Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг үнэлэх ард иргэдийн үнэлэмж ганцхан сарын дотор 10 хувиар буурч, 54 хувьд хүрсэн байна. Ifop судалгааны хүрээлэнгийн явуулсан судалгааны үр дүн ингэж гарсан талаар Journal du Dimanche сонин мэдээлжээ.
Ерөнхийлөгчийн албанд томилогдоод ердөө гурван сарын хугацаа өнгөрч байхад чансаа нь ийнхүү огцом буурсан нь Францын армийн ерөнхий генерал Пьер де Вилье албан тушаалаасаа татгалзсантай холбоотой ажээ.
Ерөнхийлөгч Макроны цэргийн зардлыг 850 сая еврогоор багасгах шийдвэрийг эсэргүүцэж, армийн генерал албан тушаалаасаа огцорсон юм.
Судалгаанд хамрагсдын дийлэнх нь Макроны “захиргаадалтын” маягийн бодлогод шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байна.
Пьер де Вилье албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэний хариуд Ерөнхийлөгч Макрон Journal du Dimanche сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрэв Ерөнхийлөгч болоод батлан хамгаалахын тэргүүн нарын хооронд үзэл бодлын зөрүү гарсан бол бодлоо өөрчлөх ёстой хүн нь батлан хамгаалахын тэргүүн” хэмээсэн юм.
С.ЦЭЛМЭГ