Чацаргана тариалагчдын анхдугаар зөвлөлгөөн болов

Хуучирсан мэдээ: 2011.04.04-нд нийтлэгдсэн

Чацаргана тариалагчдын анхдугаар зөвлөлгөөн болов

Баруун бүсийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн анхдугаар зөвлөлгөөн гуравдугаар сарын 15-16-нд Улаангом хотноо болж өндөрлөлөө. Чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн Баруун бүсийн зөвлөлгөөний үеэр аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Увс аймгийн ЧТҮХ-ны тэргүүн Д.Батсайхан “Увс аймагт МУ-ын байгалийн чацарганы 40 гаруй хувь нь ургаж байсан. Манай ард түмэн эрт дээр үеэс чацаргана жимсийг өдөр тутмын хэрэглээ болгож, дээр нь эмчилгээний журмаар хэрэглэж байсан баялаг уламжлалтай. 1960-аад онд анх удаа Увс аймагт зэрлэг чацарганыг нутагшуулан тариалж “Улаангом”, ”Чандмань”, “ Тэс”сортуудтыг гаргаж авснаас хойш 50 гаруй жил өнгөрчээ. Социализмын үед чацарганы аж ахуй хөгжиж 360 гаруй тн ургац хураан авч байлаа. Хэдийгээр зах зээлд шилжих шилжилтийн эхэн үед чацарганы тариалалт, үйлдвэрлэлт эрс багасаж, уналтын хэмжээнд очсоныг Увс аймагт “Чацаргана” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж ажилласнаар эргээд сэргэж, Баруун бүсийн цаашлаад Засгийн газрын Үндэсний хөтөлбөр болтлоо өргөжөөд байна” гэв. Тэрээр цааш нь: “Увс нуурын ай сав газар ургасан чацаргана дэлхийн хамгийн чанартай чацаргана гэсэн үндэслэлээр Баруун бүс нутгийн анхдугаар зөвлөлгөөнийг зохион байгуулж байна” гэж онцолж байсан юм. Аймгийн Засаг дарга Э.Цасчихэр,  НХХЯ-ны дэд сайд Д.Нямхүү, БОАЖЯ-ны дэд сайд Ч.Жаргалсайхан, “Ногоон хэрэм” хөтөлбөрийн зохицуулагч А.Авирмэд нарын албаны хүмүүс аймгийн болон Засгийн газрын “Чацаргана” хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл тавьлаа. Мөн ОХУ-ын Тува, Хакасс улсын ХААЭШХ-ийн захирал, лабораторийн ажилтнууд болон Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Ховд аймгийн төлөөлөлүүд тухайн орон нутагтаа хэрхэн чацаргана тариалж, үйлдвэрлэж байгаа талаараа дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй төслийн байгууллагуудын удирдлагууд чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийг хэрхэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа хийгээд цаашид яаж ажиллах талаараа санал бодлоо илэрхийллээ. Чацарганы аж ахуй эрхэлснээр алслагдсан бүс нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажилдгүйдэл ядуурлыг бууруулах, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх улмаар дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх бүрэн боломжтойг үг хэлж, илтгэл уншсан бүх хүн дуу нэгтэй батлаж байв.

   Энэ хүрээнд 2010 онд ХХААХҮЯам Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас 500 сая төгрөгийн зээлийн дэмжлэг олгон чацаргана боловсруулах үйлдвэрийн гүйцэтгэгчээр “Хүнс-Увс” компанийг сонгож, тус үйлдвэр үйл ажиллагаа эхлүүлээд байгааг аймгийн удирдлагууд мэдээлсэн. Оролцогчдын гол ярьж байсан зүйл нь ухаад дуусдаг бус ургадаг алт болох чацарганаа тарьж ургуулан байгаль орчноо хамгаалж, цаашлаад хүнс, эрүүл мэнд, гоо сайхан, эдийн засгийн хэрэгцээгээ хангах бүрэн боломж байгааг тэмдэглэж, энэ талаар дорвитой ажил хийх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Дэлхийн зах зээл дээр нэг тонн зэс, нэг тонн чацарганы цэвэр тос хоёр адилхан ханштай байгаа энэ үед Баруун бүс нутгийнхан хөгжлийн гарцаа ухдаг бус, ургадаг алт болох чацаргана хэмээн тодорхойллоо. Баруун бүсийн чацаргана тариалагчдын зөвлөлгөөнд зарим яамны дэд сайдууд, эрдэмтэн докторууд, Баруун бүсийн аймгуудын төлөөлөгчид, ОХУ-ын Тува, Хакасс улсын мэргэжилтнүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын удирдлагууд зэрэг 250 гаруй хүн оролцсон томоохон арга хэмжээ болов.
   

Б.Батхүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж