
Ер нь монголчуудын олонхийн хувьд хувьцаа гэж юу юм, яаж мөнгө болдог, хэдийд зарж, хэдийд нь “дардаг” учиртай эд юм гэдэг ойлголтоор маруухан, өнгөрсөн 20 жилийн өмнөхөөсөө дээрдсэн, дээшилсэн нь үгүй. Тиймээс хөрөнгийн зах зээлийг нь хөгжүүлэх, иргэдийг хувьцаагаар мөнгөжүүлэх, ашигт малтмалаа үнэт цаас болгон хөрөнгө төвлөрүүлэх бодлогын хүрээнд Засгийн газраас хэдэн хэдэн шийдвэр гаргасан. Тэр шийдвэр нь иргэдийг хувьцааны талаарх анхан шатны ойлголттой болгох, түүнийгээ мэдлэгжүүлэх, хөрөнгийн зах зээлээс хөлжих сонирхлыг өдөөх болсон билээ.
УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн нийт хувьцааны 10 хувийг буюу Монголын Улсын иргэн бүрт 536 ширхэг хувьцааг үнэгүй олгохоор шийдвэрлэсэн. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хүртэх бөгөөд үүнээс хойш төрсөн хүүхдүүд хувьцаа авахгүй гэсэн билээ. Гэхдээ өнгөрсөн сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд Эх орны хишиг, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг базаад зуурчихсан эрх баригчдын шийдвэрээс харахад энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд ч гар хоосон хоцрохгүй байж болох магадлал өндөр байна.
УИХ-ын 2010 оны долдугаар сард гаргасан тогтоолын мөрөөр хэрэгжүүлж буй, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй олон асуудал олны анхаарлын төвд, дуулиан тарьсаар л байгаа. Дээрх тогтоол хүчинтэй эсэх, иргэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 10 хувийг, эсвэл 20 хувийг хүртэх үү гэдэг тодорхойгүй байгаа ч энэ асуудлыг УИХ, Засгийн газар хэрхэн шийдвэрлэхийг хувьцааны талаарх ойлголт муутай ч гэлээ хүн бүр л сонирхож буй.
УИХ-ын 2008 оны сонгуулиар хоёр намын амласан Эх орны хишиг, Эрдэнийн хувь нэртэй нийтдээ 2,5 саяын амлалт өнөөдөр “молиго” болж, маргаашийн хувьцаа нэрээр иргэдийг хуурсан байх вий гэсэн эмзэглэл байна. Учир нь, Эх орны хишиг, Эрдэнийн хувийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа хэлбэрт хувиргачихаад “еэвэнгийн нэг тал энэ байна, нөгөө тал бас энэ байна” гэдэг шиг юм болоод байгаа юм, манай эрх баригчид. Эх орны хишиг, Эрдэнийн хувийг амалсан нөхдүүд сонгуулийн амлалтаа 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн төрсөн хүүхдүүдэд өгөхгүй гэж ялгаагүй. Тэр Эх орны хишиг, Эрдэнийн хувь нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа хэлбэрт шилжчихсэн гэж үзвэл 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн хүүхдүүд энэ компанийн хувьцаанаас авах ёстой болчихоод байна. Тэгэхээр өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд гаргасан 2011оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн хүмүүст 536 ширхэг хувьцааг үнэгүй олгоно гэсэн Засгийн газрын шийдвэр, иргэдэд Эх орны хишиг олгох улстөрийн амлалттай зөрчилдөх боллоо.
Ингээд л Засгийн газрын шийдвэрлэснээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн шинэ хүүхдүүд хувьцаа авахгүй ч юм шиг, харин сонгуулийн амлалтаар бол авах ч юм шиг хоёрдмол байдал үүсчихээд байна.
Засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө төрсөн хүмүүс “Эрдэнэс Тавантолгой” компанийн энгийн хувьцаанаас 536 ширхгийг хуваарилахаар шийдвэрлэсэн. Гэтэл энэ өдрөөс хойш төрсөн хүүхдүүд тэгээд яах вэ гэсэн асуулт гарч ирсэн. Хожуу төрсөн тэдний хохь гээд хаячихвал хэрэг бишдэх болохоор эрх баригчид бас нэг эвтэйхэн хуурах санаа олсон билээ. Тэр нь давуу эрхийн хувьцаа.
Тавантолгой төслийг хэрэгжүүлэгч ажлын хэсгийн гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар нэгэнтээ “Монгол Улсын бүх иргэнд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий орд газраас хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн хувьцааг олгоно. Тухайн иргэн төрснөөсөө эхлээд үхэх хүртлээ тус хувьцаагаа эзэмшээд явах ёстой” гэдгийг дурдаад энэхүү давуу эрхийн ганц хувьцааг шинээр төрсөн хүүхдүүд ч бас хүртэнэ гэдгийг онцолсон. Тэгэхээр ямар ч байсан 2011 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүд “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн ганц хувьцааг авах нь ойлгомжтой болоод буй. Гэхдээ бас үүнд яг таг итгэж болохгүй, Монголын улстөрчид “молиго” хойно.
“Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх тохиолдолд энэ компани өөрөө хаалттай хувьцаат компани гэдэг нэрнээсээ татгалзах ёстой. Энэ талаар 39 дүгээр тогтоолд ч тусгасан байдаг. Гэхдээ тус компани өнөөдөр ч хаалттай хувьцаат компани хэвээрээ л байгаа. Хэн ч энэ асуудлыг хөндөхгүй, давуу эрхийн ганц хувьцааны асуудал ч таг чиг болчихсон. Стратегийн ач холбогдол бүхий орд газраас хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс МГЛ”-ын охин компани нь нээлттэй хувьцаат компани байхад толгой компани нь хаалттай хувьцаат компани байж болохгүй гэсэн шүүмжлэл одоо ч гарсаар байна. Давуу эрхийн нэг хувьцаа нь энгийн 536 ширхгээс юугаараа давуу талтай юм бэ гэсэн асуулт бас тавигдана.
Албаны хүний үгээр бол “Эрдэнэс МГЛ”-ээс хамгийн түрүүнд ногдол ашгаа хүртэнэ. Харин энэ ганц хувьцааг энгийн 536 ширхэг шиг зарж борлуулж, үнэ хүргэж болохгүй. Үхэн үхтэлээ эзэмшиж, үхсэн хойно тэрхүү давуу эрхийн хувьцаа хэний ч эзэмшилд очихгүй. Өөрөөр хэлбэл, энгийн 536 хувьцаа шиг үр хүүхэддээ өвлүүлж, бусдад шилжүүлж болохгүй. “Эрдэнэс МГЛ”-ыг нээлттэй хувьцаат компани болгохгүй бол стратегийн ач холбогдолтой ордууд дээр “сандайлсан” бүх ногдол ашиг эзний гарт очно. “Эрдэнэс МГЛ”-ын эзэн гэдэг маань төр. Тэгэхээр “Эрдэнэс МГЛ”-ын ногдол ашгийг төр ганцаараа хүртээд л сууж байна гэсэн үг. Эцэст нь хэлэхэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн энгийн 536 ширхэг хувьцаа таны дансанд орсон, “Эрдэнэс МГЛ”-ын давуу эрхийн ганц хувьцааг өгнө гээд байгаа болохоос биш үнэндээ монголчууд гар дээрээ бодитоор аваагүй л байгаа. Тэгэхээр энэ бүхэн ирэх сонгуулийн дараа “өнгөрсөн дөрвөн сарын 1” болбол яана. Иргэн бүрт хувьцаа олгох шийдвэр нь хүртэл инээдмийн баярын өмнөх өдөр гарсан шүү дээ.
"Ардын эрх" сонин