ОХУ-ын армийн 72 дугаар буудлагын бригад Бахмутаас ухарсан тухай "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин мэдээлсэн. Энэ мэдэгдэл нь үнэн зөв гэдгийг Украины тал баталлаа.
"Украины Азовын тактикийн бүлэг сүүлийн хэдэн өдөр дайсны 64 цэргийг хөнөөж, 87 цэргийг шархдуулсан. Мөн таван цэргийг олзолсон. Устгасан техник хэрэгслийн талаар ч бас дурдах хэрэгтэй байх. Бид хэд хэдэн зэвсгийн агуулах, миномёт, хэд хэдэн явган цэргийн байлдааны машиныг устгасан" гэж Украины армиас мэдэгдэв.
"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин сум дутагдалтай байгаа талаар гомдоллосон бичлэгийг өчигдөр /2023.05.09/ цахим сүлжээнд нийтэлсэн. Мөн Оросын армийн жирийн цэргүүд Бахмут дахь байрлалаа хаян зугтсан гэлээ. "Бидэнд Батлан хамгаалах яам биш Явуулга зохион байгуулах яам байна. Тийм учраас манай арми зугтаж байна. Өнөөдөр 72 дугаар бригад гурван км квадрат талбайгаа алдсан учраас зугтсан. Энэ байрлал нь стратегийн тулгуур байсан. Тэд зүгээр л юмаа баглаад зугтлаа. Тэнд 500 оросын цогцос үлдсэн" гэж Пригожин хэлсэн байна.
Түүнчлэн "Вагнер"-ын цэргүүд Бахмутаас гарвал урвагчид тооцогдох болно гэдгийг Пригожин онцлов. "Биднийг байрнаасаа ухарвал эх орноосоо урвасанд тооцно гэсэн байлдааны тушаал өчигдөр гарсан. Хэрвээ сум байхгүй бол бид албан үүргээ хаяна. Тэгээд үнэхээр эх орноосоо урвасан хүн нь хэн бэ гэдгийг асууна. Сум дутуу өгөх тушаалд гарын үсэг зурсан цэргийн дарга нар буруугаа хүлээх ёстой" гэжээ.
ОХУ өчигдөр Ялалтын баярын парадаа хийсэн. Энэхүү парадыг Пригожин буруутгажээ. "Ялалтын баяр бол өвөөгийн маань ялалт. Бид энэ ялалтаас нэг милиметрийг ч хүртэх эрхгүй" гэж тэр хэллээ.
Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE