Суданд өрнөж буй хямрал нь Японы цорын ганц хилийн чанад дахь баазыг олон улсын анхааралд орууллаа.
Суданы цэргийнхний дундах эрх мэдлийн төлөөх тэмцлийн үр дагавар нь зэвсэгт мөргөлдөөнийг өдөөж, орон нутгийн иргэдэд хүмүүнлэгийн гамшиг болж, гадаадын иргэдийн амь насанд аюул учруулж байна. Өөрийн орны иргэдийн төлөө санаа зовнисон улс орнууд Судан дахь элчин сайдын яамуудаа нүүлгэн шилжүүлж, аврах ажиллагаанд багаа илгээж байгаагаа мэдэгдэв. Суданы нөхцөл байдалд түгшсэн Япон улсаас дипломат ажилтнууд болон уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд туслах зорилгоор Зүүн Африкийн Жибути улс руу нисэх онгоцоо илгээнэ гэж мэдэгдлээ. Тус улсад Японы цорын ганц хилийн чанад дахь бааз байрладаг юм.
Суданы маргаантай нөхцөл байдал түгшүүртэй байгаа ч Япон яагаад Бүгд Найрамдах Жибути улсад цэргийн баазтай байдаг вэ гэсэн асуулт илүү ихээр анхаарал татав.
Анх Жибути дахь Японы баазын хэрэгцээ далайн дээрэмчдийн улмаас үүссэн. 2008 онд Адены булангийн эргэн тойронд далайн дээрэмчдийн халдлагын тоо огцом нэмэгдсний дараа энэ асуудал Японы төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татсан юм.
Адены буланд дэлхийн газрын тос, худалдааны дийлэнхийг тээвэрлэдэг Баб эль-Мандебын хоолой болох манай гаригийн хамгийн чухал далайн боомтуудын нэг байрладаг.
Энд далайн дээрэмчид ихсэх нь дэлхийн эдийн засагт сөрөг үр дагавар авчирна гэж санаа зовниж, НҮБ-ын Ерөнхий Ассамблей далайн дээрэмчдийг таслан зогсоохыг уриалсан олон тогтоол баталж, хэд хэдэн улс далайн дээрэмчидтэй тэмцэх үйл ажиллагаагаа явуулах бааз байгуулахаар Жибутид ханджээ.
Японы хувьд Адены булан болон Энэтхэгийн далайн тогтвортой байдалд санаа зовниж байв. Тэр дундаа далайн дээрэмчид япон бизнесменүүдэд аюул заналхийлэх асуудал тул улам бүр хурцаар тавигдаж байв.
Засгийн газрын тайланд дурдсанаар, Японы эдийн засгийн хөдөлгөгч хүч болох 1700 орчим худалдааны хөлөг онгоц, болон тус улсаас экспортолсон автомашины 18 хувь нь Адены булангаар дамжин өнгөрдөг.
Үүнээс гадна, Япон нь газрын тосны хэрэгцээны 90 орчим хувийг Ойрхи Дорнодоос хангадаг бөгөөд ихээхэн хамааралтай байгаа нь Токиог бүс нутгаасаа эн тэргүүнд санаачилга гарган ажиллах хэрэгцээг нэмэгдүүлсэн.
Аюулгүй байдлын үүднээс Токио нь Жибути улсын нутаг дэвсгэрт баазтай болж, Япон улсын далайн худалдааны аюулгүй байдлыг хангах төв болгон ашиглаж урьд өмнө байгаагүй алхам хийжээ.
Харин 2009 онд Япон, Жибути улсууд Хүчний статусын тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар Японы Өөрийгөө хамгаалах хүчин Жибутид цэргээ байрлуулах эрх зүйн үндсийг тавьсан юм. Хоёр жилийн дараа Жибутигийн нутаг дэвсгэр дээр Японы анхны хилийн чанад дахь цэргийн бааз нээгдэв. Түүнээс хойш далайн дээрмийн гэмт хэргийн тоо эрс буурсан нь олон улсын хамтын ажиллагаа, тэр дундаа Японы хүчин чармайлт далайн дээрмийн эсрэг үр дүнгээ өгч байгааг харуулав.
Гэсэн ч Япон улс Зүүн Африк дахь харийн нутаг руу цэргээ илгээж байгааг тус улсын ард түмэн сайшаадаггүй. Түүнчлэн хоёр улсын соёрхон баталсан Хүчний хамтын ажиллагааны гэрээний тэгш бус байдлыг япончууд эсэргүүцдэг байна.
Учир нь энэ нь Японы цэргүүдийг Жибути улсын хууль тогтоомжийн дагуу ямар ч төрлийн гэмт хэрэгт буруутгахаас хамгаалдаг. Гэтэл энэ байдал нь Япон дахь АНУ-ын цэргүүдтэй холбоотой асуудалтай яг ижил юм.
Жибутитэй байгуулсан гэрээнд цэргүүдийн асуудлыг байгаа орны хуулиар биш Японы хуулиар шийдвэрлэхээр заасан аж. Энэ нь хэт туйлширсан заалт гэх шүүмжлэл дагуулжээ.
Тухайлбал, АНУ-ын сенатч Майк Ли Япон-Жибутийн гэрээг “Японы цэргийн албан хаагчдад эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөхийг” зөвшөөрсөн атал АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний офицерыг хилс хэрэгт гүтгэн Японд саатуулсантай харьцуулан шүүмжилжээ. Жибутигийн засгийн газраас Японы өөрийгөө хамгаалах хүчний ажилтнуудад олгосон хууль ёсны халдашгүй дархан эрх нь тэдэнд үзүүлж буй итгэлийн илэрхийлэл гэж үзэж болно.
Гэсэн ч гадаадад томилолтоор яваа цэргийн албан хаагчдын зүй бус үйлдэлтэй холбоотой хууль Японд байхгүй байгаа нь асуудал юм.
Тухайлбал, Батлан хамгаалахын сайд асан Коно Таро өмнө нь өөрийгөө хамгаалах хүчний гишүүдийн хилийн чанад дахь гэмт хэргийг Японы хууль эрх зүйн тогтолцооны дагуу шийтгэх боломжгүй гэж өмнө нь онцолж байсан.
Суданд болж буй мөргөлдөөний дунд Жибути дахь Японы баазын гүйцэтгэж буй үүрэг нь зөвхөн далайн тээврийн аюулгүй байдлыг хангахаас гадна үндэсний эрх ашигт чухал ач холбогдолтой болохыг нотолсон юм. Тодруулбал, Африк тив, магадгүй Ойрхи Дорнод дахь тогтворгүй байдлын улмаас аюулд өртөж буй Япон иргэдийн амь насыг хамгаалахад чухал ач холбогдолтой.
Гэвч Японы зэвсэгт хүчин үйл ажиллагааныхаа хариуцлагыг бүрэн хариуцах механизм байхгүй байгаа нь Жибутитэй харилцах харилцааг алдагдуулж болзошгүй юм. Хэрэв Японы цэргийнхэн орон нутгийн иргэдийг хохироож, ямар ч үр дагаварт хүргэхгүй бол олон нийтийн эмх замбараагүй байдал үүсч болзошгүй.
ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT
Холбоотой мэдээ