“ Мөнх тэнгэрийн хүчин дор” үзэсгэлэн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

“ Мөнх тэнгэрийн хүчин дор” үзэсгэлэн эхэллээ

Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд зураач Д.Эрдэнэбат, уран сийлбэрч Д.Гомбожав нарын хамтарсан “Мөнх тэнгэрийн хүчин дор” үзэсгэлэн нээгдлээ. Үзэсгэлэн нь энэ  сарын 16-аас 24-ийг дуустал үрэлжлэх юм. Уран сийлбэрч Д.Гомбожав нь 1979 оноос эхлэн уран бүтээлээ туурвин цаг үеийн сэдэвтэй үзэсгэлэнд тогтмол оролцож, улсын болон олон улсын нэр хүндтэй шагнал урамшууллыг хүртэж байжээ. 1992 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Эдүгээ хоёр ч бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байв. Үүний зэрэгцээ Япон, БНСУ, Итали, Герман, Франц, ОХУ зэрэг оронд болсон Монгол урлагийн үзэсгэлэнд амжилттай оролцож, үндэсний урлагаа сурталчилж байсан. Тэрбээр байгалийн модны ур үндсээр уран бүтээлээ хийдэг цөөн уран бүтээлчдийн нэг юм.  Модны ур үндэсний өвөрмөц тогтцыг ашиглан түүний бүтээсэн “Амьдрал”, “Даяанч”, “Өвөг эцэг”, “Хүчтэн” зэрэг олон бүтээл нь үндэсний урлагийн шилдэг бүтээлийн тоонд ордог. Тэрбээр энэхүү үзэсгэлэндээ 10 гаруй төрлийн модны ур үндсээр урлан бүтээсэн 50 гаруй бүтээлээ танилцуулж байна. “Чингис хаан”, “Яриа”, “Нуман тулгуур”, “Дашмаг”, “Бүсгүй” зэрэг бүтээлийг нээлтийн ёслолд ирсэн зочид ихээхэн сонирхон, таашааж байсан юм.

Зураач Д.Эрдэнэбат 1992 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн, МУЭ-ийн хорооноос зохион байгуулдаг үзэсгэлэнд тогтмол оролцсоор ирсэн юм. 1997 онд “Нар хиртэлт” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн, 2000 онд “Миний сайхан эх орон”, 2006 онд мөн бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байжээ. Түүнчлэн Турк, Япон, БНХАУ, Чех зэрэг оронд уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан юм. Тэрбээр Монгол орны байгалийн үзэсгэлэн, хоорондын шүтэлцээ, уялдааг уран зургийн хэллэгээр илэрхийлдэг. Монголын Эзэнт Гүрний түүхэн цаг хугацааны ахуй амьдрал, нөхцөл байдлыг уран сайхны аргаар дүрслэн үзүүлж, түүгээрээ эх орноо хайрлан хамгаалах, түүх шастираа судалж мэдэх, нүүдэлчин ард түмний өв соёлыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлст хувь нэмрээ оруулахыг хүсдэг гэж тэрбээр хэлэв. “Чингисийн хар баатрууд”, “Найман шарга”, “Монгол эмэгтэй”,” “Отгон тэнгэрийн тахилга”, “Морьд” зэрэг бүтээлээс нь “Монголын нууц товчоо”-г уншсан мэт сэтгэгдэл төрөхөөр байна гэж үзэгчид нь ярьж байна.

Б.Болор-Эрдэнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж