Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний байгуулсан засгийн газар он гарангуут “ТАРААСНАА ТАТАХ” бодлого явуулаад эхлэв. Өнгөрсөн хугацаанд Цар тахлын тухай хуулиар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тогтоол шийдвэрүүдийн нэг нь хүүхдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг 100 мянга болгоод байсан. Уг шийдвэрийг үргэлжлүүлэн хүүхдийн мөнгийг 100 мянга хэвээр үлдээв. Гэхдээ үлдээхдээ нөхцөлтэй. Талыг нь бидэнд үлдээгээд, талыг нь ав гэдэг нөхцөл гаргаад ирэв.
Нэг л танил тактик. Төлсөөр ирсэн, төлж ч байгаа өнөөх л олон шимтгэл, албан татвар, суутгалууд. Бичилт хийлгээд л байдаг болохоос гар дээрээ тавиад, амандаа хүлхээд, биедээ наасан юмгүй л яваа улс даа, бид. Одоо ойлгож байгаа биз. Яг энэ зарчмаараа таны хүүхдэд ирээдүйн хуримтлал үүсгэлээ гэж хошгируулаад, цаасан дээр бичсэн хэдэн тоо л харуулахаар зэхэж байна. 18 нас хүртэл нь гар хүрч болохгүй гэдэг нь бидний төлдөг НДШ-ийг таныг өндөр настай болохоор өгнө өө гээд л бичээд байдагтай агаар нэг сонсогдож байгаа биз.
Бодит амьдрал
2016-2021 оны хооронд таван жилийн дотор дундаж цалин 122 мянган төгрөгөөр нэмэгдсэн боловч дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ хэд дахин өссөн. Жишээ нь: хонины цул мах 2016 онд 5100 төгрөг байсан бол 2021 онд 11000 төгрөг болтлоо өссөн. Шатахууны үнэ бүтэн нугаларчихсан. Дагаад бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан. Сая төгрөгийн орлоготой гэр бүл ийм цаг үед хангалуун амьдарч чадаж байгаа гэж үү?
Өнөө маргаашдаа юу идэхээ мэдэхгүй, хөнжил дотроо чичрээд хэвтэж байгаа хэдэн мянган хүүхэд байдгийг тэд мэддэг юм болов уу? Яг үнэндээ хүүхдийн мөнгө рүү дайрах нь хамгийн ядсан арга. Хүүхэд бол улсын хамгийн үнэтэй капитал. Гэтэл тэдэнд өгнө гэснийгээ хуримтлал нэрийдлээр өөрсдөдөө татах гэж байдаг. Нэг тоо хэлэхэд Монгол Улсад бүтэн өнчин 2994 хүүхэд байдаг. Тэд өөрсдөө хүүхдийн мөнгөө авдаг. Харин хагас өнчин 35016 хүүхэд бий. Тэдэнд хүүхдийн мөнгө нь илүүдээгүй.
Хуримтлуулдаг бус “Хусдаг” төр
Энэ оны долдугаар сарын 1-нийг хүртэл 100,000 төгрөгөөр олгоно, гэхдээ ЗӨВХӨН ХҮСЭЛТ ӨГСӨН ТОХИОЛДОЛД ШҮҮ. ХҮСЭЛТ ӨГӨӨГҮЙ БОЛ АВТОМАТААР ШУУД УЛС ХУРИМТЛАЛ НЭРТЭЙГЭЭР Төрийн санд өнөөдрөөс бичилт хийж эхэлнэ. Хянах, үзэх, харах боломжгүй. Өсөх үгүйг нь ч мэдэхгүй. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хүссэн хүсээгүй бүгд автоматаар хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ. Энэ бол талыг нь маньдаа өгчих өө. Талыг нь чи авчих аа л гэсэн үг. Түүнчлэн цар тахлын үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгодог 180 мянган төгрөгийг нэмж, 280 мянга болгоод байсан. Гэвч 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэлт 100 мянган төгрөгийг олгохоо зогсоосон. Нийгмийн нэн шаардлагатай эмзэг бүлэг болох хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмждээ төр гараа дүрээд эхэллээ. Дараагийн самрах сан нь аль сан байх бол доо.
Холбоотой мэдээ