2021 оны 12-р сарын 29-ний өдөр Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас зохион байгуулсан “Энтрепренер-2021”, Меркурий цом гардуулах ёслолын ажиллагааны үеэр Монголбанкнаас эдийн засгийг дэмжихээр хэрэгжүүлсэн бодлогыг үнэлэн “Бизнест ээлтэй төрийн түшээ” өргөмжлөлийг Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардуулав.
“Нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж, улс орныхоо хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжиж, бизнесийн орчныг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бататгахын төлөө үнэтэй хувь нэмрээ оруулсан” гэдэг үндэслэлээр Төв банкинд энэхүү шагналыг олгожээ.
Цар тахлын хүндрэлийн үед Монголбанкнаас хэрэгжүүлсэн мөчлөг сөрсөн бодлого нь макро эдийн засгийн орчныг тогтворжуулж, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалан, банкны салбарын тогтвортой байдлыг хангаж санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлснээр бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд чухал дэмжлэг болсон байна. Тухайлбал:
- Mөнгөний бодлогын төлөвийг зөөлрүүлснээр зээлийн жигнэсэн дундаж хүү түүхэн доод түвшин 14.5%-д хүрсэн;
- Валютын нөөцийг бүрдүүлж түүхэнд дээд түвшин $4.9 тэрбумд хүрч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш цар тахлын үед 2850 орчимд тогтвортой хадгалагдсан;
- Бодлогын шинэ хэрэгсэл нэвтрүүлснээр 36 мянга гаруй ажилтантай нийт 3300 орчим аж ахуйн нэгжид 800 тэрбум төгрөгийн репо санхүүжилтийг арилжааны банкаар дамжуулан олгосон;
- Ковид 19-өөс шалтгаалан эргэн төлөлт нь хүндрэлд орсон 4.4 их наяд төгрөгийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх боломжийг олгосон.
Аж ахуйн нэгжүүдийн дуу хоолой болж бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн үр дүнтэй байдлыг дээшлүүлэхийг зорьдог МҮХАҮТ-аас уламжлал болгон оны онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг энэхүү үйл ажиллагаа 24 дэх жилдээ зохион байгуулагдсан байна.