Арслан цолтой бөхчүүдийн тухай товчхон

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Арслан цолтой бөхчүүдийн тухай товчхон

Арслан цолтой бөхчүүдийн тухай товчхон

Ардын хувьсгалаас 2018 оны Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам хүртэлх хугацаанд улсын арслан цолтон 51 төрсөн ажээ.

Хамгийн олон арслан цолтон төрсөн аймаг бол Архангай аймаг бөгөөд нийт 14 арслан цолтонтой. Эдгээрийн анхны нь Д.Далантай арслан бол хамгийн сүүлд Р.Пүрэвдагва арслан цол хүртээд байна.

Ардын хувьсгалаас хойш төрсөн хамгийн анхны арслан цолтон бол Архангай аймгийн Ихтамир сумын харъяат Д.Далантай арслан юм. Тэрээр 1922 оны цэргийн наадам буюу одоогийн улсын баяр наадамд 9 даван үзүүрлэж арслан цол хүртсэн.

Улсын наадамд анх удаагаа барилдан шууд түрүүлж арслан цолонд хүрэгсэд:

  • Сосорын Шагдар: Завхан аймгийн Баянхайрхан сумын харъяат “босоо” С.Шагдар 1924 оны цэргийн буюу улсын наадамд анх барилдан “босоо” Г.Самданг орхин шууд түрүүлсэн.
  • Мангалын Бэх-Очир: Булган аймгийн Сэлэнгэ сумын харъяат “хурандаа” М.Бэх-Очир 1931 оны улсын наадамд анх барилдан “урт гарт” М.Лхагваар 10 даван шууд түрүүлсэн.
  • Самдангийн Оргодол: Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харъяат С.Оргодол 1955 оны улсын баяр наадамд анх барилдан улсын заан Б.Бадамаар 8 даван шууд түрүүлсэн. Нэгэн зүйл: Улсын арслан С.Оргодол аймгийн заан цолтойгоор улсын наадамд ирж барилдсан бөгөөд 1955 оны сугалаагаар барилдуулсан 256 бөхөөс шууд 8 даван түрүүлж улсын арслан цол хүртсэн бол улсын арслан П.Бүрэнтөгс мөн 2012 онд аймгийн арслан цолтой барилдан шууд түрүүлж улсын арслан цол хүртэж байжээ.

Улсын наадамд анх удаагаа барилдан шууд үзүүрлэсэн арслан цолтой бөхчүүд:

  • Дүйнхэрдоржийн Далантай: Архангай аймгийн Ихтамир сумын харъяат “сайхан” хэмээх Д.Далантай 1922 оны цэргийн буюу улсын наадамд Г.Ванданд өвдөг шороодон үзүүрлэсэн.
  • Маамын Лхагва: Завхан аймгийн Идэр сумын харъяат “Урт гарт” хэмээх М.Лхагва 1931 оны улсын наадамд М.Бэх-Очирт өвдөг шороодон үзүүрлэсэн.
  • Довчингийн Лувсанжамц: Архангай аймгийн Хайрхан сумын харъяат “аат” хэмээх Д.Лувсанжамц 1937 оны улсын наадамд Ш.Гилэгт өвдөг шороодон үзүүрлэсэн.

Арслан цолтнуудаас хамгийн залуудаа анх шөвгөрсөн бөхчүүд:

  • Пүрэвийн Дагвасүрэн: Төв аймгийн Батсүмбэр сумын харъяат П.Дагвасүрэн 1963 онд 19 насандаа улсын наадамд 5 даван улсын начин цол хүртсэн.
  • Хадбаатарын Мөнхбаатар: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Х.Мөнхбаатар 2001 онд 20 настайдаа улсын наадамд 5 даван улсын начин цол хүртсэн.
  • Энхтөгсийн Оюунболд: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Э.Оюунболд 2013 онд 20 настайдаа улсын наадамд 6 даван улсын харцага цол хүртсэн.

Арслан цолтнуудаас хамгийн өндөр насандаа анх шөвгөрсөн бөхчүүд:

  • Дүйнхордоржийн Далантай: Архангай аймгийн Ихтамир сумын харъяат “сайхан” Д.Далантай 1922 онд 37 настайдаа цэргийн буюу цэргийн наадамд барилдан шөвгөрсөн.
  • Сундуйн Лувсанжанцан (Лундаа): Архангай аймгийн Чулуут сумын харъяат С.Лундаа 1925 онд 37 настайдаа улсын наадамд барилдан шөвгөрсөн.

Арслан цолтнуудаас хамгийн залуудаа арслан цол хүртсэн бөхчүүд:

  • Энхтөгсийн Оюунболд: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат Э.Оюунболд 2015 онд 22 насандаа улсын наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн.
  • Пүрэвийн Бүрэнтөгс: Увс аймгийн Давст сумын харъяат П.Бүрэнтөгс 2012 онд 24 настайдаа улсын наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн.

Арслан цолтнуудаас хамгийн өндөр насандаа арслан цол хүртсэн бөхчүүд:

  • Сундуйн Лундаа: Архангай аймгийн Чулуут сумын харъяат С.Лундаа 1929 онд 41 насандаа их шөвөгт шалгарч улсын арслан цол хүртсэн гэдэг. Нэгэн зүйл: “Монгол хүү” кинонд дүрээ үлдээж байсан С.Лундаа арслангийн арслан цол авсан байдал нь тодорхой бус байдаг.
  • Өлзийсайханы Эрдэнэ-Очир: Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат Ө.Эрдэнэ-Очир 1976 онд 40 насандаа их шөвөгт шалгарч улсын арслан цол хүртсэн.

