Өмнөд Суданд НҮБ-ын эсрэг жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.11-нд нийтлэгдсэн

Өмнөд Суданд НҮБ-ын эсрэг жагсаал болжээ

Өмнөд Суданы нийслэл Жуба хотноо өчигдөр НҮБ-ын эсрэг 1000 гаруй хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болжээ. Жагсагчид НҮБ-ыг Өмнөд Судан дахь босогчдыг зэвсгээр хангаж буйд буруутгаж, Жуба дахь тус байгууллагын онцгой төлөөлөгч Хилда Жонсоныг огцрохыг шаардсан байна. НҮБ-ыг сэжиглэх болсон шалтгаан нь өнгөрсөн баасан гаригт /III.7/ цэргүүд тус байгууллагын хүнс, тэжээлийн логотой автомашины цуваанаас зэр зэвсэг илрүүлэн хураасанаас үүджээ. Харин НҮБ-аас босогчдыг зэвсгээр хангасан гэх гүтгэлгийг үгүйсгэж, тээвэрлэлтэнд алдаа гарсныг тайлбарлажээ.

Үүнээс өмнө өнгөрсөн нэгдүгээр сард Өмнөд Суданы Ернхийлөгч Сальва Кийр НҮБ-ыг тус улсад /зэрэгцээ засгийн газар/ ажиллуулж буйд буруутгасан аж.

Тусгаар тогтноод удаагүй Өмнөд Суданд НҮБ-ын 8000 энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж буй юм. Өмнөд Суданд өнгөрсөн арванхоёрдугаар сард экс дэд Ерөнхийлөгч Риек Мачараар удирдуулсан босогчид төрийн эрхийг булаахаар зэвсэгт үймээн эхлүүлсэн билээ. Үүний улмаас Өмнөд Суданы 860 мянган хүн гэр орноосоо дүрвэд буй юм.

Б.АНХТУЯА
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж