Орос, Казахстаны харилцаанд сэв суув

Хуучирсан мэдээ: 2022.06.23-нд нийтлэгдсэн

Орос, Казахстаны харилцаанд сэв суув

Орос, Казахстаны харилцаанд сэв суув

Казахстан улсад энэ оны нэгдүгээр сард олон нийтийн эсэргүүцлийн жагсаал орон даяар явагдсан. Эмх замбараагүй байдлыг намжаахын тулд ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Оросын цэргүүдийг дуудаж, тусламж хүссэн юм. Энэ нь Казахстаны тусгаар тогтнолыг золиослох вий гэсэн хардлагыг олон улсын ажиглагчдад төрүүлж байв. Эл үйл явдлын дараа Оросын зэвсэгт хүчин Украинд цөмрөн орж, өнөөдрийг хүртэл дэлхий дахин дайн дажнаас салаагүй л байна.

Санкт Петербург хотноо зургадугаар сарын 17-нд уламжлалт Олон улсын эдийн засгийн форум зохиогдсон билээ. Энэхүү форумд Казахстаны ерөнхийлөгч К.Токаев биечлэн оролцсон бол Хятадын дарга Ши Жиньпин, Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси нар цахимаар оролцжээ. Форумын гол сэдэв нь “Шинэ ертөнцийн шинэ боломжууд” нэртэй.

Форумын үеэр К.Токаев болон В.Путин нар хамтдаа тайзнаа гарч хэлэлцүүлэг хийсэн. Энэ үеэр хөтлөгчийн тавьсан асуултад  хариулахдаа Токаев Кремлийг эсэргүүцсэн утгатай үгс хэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаад байна. Украины дайны улмаас хөшигний ард хэдийнэ үүссэн хоёр улсын хурцадмал байдал форумын үеэр ил гарсан агаад энэ нь эдийн засгийн асуудлаас хальж геополитикийн шинжтэй болж хувирлаа.

Тодруулбал, форумын модератор, “RT” сувгийн ерөнхий редактор Маргарита Симонян дайны талаар ямар бодолтой байгааг Казахстаны ерөнхийлөгчөөс асуужээ. Энэ асуултын хариуд К.Токаев хариулахдаа “Казахстан улс Украины зүүн хэсгийн Донецк ба Луганскийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрвээ дэлхий даяар үндэстнүүдийн өөрийгөө тунхаглах эрхийг бодитоор хэрэгжүүлсэн бол НҮБ-ын бүрэлдэхүүнд байдаг 193 улсын оронд бараг 600 орчим муж байх байсан. Мэдээжийн хэрэг энэ нь эмх замбараагүй байдал үүсгэнэ. Энэ шалтгааны улмаас бид Тайвань, Косово, Гүржийн салан тусгаарласан  бүс нутаг Өмнөд Осет, Абхазийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэлжээ.

Токаеваас өмнө Казахстаны Гадаад хэргийн сайд Мухтар Тлеуберди салан тусгаарласан бүс нутгийг хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээнд оролцохгүй гэдгээ илэрхийлж байсан удаатай.

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин форумын үеэр, “Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн хэсгүүд бүхэлдээ түүхэн Оросын нэг хэсэг юм. Москваг илт эсэргүүцсэн орнууд Украинтай ижил хувь тавилантай тулгарч мададгүй” гэж хэлсэн. Оросын түрэмгийлэл, Украины газар нутгийг задлах гэсэн оролдлогын төлөө Казахстаны ерөнхийлөгч дургүйцлээ илэрхийлж буй нь анхны тохиолдол биш юм. Гэхдээ энэ удаад Путинтэй нүүр нүүрээ харалцаж байхдаа ийн зоримогоор хэлсэн нь анхаарал татаад байна. Уг үйлдэл нь Казахстан тэргүүтэй түншүүд Оросын харилцаанаас дөлж буйн илэрхийлэл байж болзошгүйг харуулав.

Казахстан дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Уильям Кортни энэ талаар үзэл бодлоо илэрхийлсэн. “В.Путинтэй хамт тайзан дээр байхдаа ингэж хэлэх нь үнэхээр зоригтой алхам байсан. Москвагийн хөршүүддээ хандах байр суурь улам л түрэмгий болж байгаа. Ирээдүйд Казахстанд илүү их дарамт шахалт ирж болзошгүй” гэж тэр хэлжээ.

