Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан УИХ-ын даргад өнөөдөр /2022.08.30/ Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн барилаа.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.ЭНХ-АМГАЛАН:
-Засгийн газраас мэргэжлийн боловсролын тогтолцоог шинэчилж байгааг та бүхэн мэднэ. Дээд болон мэргэжлийн боловсролын тогтолцоонд маш олон гажиг гарсан. Товчхондоо, МСҮТ-ийн тогтолцоог залгисан гэж хэлж болно.
Ажилгүйдэл, ядуурлын тоо, ер нь ЕБС-аа төгсөөд шууд дээд боловсрол эзэмшдэг тогтолцоо дэлхийд байхгүй. Зүй нь ЕБС төгсөгчдийн 40 хувь нь дээд боловсрол руу дамжиж ордог, бусад нь мэргэжлийн болон техникийн тогтолцоо руу дамжиж ордог тогтолцоотой байдаг. Тиймээс тогтолцооны гажгийг арилгах шаардлага байна.
Хуулийн төслийн гол зорилго нь мэргэжлийн боловсролын салбарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтт, нийлүүлэлттэй уялдуулж өгөхийг зорьж байна. Хүүхэд төгсөөд ажилтай байх боломжийг хангана. МСҮТ, коллежийн санхүүжилтийн асуудлыг цэгцэлж, үр дүнд суурилсан санхүүжилтийг бий болгоно. Хий халамжийн мөнгө авдаг байсан гашуун туршлага бий. Тиймээс мэдээллийн системийг цэгцэлж байгаа. Ерөнхий эрдэм, мэргэжлийн багш нарын ур чадвар дээр үндэслэж нийгмийн хамгааллын асуудал сайжирна.
МСҮТ, политехникийн суралцагч дээд боловсролын байгууллагад кредит тооцуулж шатлан сургах боломжийг бүрдүүлнэ. Насан туршийн боловсрол олгох боломж нээгдэнэ. 2.5 жилийг гурван жил болгож байна. Яагаад гэвэл 2.5 жилээр төгсөөд сурахаар хөдөлмөрийн насанд хүрээгүй гээд төгсчихөөд 1-1.5 жил хөдөлмөрийн харилцаанд орж чаддаггүй байдал үүсдэг. Үүнийг бид залруулна.
МСҮТ-ийн хүүхдийн стипенд цааш хэрэгжинэ. Хуримтлуулж байгаад төгсөхөд нь нэг мөсөн өгдөг тогтолцоо хэвээр байна. Хамгийн гол нь халамжийн мөнгө биш юм. Энэ бол мэргэжилтэй болоод, ажлын байраа хийх гэж байгаа хүмүүст зориулсан дэмжлэг юм.
Гэтэл их дээд сургууль төгсчхөөд ажилгүй залуус зөндөө байна. Их дээд сургууль төгссөн 30 хүүхдийн зөвхөн нэгд нь ажлын байр оногдож байгаа бол МСҮТ төгссөн зургаан хүүхэд бүрийн нэг нь ажлын байртай болж байна. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 55 мянган инженер техникийн ажилтан хэрэгтэй байна. Аав ээжийнхээ цалингаар сураад ажилгүй дипломтой хүн хэрэгтэй юу, эсвэл МСҮТ-т сураад таван сая төгрөгийн цалинтай ажлын байр хэрэгтэй юу.
Мөн 4800 хүүхдийн регистрийн дугаар ашиглаж 3.2 тэрбумын хохирол учруулсан асуудлыг мэдээлсэн. Олон жил угжирч, хариуцлага алдсан хүмүүст хуулийн хариуцлага тооцно.
Холбоотой мэдээ