
Энэ хүрээнд 2010 онд ХХААХҮЯам Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 500 сая төгрөгийн зээлийн дэмжлэг олгон чацаргана боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгчээр “Хүнс-Увс” компанийг сонгож, тус үйлдвэр үйл ажиллагаа эхлүүлээд байгааг аймгийн удирдлагууд мэдээлсэн. Оролцогчдын гол ярьж байсан зүйл нь ухаад дуусдаг бус ургадаг алт болох чацарганаа тарьж ургуулан байгаль орчноо хамгаалж, цаашлаад хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, эдийн засгийн хэрэгцээгээ хангах бүрэн боломж байгааг тэмдэглэж, энэ талаар дорвитой ажил хийх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс, нэг тонн чацарганы цэвэр тос хоёр адилхан ханштай байгаа энэ үед Баруун бүс нутгийнхан хөгжлийн гарцаа ухдаг бус, ургадаг алт болох чацаргана хэмээн тодорхойллоо. Баруун бүсийн чацаргана тариалагчдын зөвлөлгөөнд зарим яамны дэд сайдууд, эрдэмтэн докторууд, Баруун бүсийн аймгуудын төлөөлөгчид, ОХУ-ын Тува, Хакасс улсын мэргэжилтнүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын удирдлагууд зэрэг 250 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ болов.