Арслан цолтонуудаас ТӨРИЙН шагнал хүртэж байсан бөхчүүд

  • Улсын арслан У.Мижиддорж 2012 онд Монгол улсын гавъяат тамирчин цол хүртсэн. Тэрээр улсын наадамд хамгийн олон удаа шөвгөрсөн хүчит арслан юм.
  • Улсын арслан Б.Ганбаатар 2009 онд Монгол улсын гавъяат дасгалжуулагч цол хүртсэн. Үндэсний бөхөөр олон арван шавь бэлтгэн гаргасан.
  • Улсын арслан Л.Сосорбарам 2007 онд Монгол улсын гавъяат дасгалжуулагч цол хүртсэн. Самбо, жүдо бөхөөр хичээллэж байсан бөгөөд үндэсний бөхийн олон арван шавь төрүүлэн гаргасан.
  • Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ 1998 онд Монгол улсын гавъяат тамичрин цол хүртсэн. Самбо, жүдо бөхөөр хичээллэж 2000 онд самбо бөхийн дэлхийн аварга, ААШТ-ний 3 удаагийн алт, жүдо бөхөөр ОУ-ын тэмцээнүүдээс медаль хүртэж байсан. Самбо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан. 
  • “Хурц” арслан Ц.Бадамсэрээжид 1997 онд Монгол улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртэж байсан. Тэрээр 1950-иад оны сүүл үеэс үндэсний бөхийн тайлбарлагч хийж байсан.
  • Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир 1967 онд БНМАУ-ын спортын гавъяат мастер (МУГТ) цол хүртсэн. Ө.Эрдэнэ-Очир арслан манай улсад шинэ тутам хөгжиж байсан чөлөөт бөхийн спортоор хичээллэж 1964-Токио, 1968-Мехикогийн олимпийн наадмуудад эх орноо төлөөлөн оролцож 1968 онд шагналт 6-р байр, ДАШТ-нд 1966, 1969 онуудад шагналт 4-6-р байр, ААШТ-нд сонгомол барилдаанд алтан медаль хүртэж байсан хүнд жингийн тамирчин байжээ.

Арслан цолтонуудаас ИХ СПОРТОД

  • Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир, П.Дагвасүрэн нар чөлөөт бөхийн спортоор хичээллэж олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.
  • Улсын арслан Л.Сосорбарам, Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбат, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар нар жүдо, самбо бөхөөр хичээллэж байсан. Д.Ганхуяг арслан самбо бөхөөр дэлхийн аваргын хүрэл, жүдо бөхөөр дэлхийн аваргын 7-р байр, мөн сонгомол бөхөөр зүүн Азийн наадмаас мөнгө, чөлөөт бөхөөр ААШТ-нээс хүрэл медаль хүртэж байсан бол Х.Мөнхбаатар арслан жүдо бөхөөр 2010 онд Азийн наадмаас хүрэл медаль хүртэж байжээ.

Арслан цолтой бөхчүүдийн хоч:

  • Д.Далантай арслан: САЙХАН
  • С.Шагдар арслан: БОСОО
  • Б.Банзар: БОСОО
  • Ш.Төмөрбаатар арслан: ДАЛАЙ ВАНГИЙН ТӨМӨР ДЭГЭЭ
  • Б.Яндаа: ШАР
  • О.Аюур: МЭЭТЭН
  • М.Бэх-Очир: ХУРАНДАА
  • П.Бат-Очир: МУЛИГА БҮРГЭД
  • М.Лхагва: УРТ ГАРТ
  • Д.Данзан: БООХОЙ
  • Х.Дэлэг: УЛААН ХҮЗҮҮТ
  • Л.Чимэд: МӨНГӨНМОРЬТЫН
  • Л.Балсан: ХУМБАН ХАР
  • Г.Намжилваанчиг: ГАНДАНГИЙН БҮРХЭГ
  • Ш.Гилэг: БАРГЫН ГИЛЭГ
  • Б.Төрбат: ЭРЭЭН ХАВИРГАТ
  • Ц.Банди: АРВАЙХЭЭРИЙН
  • Ш.Ванчинхүү: ХОВДЫН ЖИЖИГ ВАНЧИНХҮҮ
  • У.Дамчаа: ГУЛЗГАЙ
  • Ө.Чүлтэмсүрэн: ХУЖАА
  • Ш.Санжсүрэн: НАХИУ
  • Д.Лувсанжамц: ААТ
  • Ц.Содов: СУУДАГ
  • С.Самданжигмэд: ДЭРЭН БОР
  • Д.Самбуу: ЕРӨНХИЙН
  • П.Аюуш: НИСЭХИЙН
  • Ц.Бадамсэрээжид: СЭЭРЭН ДУНГУЙ
  • Б.Жамъяндорж: ТЭМЭЭ ӨРГӨДӨГ

Улсын арслан Ц.Бадамсэрээжид

Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир

Улсын арслан Ш.Ванчинхүү

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж