Ч.Ганхуяг: Ард койн олон улсад гарлаа, энэ бол дөнгөж эхлэл

Хуучирсан мэдээ: 2021.05.03-нд нийтлэгдсэн

Ч.Ганхуяг: Ард койн олон улсад гарлаа, энэ бол дөнгөж эхлэл

Ч.Ганхуяг: Ард койн олон улсад гарлаа, энэ бол дөнгөж эхлэл

Олон улсын криптовалютын томоохон биржүүдийн нэг нь Bittrex. Тус бирж дээр Ард койн гарч байгаатай холбогдуулан “Ард санхүүгийн нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.


-Ард койн олон улсын бүтээгдэхүүн боллоо. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Ард койн дэлхийд гарлаа, том алхам хийлээ. Бид хамтдаа оргил дээр нь гарч ирлээ. Гэхдээ энэ бол эцсийн зогсоол биш ээ. Үүнийг олон давааны нэг оргил нь гэж ойлгоорой. Монголчууд бид оюуныхаа бяр чадлаар дэлхийд гарах мөч ирдэг юм байна. Таван жилийн өмнө хөрөнгийн зах зээлийн оргилд тугаа хатгахаар бид ажиллаж байна гэж тухайн үед ярилцлага өгч байсан. Өнөөдөр бид энэ зах зээлийн түүчээ, мөс зүсэгч нь болоод явж байна. “Ард санхүүгийн нэгдэл” хувьцаа эзэмшигчдийн хурлаа хэд хоногийн өмнө хийлээ. Бид 60 гаруй мянган хувьцаа эзэмшигчтэй болсон байна. Ард койн 700 мянган хэрэглэгчийг өнөөдөр нэгтгэж чадлаа. Хөрөнгө оруулагч үндэстэн болох санаачилга биеллээ олж эхэллээ. Энэ бол эхлэл. Олон улсын криптовалютын томоохон биржүүдийн нэг нь Bittrex. Өнөөдөр уг биржээр Ард койн арилжаа эхэлж байна. Ард санхүүгийн нэгдэл болоод Монголын хөрөнгийн зах зээлийн нэг түүхэн үйл явдал гэж үүнийг харж, ойлгож байна. Дэлхийн шилдэг биржүүдийн нэг, АНУ-д үүсгэн байгуулагдсан Bittrex Global бирж дээр 90 гаруй улсын 250 төрлийн койн болон токенууд арилжаалагдаж байна.

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байгаа юм байна. Та бүхэнд, танай хамт олонд, нийт сэтгүүлч нартаа баярын мэнд хүргэе. Ард койны талаар олон түмэнд үнэн зөв, бодит мэдээлэл хүргэхэд бид бүхэн үргэлж нээлттэй шүү. Олон нийтийн санхүүгийн мэдлэг боловсролд ч бид хөрөнгө оруулалт хийх үүднээс сургалт, уулзалт тогтмол хийж, зохион байгуулж ирсэн. Үүнд сэтгүүлчдийн оролцоо маш чухал байдаг.

-Ард койн хэзээнээс эхлэлтэй вэ. Олон нийтийн анхааралд энэ он гараад үнэ огцом өсөлт үзүүлснээр илүү танигдах шиг боллоо?

-Ард койн төсөл 2017 онд эхэлсэн. Үндсэндээ таван жилийн хөдөлмөр, түүний үр шим одоо дөнгөж гарч байна. Манай хувьцаа эзэмшигчид тэр үеэс л Ард койны талаар тодорхой мэдээлэл тогтмол аваад явж байсан. Бид шинээр хувьцаа эзэмшигч болсон, зээл авсан, даатгалын үйлчилгээ авсан бүх харилцагч, хөрөнгө оруулсан хүмүүсийг Ард койноор урамшуулж, урамшууллын оноо хэлбэрээр үндсэндээ тараасан. Бидний одоогийн хүрсэн амжилт, энэ хүртэл туулсан зам тийм ч дардан, цагаан байгаагүй. Бидэнд бүтэлгүйтсэн явдал зөндөө гарсан. Алдсан, оносон. Энэ болгоноос дор бүрнээ суралцаад, сургамж аваад урагшилсан. Зогсолтгүй зорьсон. Үүний үр дүн захаасаа гарч эхэлж байна. Тэвчээртэй байсан, зөв хийхийг бид хичээсэн. Алгуур хөгжүүлсэн, аажим аажмаар барьцаа ахиулсан. Монголчууддаа уриалсан. “Авдар” гээд уриалга гаргасан. Олон хүн өнөөдөр өөрийнхөө амьдралд өөрчлөлт гаргасан байна. Хүмүүст хэлэхэд зарах гээд яарах хэрэггүй, тэвчээртэй байх хэрэгтэй. Хүлээх хэрэгтэй. Хэрэв зараад мөнгө болгосон бол үүнийгээ аваад шууд хэрэглэх бус ирээдүйдээ эзэн болох хөрөнгө оруулалт хийгээрэй. “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа авч болно. Болж өгвөл Ард койноор дараад байгаарай.

-“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааны өөрчлөлт Ард койны өсөлтөд нөлөөлөв үү?

-Тийм ээ. Маш том нөлөө үзүүлсэн. Бидэнд итгэж, найдаж хөрөнгө оруулсан хүмүүс өнөөдөр үр шимээ хүртэж эхэлсэн. Та бүхэнд маш их баярлалаа. Ард койн хэрэглэгчид 700 мянгад хүрсэн гэж эхэнд хэлсэн. Ард койны ард нь "Ард санхүүгийн нэгдэл" байдаг. Өнөөдөр энэ хүртэл олон жил тууштай хөөцөлдөж, явуулсны ачаар бид одоогийн тодорхой ажилтанд хүрэх боломж бүрэлдсэн. Бид нар дангаараа амжилтанд хүрээд явна гэж харахгүй байгаа. Улсаараа хөрөнгө оруулагч үндэстэн болохын төлөө зорино. Олон залуучууд өнөөдөр хоорондоо нэгдэж нийлээд, бидэнтэй ижил төрлийн, ойролцоо олон төсөл эхлүүлж байна. Манай хууль эрх зүйн орчин зах зээл, цаг үеэ дагаад сайжрах ёстой. Монголчууд хөрөнгийн зах зээл, криповалютын зах зээлд маш мэдрэмжтэй хандаж байгаа. Оролцоо нь тэр хэрээр нэмэгдсэн төдийгүй идэвхтэй байна.

-Та бүхний дараагийн нүүдэл юу вэ?

-Бидний зорилго Монголдоо өрсөлдөх биш ээ. Үүнийг энд зориуд хэлье гэж бодлоо. Бид олон улсын зах зээлд гарна, эхнээсээ гарч эхэллээ. Дэлхийтэй өрсөлдөх тийм л том амбиц тээж, үүний төлөө ажиллаж байна. Бид гадагшаагаа гарч өрсөлдөнө. Түүнээс тамын тогоо шиг хоорондоо хэмлэлдэх бус илүү том зургаар өнөөдрөө, ирээдүйгээ харах хэрэгтэй байна. Жижиг мөнгөн дээр хоорондоо дайсагнах бус дэлхий рүү гарч, тэнд тоглох учиртай. Тэндээс эх орондоо валют авчрах, тэнд тугаа хатгах л бидний ойрын зорилт болоод байна. Бүх зүйл амар байгаагүй. Манай хамт олон энэ хүртэл шантрахгүй зүтгэсэн. Мятрашгүй байсан. Сайн санааны үзүүрт сайхан зүйл байдаг. Ер нь хүн ихийг хийх хэрэггүй, багыг хийх хэрэггүй. Өдөр болгон л тасралтгүй, тууштай хийх хэрэгтэй гэдгийг дагасан. Ард койн бол Монголын анхны бөгөөд цорын ганц криптовалют байсаар байгаа. Олон улсад  манай валют амжилттай байх ажлуудыг бид зохион байгуулаад, бэлтгэлээ хангаад явж байна.

-Ард койн авсан хүмүүст хандаж та юу хэлэх вэ. Олон улсын томоохон бирж дээр гарч байгаа мэдээлэлтэй холбогдуулан амралтын өдрүүдэд ханш нь огцом өслөө шүү дээ?

-Дахиад хэлье. Байгаа боломжоороо л ав, аваад дар. Хүлээ. Тэвчээртэй байгаарай. Март. Түүнээс амьдралаараа дэнчин тавиад оролцож болохгүй. Зээл аваад эсвэл байраа зараад, богино хугацааны огцом өсөлтөөс өндөр ашиг нэг удаа, нэг дор цөм хийх гээд орох нь өөрөө эрсдэлтэй алхам. Дунд болон урт хугацааны өгөөж, өсөлтийг илүүд үзээрэй. Ханш байнга л хэлбэлзэж байна. Маш их өөрчлөгдөж байна. Жишээ болгож хэлэхэд, зун болж байна гээд унадаг дугуй авлаа. Гэтэл санамсаргүй байдлаас болоод гэмтэж, бэртлээ гэхэд бид тухайн дугуй зарсан хүнтэй очоод маргаад, дугуйгаа буцааж ав, эсвэл миний гэмтэлд мөнгө төл гэх боломжгүй байдаг. Үүнтэй адил хувь хүн өөрөө л эцсийн мөчид хариуцлага хүлээх учраас ухаалаг, тэвчээртэй хандах ёстой.

-Ард койн олон улсад гарч байгаа нь түүхэн мөч гэж та онцолсон. Хүмүүс маш их арилжаа хийж байна. Та юуг сануулж хэлэх вэ?

-Тийм ээ, өнөөдөр бидний хувьд хүсэн хүлээсэн түүхэн үйл явдалтай өдөр. Өнөөдөр бол Ардкойноо авдарласан монголчууд бидний өдөр юм шүү. Энэ бол яахын аргагүй түүхэн мөч. Монголчууд бид аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалд түүчээлж оролцож байгааг дэлхий нийтэд тунхагласан үйл явдал удахгүй болно. Үдээс өмнө DAX дээр USDT, ETH хослолуудыг нээх бөгөөд ARDX-ийн блокчэйн рүү гарах гарцыг нээх болно. Сонор сэрэмжтэй байхыг чин сэтгэлээсээ хүсье. Долоо хэмжиж, нэг огтлоорой. Блокчэйны өөрийнх нь шимтгэл өндөр байгаа шүү. Бараг 20, 30 доллар лав болно. Нөгөө талаас хаягаа буруу оруулж, хамгаа алдах эрсдэлтэй шүү. Мөн луйвраар гаршсан нөхөд шууд л ханараад ирдгийг санаарай. Эндээс Трэйд рүү шилжүүлэхэд ч гэсэн блокчэйн шимтгэл яг адилхан гарахыг анхаарна уу. DAX дээр 50 гаруй хувиар өссөн Ардкойн түүхэн дээд ханшиндаа хүрэх гэж байна. Сүүлийн 24 цагт 71 сая Ардкойн арилжаалагдаж байгаа нь миний санахын Цагаан сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Монголчууд бид сурч байна. Бид чадаж байна. Бид бүр илүү ихийг хийж бүтээх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
100
ЗөвЗөв
42
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
8
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж