Ардчилсан намаас /АН/ цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.04.06/ мэдээлэл хийж байна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР:
-Тагнуулын Ерөнхий газраас /ТЕГ/ өнөөдөр "Зохион байгуулалттай бүлэг хүмүүс хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан төдийгүй АН-ын нэр бүхий улстөрчдийн биед халдахаар бэлтгэж байсан" талаар мэдээлэл хийсэн. Монгол төрийн нүд чих болсон ТЕГ хариуцлаггүй мэдэгдэл хийхгүй нь мэдээж. Тиймээс дээрх асуудал дээр АН байр сууриа илэрхийлэх ёстой.
ТЕГ-т баривчилагдсан өмгөөлөгч асан Б.Баасанцогт өмнө нь Монгол Улсын үе, үеийн лидер болсон улстөрчдийг шоронд суулгах схемийг зурсан байсан.
Б.Баасанцогт нь С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Да.Ганболд нарын шүүх хурал болон ялын тогтоолтой холбоотой схемийг боловсруулсан. Тэрхүү схемд Э.Бат-Үүл баатрын шүүхийн процесс ч мөн бий.
Үүнээс харахад гадны гар хөл болсон хүмүүс энэ ажиллагаанд оролцсон гэж хардаж байна. Монгол төрийг хүчгүй болгож, монголчуудыг өөр хооронд нь алалцуулах гэсэн гадны бодлого явж байна. Эрх баригч нам нь сөрөг хүчнийхээ лидерүүдийг хөнөөсөн болгож харагдуулах төлөвлөгөөг Монголд гаднаас л хэрэгжүүлдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН, АН засаг барихдаа хэзээ ч төмөр сэлмээр хоорондоо тулалдаж байгаагүй. Харин модон сэлмээр зодолддог байсан. АН-ын үзэл санааны хоригдлуудын цуваа ч энэ асуудалтай холбоотой. Тэднийг хориод дийлэхгүй болохоор хөнөөчхөөд эрх баригч нам хөнөөчихлөө гэсэн технологи хэрэгжүүлэх гэж байсан биз. Энэ бол Монголын технологи биш. Үүний дараа хэн нэгэн дарангуйлагч гарч ирнэ. Ийм байж болохгүй. Монгол төрийн аюулгүй байдал юу, юунаас илүү эрхэм байх ёстой. Монголчууд хоорондоо талцаж, гадаадын тоглоомын улс болж болохгүй.
АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү:
-АН энэ асуудлыг маш эмзэг хүлээж авсан. Учир нь АН-ын үе, үеийн лидерүүд бусдын гарт амиа алдсан байдаг. С.Зориг, Ж.Наранцацралт, О.Энхсайхан, Г.Батхүү нар байна. Хэрэв Г.Батхүү амьд байсан бол АН ингэтлээ хагарч бутрахгүй байсан юм. Энэ хүн хэнд гай болсон бэ гэдгийг өнөөдөр эргээд бодох цаг болсон. Хоёрдугаарт, үнийн өсөлт, валютын ханш, ажилгүйдэл зэрэг олон асуудалд эрх баригч нам маш хариуцлагагүй хандаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр баахан "тата тунгаа" явуулсан. "Цаг нь ирэхээр хэлнэ" гээд явсан. Өнөөдөр ТЕГ мөн "тата тунгаа" хийж байна. Тодорхой мэдээллийг өгсөнгүй. АН-ын хувьд ард түмний амгалан тайван байдлыг хангах үүднээс гэм буруутай этгээдүүдийг захиалагчтай нь хамт шийтгэх ёстой гэж үзэж байна. Мэдээж, гэм буруугүй байвал нэн даруй цагаатгаж, суллах нь зөв. Үүнээс гадна АН хуулийн дагуу бүх шатны сонгуулиа удахгүй хийх гэж байна. Хуулийн хүрээнд үе шаттайгаар дүрмийн өөрчлөлт хийнэ. Дээд шүүх С.Эрдэнийн Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэж авсан. Нөгөө тал зориуд хүчирхийлсэн байдлаар бүх асудалд хандаад байвал тоглоом нь шоглоом болох вий гэж сануулъя.