Казах түмэнд Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.03.20-нд нийтлэгдсэн

Казах түмэнд Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлэв

 Казах
зон олон өдөр шөнийн тэнцэл тохиодог эртнээс уламжлалтай Наурыз баяраа
жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр тэмдэглэдэг.

УИХ-ын
дарга Д.Дэмбэрэл казахын ард түмний үндэсний Наурыз баярын өдрийг
тохиолдуулан Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд болон тус
аймгийн уугуул иргэдийн төлөөллийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч
уулзав.

Тэрбээр “Баян-Өлгий аймаг болон эх орныхоо
өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа нийт казах түмэндээ Та бүхнээр
уламжлан Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Казах түмэн маань
хүнд бэрх цаг үед ч, энх цагийн бүтээн байгуулалтад ч идэвхийлэн
оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж ирснийг төр, засаг
үнэлж байдаг юм” гээд тэдэнд гарын бэлэг гардуулав.

Наурыз
баярыг дэлхийн арав гаруй оронд тэмдэглэдэг байна. Харин энэ жилээс
НҮБ-ын шийдвэр гарч дэлхий дахинаар энэ баярыг тэмдэлэхээр болжээ.
Иймээс манай орны өнцөг булан бүрт ажиллаж, аж төрж байгаа казах түмний
төлөөлөлд хүндэтгэл үзүүлэх ажил энэ жил бүх аймаг, дүүрэгт болж байгаа
аж.

Уулзалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, доктор, профессор Х.Аксолтан, эрдэмтэн
А.Карбай, “Булбул” ХХК-ийн захирал Т.Елемес, өндөр настан Т.Семейхан,
шүдний эмч Ш.Сабах, УИХ-ын гишүүний туслах Б.Жандос, Монголын казах
залуучуудын холбооны тэргүүн Ш.Айдос нарын зэрэг нийгмийн давхар бүрийг
төлөөлсөн хүмүүс ирсэн байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй
харилцах хэлтэс мэдээлэв.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж