуур бараа авч зам зууртаа л борлуулчихна. Өөрснийхөө хэрэгцээг ч хангана.
Хоёр хүү ижийгээ хүлээн зам тосч хонио бэлчээж өнжинө. Тэртээ алсаас тоос татуулсан давхих машин бүрийг гэрийнхээ ойролцоо ирэхэд, -Зогслоо, зогслоо… зогсооч, зогсооч гэж яг л саахалт айлын Буунай чавганц амандаа маани уншдаг шиг бувтанасан жаалууд уралдаад л гүйчихнэ. Ижийнх нь торноос чихэр жимс амттан асгарна.
Харин тэр удаад Дэнсмаа хүүхэн тав хонож байж сая нэг гэрийн бараа харав. Угаас дуугүй нь дэндсэн Шөвгөр ус балгасан мэт улам ч дуугүй мод толгой нийлүүлээд л гэрийн хаяанд бодлогоширч суудаг болов. Муу үг модон улаатай гэгчээр хүүхнийхээ хаана хэнтэй манаргадаг болсныг хавь ойрын жиг жугаас хэдийн олоод мэдчихэж. Буунайд хоёр хүүгээ даатгачихаад мордоод давхичихна. Оройдоо жаахан архи сэнгэнүүлчихсэн ирээд гэрийн хаяанд бүхлээрээ хэвтээд өгнө. Гэр орон ханхайтал эзгүйрч мал хуй эздийн бараа харахаа болив.
Ижийнхээ ирж байгаа бараанаар хүүхдүүд хар гүйхээрээ гэртээ ирцгээлээ. -Өө миний хүүхдүүд гэснээ Сахалт Цогоод хүйтэн хярам хийж өгөв. Хүүхдүүд сурсан зангаараа торыг нь онгичоход, -Боль ээ, юм авчираагүй гээд шүүрч аваад шүүгэндээ хийчихэв. Харин Цогоо өврөө ухан бараг жилдээ ганц иддэг зөөлөн чихэр гарган, -Май, дүүтэйгээ хуваагаад ид… гэж сарвайлаа. Жаалууд ухасхийн гүйж очоод шүүрэх шахуу аваад ижийдээ хонио харсангүй гэж зэмлүүлээд урамгүйхэн гадагш гарцгаалаа.
Дэнсмаа, Цогоо хоёрын хөгжилтэй, тас тас инээх яриа гэрийн хаяанаас байтугай морины уяанаас ч сонсогдоно. Оройхон хэрд Цогоог ижий нь гаргаж өглөө. -Болгоомжтой яваарай гэж Цогоод хэлэнгээ цацал өргөж харагдана. Уулын хярд тэднийг дурандаж суусан Шөвгөр буурал хээрийнхээ нуруунд ухасхийн мордоод тэртээх толгой өгсч байгаа машины хойноос хорсолтой нулимаад ташуур өлгөн толгой хандсан зүгтээ давхиуллаа.
–Шилийн даваа цастай л гэнэ
Шижигнэсэн машинтай жолооч гэнэ
Алтайн даваа цастай л гэнээ
Аралжаа сайвар морьтой л гэнээ
Амраг найз нь ирсэн л гээд
Айлын хүмүүс ярилцаад л байна хө… гэх солгой сөөнгө дуу цангисхийгээд хөг аялгуу нь тасалдав.
Маргааш нь тэр хонь хотлох үеэр мөнөөх л тасалданги аязаа хамар дороо гүнгэнүүлсээр халамцуухан ирлээ. Дэнсмаа, -Хаана ингэтлээ баярлачихаа вэ. Хоног төөрүүлдэг хүнтэй болоо юу гэж хэрүүл өдөв. Сүүмийсэн нүдээ сөлийлгөн, -Хоног төөрүүлэх ий… хоног төөрүүлэх айл чамд л байдаг болсон юм биш үү гэснээ данхтай цайнаас гүд гүд хийтэл залгилчихаад унинд хавчуулгаастай уурганы хуйв руу гараа сунгахад, -Албал ал. Замд машин эвдрээд хээр суучихсан хүнийг чи ер нь яах юм.
-Чамайг гөвшиж нэрээ бузарладаг нь би биш. Биднийг биш гэхэд нутаг ус битгий бузарлаад байгаарай. Эр нөхрийнхөө араас өлзий бодож өргөдөг болохоос өвөртөлсөн балай юмны араас өргөдөг сүү ч үгүй байх шүү… гээд үг сүггүй хойморт унаад өглөө.
Маргааш нь юу ч болоогүй юм шиг царайлан эхнэр нөхөр хоёр сууцгааж байлаа.
-Аймгаар тэгээд сонин юм ихтэй биз гэвэл,
-Өө улам л гоё болоод байх юм. Нээрээ аймагт би ёстой гоё шарсан тахианы мах идээд… Сайхан амттай юм аа.
-Цайны газарт тийм юм зарж байна уу гэж үргэлжлүүлэн асуухад Дэнсмаа,
-Хүн өгөөд өө…
-Хэн… гэж Шөвгөр өрвийсөн толгойгоо маажин асуухад,
-Чи танихгүй ээ. Би андахгүй гэснээ саалийн хувингаа бариад гараад явчихав.
Дэнсмаа гэрийн бараа харахаа болилоо. Тав зургаан хоног алга болох нь бараг дадал зуршил болов. Бүх юманд хэмжээ хязгаар гэж байдаг хойно нэг л өдөр тэр цаг үе нь иржээ.
Нам гүм байдлыг эвдэх мэт алсаас дуулдах моторын дуу ойртон ойрсоор гадаа ирж хяхтнан зогсов. Үүнийг л хүлээсэн мэт Дэнсмаа урьдаас бэлдсэн баадантай юмаа авч, гэрийн баруун хаяанд жолоочтой мөргөлдөх шахуу зөрж гараад машинд нь ороод суучихав. Шөвгөр ч урьдаас энэ бүхнийг мэдэж байсан мэт чимээгүйхэн цайгаа оочмор аядаад эргээд л хөшөө шиг хөдөлгөөнгүй сууна. Саравчтай малгай духдуулсан, ширвээ сахалтай огт танихгүй жолооч эр яах учраа олохгүй хэсэг дороо эргэлдсэнээ гэрээс гарч хурдхан шиг машинаа асаагааад хөндий уруудан одлоо.
…Уулсын тэргүүн шаргалтаж намрын сэрүү унасан ч Дэнсмаа эргэж ирсэнгүй. Бэтгэртлээ санасан хоёр хүү ижийгээ нэхэж Шөвгөрийг шаналгана. Аргаа барахдаа -Ээж нь тахианы маханд дуртай болохоор аймаг явчихсан. Мөд ирэх байлгүй дээ гэж хэлээд хэсэг аргаллаа. Том хүү Буунай чавганцаас, -Тахиа гэж ямар шувуу байдгийм гэж шалахад, -За даа манай хойд ууланд байдаг сойртой төстэй гэдэг шүү.
-Хавар донгодоод байдаг хөхөө шиг үү?
-Биш ээ, сойр чинь том гэм.
-Тэр сойр чинь тэгээд тахиатай нээрээ адилхан уу?
-Адилхан л гэдгийм. Сонсохнээ зэрлэг тахиа зөндөө л гэх юм билээ.
-Тэгвэл би аавын буугаар агнана аа.
-Яах нь вэ гэж эмгэнийг гайхаж асуухад, -Ижийд аймгийн төвөөс тахианы мах олдохгүй байгаа юм. Би зөндөөнийг агначихаад пиндээ хураачихна. Тэгээд ижийдээ замын хүнээр ирж ид гэж хэлүүлнэ ээ. Зун болтол идээд барахгүй ихийг нөөцөлчихнө өө гэж хэвлүүхэн хэлж суулаа.
…Тэр шөнөжин анхны цас малгайлтал орлоо. Ханын толгойд өлгөөтэй буу жаалхүүгийн хамт алга болсныг хэн ч анзаарсангүй. Анхны цасан дээр гарсан бяцхан хөлийн мөр алсын уулсыг чиглэжээ. Болоод өнгөрсөн бүгдийг нууцлах мэт цас дахин бударч эхлэв.
2014 он
Л.НАРАНТӨГС
