Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2022.08.31-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв таалал төгслөө

Зөвлөлтийн удирдагч Михаил Горбачёв таалал төгслөө

Зөвлөлт холбоот улсыг сэргээхээр зорьж байсан ч эцэстээ коммунизмыг сүйрүүлж, улсаа задалж, хүйтэн дайныг төгсгөсөн Михаил Горбачёв өчигдөр таалал төгсчээ. ЗХУ-ын удирдагч асан Михаил Горбачёв 91 насандаа тэнгэрт дэвшсэн байна. Москва дахь Төв клиник эмнэлгээс мэдээлснээр Горбачёв удаан хугацаанд өвчнөөр шаналсны эцэст таалал төгссөн аж. Гэхдээ түүнийг өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй.

Горбачёв засгийн эрхэнд долоон жил хүрэхгүй байсан ч олон гайхалтай өөрчлөлтүүдийг хийжээ. Гэвч тэд түүнийг түлхэн унагаснаар Зөвлөлтийн авторитар улс нуран унаж, Зүүн Европын улс орнууд Оросын ноёрхлоос ангижирч, олон арван жил үргэлжилсэн зүүн барууны цөмийн сөргөлдөөн дууссан юм.

Түүний уналт ичгүүртэй  байсан. Түүний хүч 1991 оны наймдугаар сард гарсан төрийн эргэлт хийх оролдлогоор суларсан. Горбачёв төрийн эрхэнд байх сүүлчийн сарууддаа бүгд найрамдах улсууд шил дараалан тусгаар тогтнолоо зарлахыг харсан ба эцэст нь 1991 оны арванхоёрдугаар сарын 25-нд огцорчээ. 

ЗХУ нуран унаснаас 25 жилийн дараа Горбачёв "The Associated Press" агентлагт хэлэхдээ, ЗХУ-ыг хадгалж үлдэхийн тулд өргөн хүрээтэй цэргийн хүч ашиглаагүй нь цөмийн зэвсэгтэй оронд иргэний дайн дэгдэхээс эмээсэн гэж ярьжээ. Түүнчлэн тэрбээр "Би өөрийгөө дэлхий, Европ, улс оронд зайлшгүй хэрэгтэй байсан шинэчлэлтийг эхлүүлсэн хүн гэж хардаг. Надаас хүмүүс бүх зүйлийг дахин эхлүүлвэл та ижилхэн шийдвэр гаргах уу? гэж олон асуудаг. Харин би тэдэнд "тиймээ" гэж хариулдаг" гэж ярьсан байна.

Хэдийгээр бүрэн эрхийнхээ сүүлчийн саруудад хүчин мөхөс байсан ч Горбачёв бол ХХ зууны хоёрдугаар хагаст аугаа нөлөө үзүүлсэн улстөрч юм.

Хүйтэн дайныг төгсгөсөн гавъяаг нь үнэлж Горбачёвд 1990 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртээсэн. Гэвч ОХУ-д түүнийг үзэн яддаг хүмүүс олон байдаг аж. ЗХУ улс 1991 онд бүрэн задарч, 15 улс тусгаар тогтносонд оросууд түүнийг буруутгадаг байна. Үнэндээ Горбачёв системийг сайжруулахыг хүссэн боловч нураахыг хэзээ ч хүсээгүй юм. Төрийн эрхэнд гармагцаа тэрбээр эдийн засаг, улс төрийн зогсонги байдлыг эцэслэх кампанит ажил өрнүүлж, бүтцийг шинэчлэх зорилгоо хэрэгжүүлж эхэлжээ. Тэрбээр хожим намтартаа бичихдээ, улс орон нь байгалийн баялгаас хэт хараат, олон арван сая хүн ядуу зүдүү амьдарч байгаад сэтгэл бухимдсаар ирсэн гэв. Горбачёв улс төрийн хоригдлуудыг суллаж, олон нэр дэвшигчтэй сонгууль, нээлттэй мэтгэлцээнийг зөвшөөрч, ард иргэдээ гадагш чөлөөтэй аялах эрхийг олж, шашныг дарах байдлыг өөрчилж, цөмийн зэвсгийн тоог бууруулж, барууны орнуудтай илүү ойр харилцаа тогтоож, Зүүн Европын дагуул орнуудад коммунист дэглэм нуран унахад эсэргүүцэл үзүүлээгүй.

Горбачёв 1996 онд ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшсэн нь орон даяар олны доог болж, ердөө 1 хувийн санал авчээ. Тэрбээр буяны сандаа мөнгө цуглуулахын тулд 1997 онд "Pizza Hut" компанийн телевизийн рекламанд тоглож байв.

Михаил Горбачёв 1931 оны гуравдугаар сарын 2-нд Оросын өмнөд хэсгийн Привольное тосгонд төрчээ. Тэрбээр 15 наснаасаа хичээлээ тараад эцэгтээ туслан ургац хураадаг комбайн жолооддог байв. Улмаар ургац хураалтын гүйцэтгэлээрээ Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан нь 17 настай хүүхдийн хувьд ер бусын үзүүлэлт юм. Улмаар уг одон, эцэг, эхийнх нь нам дахь ар талын ачаар 1950 онд улсынхаа топ сургууль болох Москвагийн их сургуульд элсч чаджээ. Их сургуульд  эхнэр Райза Максимовна Титоренкотойгоо учирч, Коммунист намд элссэн байна. Горбачёв 1971 онд намын Төв хороонд сонгогдож, 1978 онд Зөвлөлтийн хөдөө аж ахуйн бодлогыг хариуцаж болсон байв. Улмаар 1980 онд улс төрийн хорооны гишүүн болсон. Тэрбээр Бельги, Герман, Франц, Итали, Канад зэрэг барууны олон орноор аялснаар ЗХУ-ын загварын социалист системдээ эргэлзэж эхэлсэн аж.

Тухайн үед "Яагаад манай орны иргэдийн амьдралын стандарт бусад хөгжингүй орнуудаас доор байна вэ?" гэдэг асуулт үргэлж миний дотор эргэлддэг байсан гэж дурсчээ.

Гэсэн ч тэрбээр төр барих ээлжээ хүлээх хэрэгтэй байв. Ингээд 1982 онд Леонид Брежнев нас барснаар Юрий Андропов, Константин Черненко нар төрийн эрхийг захирч эхэлжээ. Харин 1985 оны гуравдугаар сард түүний ментор Константин Черненко нас барснаар намаас илүү залуу хүн буюу 45 настай Горбачёвыг удирдагчаар сонгосон аж. 

ОХУ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украинд "цэргийн тусгай ажиллагаа" нэрийн дор дайн эхлүүлснийг буруушаан Горбачёв байлдааны ажиллагааг хурдан зогсоож, энхийн хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэхийг уриалжээ. Тэрбээр "Хүний аминаас илүү үнэ цэнтэй зүйл энэ дэлхийд байхгүй. Яриа хэлэлцээ бол харилцан хүндлэл, ашиг сонирхлоо хүлээн зөвшөөрөх суурь бөгөөд маш хүнд асуудлуудыг шийдэх цор ганц арга зам" гэжээ. 

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж