Украины ерөнхийлөгч Зеленский өчигдөр /2023.09.21/ Канадад гэнэтийн айлчлал хийжээ. Түүний ерөнхий сайд Жастин Трюдотой Оттавагийн хөөрөх зурваст уулзаж буйг Канадын телевизээр харуулсан байна. Дайн эхэлснээс хойш Зеленский анх удаа Канадад айлчилж буй нь энэ юм. Тэр өмнө нь 2019 онд Канадад айлчилсан.
Энэ долоо хоногт Зеленский Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дахь удаагийн чуулганд оролцсон. Үргэлжлээд Вашингтоныг зорьж, Жо Байден тэргүүтэй АНУ-ын улстөрчидтэй уулзсаны эцэст Канадад иржээ.
Зеленский дайн эхэлсний дараахан Канадын парламентад хандаж үг хэлж байсан. Тэрбээр өнөөдөр ч бас Оросын түрэмгийллийн эсрэг дайнд барууны холбоотнуудаасаа дэмжлэг хүсэх хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ Канадын парламентад үг хэлнэ. Канад улс Украинд 6.6 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн. Энэ нь "Их-7"-ийн бүлгийн орнууд дундаас нэг хүнд ногдох тусламжийн хэмжээгээрээ хамгийн өндөрт тооцогдож байна.
Зеленский, Трюдо нар Оттавагаас Торонтог зорих ба тэнд байгаа украинчуудтай уулзахаар төлөвлөжээ. Канадад украин гаралтай 1.4 сая орчим хүн амьдардаг. Энэ нь тус улсын нийт хүн амын дөрөв орчим хувь юм. Цаашилбал, дайн эхэлснээс хойш 175 мянга гаруй украин хүн Канадад ирж, 700 мянга гаруй хүн ирэх зөвшөөрлөө аваад байна. Дайнаас дүрвэсэн хүмүүсийг түр нүүлгэн шилжүүлэх санаачлагын хүрээнд украинчуудад гурван жилийн хугацаанд нээлттэй ажиллах зөвшөөрлийг олгож буй.
Эх сурвалж: BBC, HINDUSTAN TIMES
Холбоотой мэдээ