Израилийн 16-19 насны гурван хүү зургадугаар сарын 12-нд бусдад барьцаалагдан, ор сураггүй алга болоод байсан билээ. Сураггүй болсон хөвгүүдийн эрэлд Израилийн Засгийн газар Баруун эрэгт өргөн хүрээтэй ажиллагаа явуулж, Палестины удирдлагуудаас хүртэл тусламж хүсч байсан юм. Израилийн цэргийнхний эрлийн тусгай ажиллагааны үеэр Палестины таван иргэн амь үрэгдэж, 400 гаруй хүнийг баривчилсан аж. Гэтэл сураггүй болсон гурван хүүгийн цогцос өчигдөр /VI.30/ Баруун эргийн Хеброн хотын Халхулын ойролцоо ухсан нүхнээс олдсон байна. Израилийн албаныхны мэдээлснээр Нафтали Френкель, Жилад Шаар, Эял Ейфрач нарыг хамгийн сүүлд Хеброн хотын замын уулзвар дээр автомашинд гар өргөн зогсч байсныг гэрчүүд мэдэгдсэн аж. Баруун эргийг Йерусалим хоттой холбосон 60-р чиглэлийн зам Халхулыг дайран өнгөрдөг юм. Хөвгүүдийг сураггүй болсны дараа Израилийн цэргүүд уг замыг хамгийн түрүүнд хяналтандаа авч ажилласан аж.
Энэ хэрэгт Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетьянху Палестины зэвсэгт “ХАМАС” бүлэглэлийг буруутгаж, “амь үрэгдсэн хөвгүүдийн өшөөг авна” гэж мэдэгджээ. Харин Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Засгийн газрын шуурхай хуралдаан хийж, Израиль хөвгүүдийн амь үрэгдсэн хэргийг хэлэлцсэн байна.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА