Монгол Улсын Их Хурлаас баталсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчвилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн. Энэ дагуу Засгийн газрын тогтоолоор баталсан жишиг гэрээний загварт Уул уурхайн чиглэлээр ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд Нутгийн захиргааны байгууллага буюу аймаг, сумтай орон нутгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайн байгууламжтай холбоотой дэд бүтэц байгуулах зэрэгт хамтарч ажиллах гэрээ байгуулахаар тодорхой хууль, журмын заалт орсон. Энэхүү гэрээ байгуулах явц Дорнод аймагт удаашралтай байгаа бөгөөд эрчимжүүлэх үүднээс аймгийн Засаг дарга уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж байна. Энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Баяндун сумын нутагт алт олборлолт эрхэлдэг “Дун-Эрдэнэ” ХХК, “Жамп-Алт” ХХК, “Эс Жи Майнинг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ талаар аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн:
-Баяндун суманд алт олборлолтын чиглэлээр олон компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудын үйл ажиллагаа бодит байдал дээр ямар байгаатай танилцаж байна. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хууль дүрмээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байна, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, цалин хөлсийг техник эдийн засгийн үндэслэлээр тусгагдсан бүрэн хэмжээгээр иргэдэд олгож чадаж байна уу, хөдөлмөр хамгааллыг хууль дүрмийн хүрээнд хэр зэрэг мөрдөж байна зэрэг олон асуудлууд байна.
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Хуулийн хэрэгжилтэд орон нутгийн зүгээс юуг анхаарч ажиллаж байна?
-Мэдээж хэрэг байгаль орчны менежментийн төлөвлөгөө, нөхөн сэргээлт, уулын ажлын төлөвлөгөө батлагдсан хууль дүрмийнхээ дагуу явагдана. Гол нь орон нутгийн зүгээс татвараа бүрэн авах, ажиллах боловсон хүчин, бараа бүтээгдэхүүн орон нутгаасаа нийлүүлэхэд орон нутгийн удирдлагын хувьд санаачилга гаргаж, эрчимтэй ажиллах ёстой. Тийм ч учраас өөрийн биеэр явж үйл ажиллагаатай нь танилцаж байна. Цаашлаад газрын тос болон бусад холимог металлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудтай энэ чиглэлий гэрээг нэн даруй байгуулж дуусгахаар ажиллаж байна. Орон нутгийн хувьд уул уурхайн компнаниудыг хуулийн хүрээнд дэмжиж ажиллана. Харин эдгээр компаниуд орон нутгийн иргэд, орон нутгийн эрх ашгийг дэмжиж ажиллах ёстой. Энэ системийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа.
-Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхай, ашигт малтмал, газрын тосны компаниудын анхаарал татсан нэг асуудал нь тухайн орон нутгаас хийх худалдан авалт байдаг. Энэ тал дээр орон нутгийн зүгээс ямар бодлого баримтлаж байна?
-Орон нутгийн зүгээс бараа бүтээгдэхүүн, хүнс, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгсэл зэрэг бусад худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчийн хувьд нэгдсэн байдлаар мэдээлэл өгснөөр эдгээр компаниуд Улаанбаатар хот, гадаад зах зээлээс бус Дорнодын ААН, байгууллагуудаас бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг байдлыг хэвшүүлэхийн төлөө бид ажиллаж байна. Ингэснээр орон нутгийнхаа эрх ашгийг хангаж, иргэдийг ажилтай, орлогтой болгох, тэдний цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон нутгийн ААН, байгууллагуудын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Эх сурвалж: http://www.dornod.gov.mn