Оростой хөрш зэргэлдээ байсан хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсуудын хувьд Украинд болж буй үйл явдлыг харж, өөр хаана ийм зүйл болох бол гэж бодох нь амаргүй байгаа талаар олон улсын шинжээч Захари Витлин хэлсэн.

Дайн үргэлжлэхийн хэрээр Казахстан улс Оросоос илүү тусгаар тогтносон гэдгээ харуулах болов. Украин дахь салан тусгаарласан бүс нутгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ Казахстан мэдэгдсэнээс гадна бас нэг чухал үйл явдал болсон нь ерөнхийлөгч К.Токаев өмнө нь Ялалтын баярт зориулсан цэргийн парадыг цуцалжээ. Ялалтын баяр бол Дэлхийн хоёрдугаар дайнд нацист Германыг ялахад ЗХУ-ын оруулсан хувь нэмрийг тэмдэглэдэг чухал, түүхэн баяр юм.

Түүнчлэн Оросын эсрэг тавьсан барууны хориг арга хэмжээг зөрчихгүйг хичээн, болгоомжлох болжээ. Казахстаны ерөнхийлөгч Токаев зургадугаар сарын 15-нд өгсөн ярилцлагадаа, “Бид Москвад шинэ хориг арга хэмжээг даван туулахад нь туслахгүй” гэж мэдэгдсэн.

Нэгдүгээр сард болсон цуст үймээний үеэр Орос улс хөндлөнгөөс оролцож, цэргээ байршуулсны  хариуд Казахстан өртэй боллоо гэсэн мэдэгдлүүдийг Токаев эрс эсэргүүцжээ. Оросууд харин дээрх үйл явдлыг мушгин гуйвуулж, “Орос улс Казахстаныг аварсан, тиймээс одоо мөнхөд манай талд үйлчилж, хөлд суух ёстой” гэх болсон байна.

Чеченийн удирдагч Рамзан Кадыров Оросын талд үйлчилж, дайнд гар бие оролцсон. Тэрбээр радиод өгсөн ярилцлагадаа Казахстан болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын бусад гишүүн орныг Москвад туслахгүй байна гэж шүүмжилжээ. Мөн Казахстаны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал хойд хэсгээрээ алдагдаж байгааг онцолсон байна.

Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев өмнө нь ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, НҮБ-ийн төлөөлөгч, сенатын илтгэгч зэрэг албан тушаалыг хашиж байсан туршлагатай дипломатч юм. Тэрбээр ЗХУ задран унаснаас хойших Казахстаны гадаад бодлогыг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Казахстан улс Орос, Хятад хоёртой тэнцвэртэй харилцаагаа хадгалахын зэрэгцээ АНУ, Европтой ч сайн харилцаатай байсаар ирсэн. Цаашид Иран, Турк зэрэг бүс нутгийн бусад оронтой холбоо тогтоохыг эрмэлзэж буй аж. Гэхдээ Украины дайны дараа Казахстан гадаад бодлогын стратегиэ нэлээн өөрчилсөн гэхэд болно. Тэд Оростой харилцах харилцаагаа хоёр дахин бууруулж, эсрэгээрээ Иран, Турктэй харилцаагаа гүнзгийрүүлжээ.

Токаев тавдугаар сард Туркт айлчилсан. Айлчлалынхаа үеэр “Бүс бас зам” санаачилгын дагуух худалдааг эрчимжүүлж, худалдааны шугамын чиглэлийг өөрчлөхөөр тохирчээ. Хятадын “Бүс ба зам” санаачлага нь Казахстан, Оросоор дамжин өнгөрдөг. Тэгвэл энэ чиглэлийг Туркээр дайрч, Европ руу хүрдэг болгохоор шийдсэн байна.

Туркийн айлчлалын дараа зургадугаар сарын 19-нд Токаев Иранд айлчлав. Энэ үеэрээ мөн л хоёр талын худалдааг нэмэгдүүлж, харилцаагаа идэвхжүүлэхээр тохирчээ. Бусад улс оронтой ийнхүү харилцаагаа шинэ түвшинд гаргаж байгаа нь Оросоос хараат байдлаа багасгах гэсэн Казахстаны хүчин чармайлт гэж үзэж байна.

Эх сурвалж: RFERL, KREMLIN, EURASIANET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
60
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж