
Зураач Д.Эрдэнэбат 1992 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн, МУЭ-ийн хорооноос зохион байгуулдаг үзэсгэлэнд тогтмол оролцсоор ирсэн юм. 1997 онд “Нар хиртэлт” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, 2000 онд “Миний сайхан эх орон”, 2006 онд мөн бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байжээ. Түүнчлэн Турк, Япон, БНХАУ, Чех зэрэг оронд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Тэрбээр Монгол орны байгалийн үзэсгэлэн, хоорондын шүтэлцээ, уялдааг уран зургийн хэллэгээр илэрхийлдэг. Монголын Эзэнт Гүрний түүхэн цаг хугацааны ахуй амьдрал, нөхцөл байдлыг уран сайхны аргаар дүрслэн үзүүлж, түүгээрээ эх орноо хайрлан хамгаалах, түүх шастираа судалж мэдэх, нүүдэлчин ард түмний өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлст хувь нэмрээ оруулахыг хүсдэг гэж тэрбээр хэлэв. “Чингисийн хар баатрууд”, “Найман шарга”, “Монгол эмэгтэй”,” “Отгон тэнгэрийн тахилга”, “Морьд” зэрэг бүтээлээс нь “Монголын нууц товчоо”-г уншсан мэт сэтгэгдэл төрөхөөр байна гэж үзэгчид нь ярьж байна.
Б.Болор-Эрдэнэ