“Хулгайлах боломж олгосон ТУЗ-д хариуцлага тооцох хэрэгтэй”

Хуучирсан мэдээ: 2022.12.15-нд нийтлэгдсэн

“Хулгайлах боломж олгосон ТУЗ-д хариуцлага тооцох хэрэгтэй”

“Хулгайлах боломж олгосон ТУЗ-д хариуцлага тооцох хэрэгтэй”

Монгол Улсын иргэн бүр УИХ-аас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Таван жилийн өмнө жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийн төлөө дуугарч, 1072 хувьцааг амилуулахыг зорьж, шүүхэд хүртэл хандаж явсан “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийн байр суурийг сонирхлоо.

"1072 ШИРХЭГ ХУВЬЦАА ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ИРГЭДИЙН МЭДЭЛД ИРЭЭГҮЙ БАЙНА"

-1072 ширхэг хувьцаа анх олгож байсан үеийг эргэн сануулбал сонин байх болов уу. Та тухайн үед Сү.Батболдын Засгийн газарт ажиллаж байсан?

-Монгол Улс анх улсын өмчит компанийг ягаан, цэнхэр тасалбараар хувьчилсан нь дэлхийг шуугиулсан хувьчлал болсон. Хоёрдогч арилжаа нь 1994 онд хийгдсэн. Тэр үед хүмүүс хувьцаа буюу цэнхэр тасалбараа  ханш унасны дараа хямд өгөөд байсан. Түүнийг нь хэдхэн хүмүүс аваад, цаана нь ханшид идэгддэггүй төрийн өмчийн компани байсныг худалдаж авсан. Өнөөдөр төр өмчөө хувьчилъя гэхээр түүнийг яриад, луйвардуулчихна гээд ам таглаад байдаг.

Сү.Батболдын засгийн газрын үед 2012 онд 2.5 сая иргэнд 1072 ширхэг хувьцаа тараасан. Би тэр засагт ажиллаж байсан. Заримыг нь худалдаад авчихъя гээд, тэтгэвэр эзэмшигчдэд бэлэн мөнгө дараа нь өгсөн. Оюутнуудын нэг сая төгрөгийг 500, 500 мянгаар нь хоёр хувааж, хувьцааг нь буцаан худалдаж авсан. Өнөөдөр жагсч цуглаж буй хүмүүс эх орны хувь хишиг хэдхэн хүний гараар орж, хэдхэн хүн хожоод байна гэж ярьж байна.

Нобелийн шагналт эдийн засагч дөрөв, таван жилийн өмнө “Шууд мөнгө тараах хэлбэр нь байгалийн баялгийг хамгийн энгийн аргаар эзэнд нь хүргэх арга” гэж баталж, шагнал авсан байсан. Тэр аргыг л хэрэглэсэн. Цахилгаан станц, зам барина гэх мэтчилэн төсвөөр оруулахгүйгээр шууд шилжүүлгийн аргаар тараасан. 1072 ширхэг хувьцаа бол 1991 оноос хойш хийсэн хамгийн том хувьчлалын нэг жишээ. Энэ хувьцаа 10 жилийн дараа буюу одоо болтол иргэдийн мэдэлд ирээгүй байна. Миний шаардлага энэ.

-Иргэд баялагтаа эзэн байх боломжийг нь хулгайлсан хүмүүстэй хариуцлага тооцохыг шаардан Сүхбаатарын талбай дээр 11 дэх өдрөө жагсч байна. Жагсаалын шаардлага “бай”-гаа онож байна гэж та бодож байна уу?

-Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хувьд амаргүй үе байна. Жагсагчид шаардлага тавьж жагсч болно, зөв. Ингэж шахаж байгаад улстөрчдийг шударга ажилладаг болгох, тэднийг “мода”-наас гаргах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, баяжих гэж улс төрд ордог, баяжих гэж прокурор болдог, баяжих гэж цагдаа болдог, баяжих гэж шүүгч болдог, баяжих гэж намд элсдэг байж болохгүй. Баяжъя гэвэл хувийн хэвшилд ажилла. Баяжъя гэвэл “Apprentice”-ийг үз. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн. Гэтэл манайд мөнгөтэй болъё гэвэл чи намд элс. Төрд ямар нэгэн аргаар ор гээд авлигыг зүгээр л хүлээн зөвшөөрчихсөн. Өнөөдөр энэ жагсагчид дутуу бодоод байх шиг байна.

Хариуцлага тооцно гэвэл “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Монгол” компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн нэрсийг жагсааж, зураг хөрөгтэй нь тавьж байгаад огцруулахыг шаардах ёстой.

Яагаад вэ гэвэл, тэр хүмүүсийн хараа хяналт дор гүйцэтгэх захирлууд улстөрчдөд хулгай хийх боломж олгосон. Хуулиараа явах ёстой. Өнөөдөр хулгайчид нь өөрсдийн хулгай хийснээ булзааруулах гээд янз янзын түүх зохиогоод, янз янзын акциуд хийж байна. Тэгж болохгүй. Хамгийн энгийнээр яв л даа. Монгол Улсын хуульд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд хувиараа, өмч хөрөнгөөрөө хариуцлага хүлээнэ гэж заасан. “Эрдэнэс Тавантолгой” компани дампуурсан уу, дампуурсан. Хулгай хийсэн үү хийсэн.

-Жагсагчид байгаа онож бууд гэж үү?

-Тийм ээ. Олон нийтийн компани Төлөөлөн удирдах зөвлөлөө зарлах ёстой. Ямар хамааралтай, хэдэн ширхэг хувьцаатай вэ, тухайн жил улиралд хувьцаагаа нэмсэн үү, бууруулсан уу гээд бүх зүйл ил тод явдаг. Манайд Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирлыг томилоод бол оо. Эрх баригч нам нууцаар ТУЗ-дөө дандаа хамаатнууд, хамсаатнуудаа томилно. Гүйцэтгэх захирлаа энэ нөхдүүд нь шийдэхгүй. Би өөрөө Төрийн өмчийн компанийн ТУЗ-д хэсэг байсан. Дээрээс нь намын нэг шантаажчин, үгнээс нь гардаггүй, хулгайчийг тавина. Төлөөлөн удирдах зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлээд явна.

Төрийн өмч гэдэг даргын компани биш шүү.

Төрийн өмчит 150 компани байгаа юм. Жагсаал үр дүнд хүрье гэвэл төрийн өмчийн тогтолцоог өөрчлөх ёстой. Энэ нь өөрөө баялгийн санд ороод, тэтгэврийн сан болох ёстой. Бидний ирээдүй шүү дээ. Тийм биз дээ? Тэтгэврийн сан чинь баялгийн сан. Тэтгэврийг төсвөөс тавьдаг явдлыг өөрчлөөд, энэ компаниудаасаа бид тэтгэврээ авмаар байна. Бид сар бүр төсөв рүү биш, тэр сан руугаа мөнгөө хиймээр байгаа байхгүй юу. Цөмөөрөө одоо нийгмийн даатгалд 20 гаруй хувь төлж байна. Энэ өөрчлөлтийг хийх ёстой. Үүнийг улстөрчид эсэргүүцэж байгаа юм.

-“Эрдэнэс Тавантолгой” маш олон охин компанитай болсон. “Идэж уусан" байдлаас нь харвал хулгай хийх зорилгоор олноор нь байгуулжээ гэж бодогдохоор байна. Та юу хэлэх вэ?

-“Эрдэнэс Тавантолгой”-н охин компаниуд байгуулагдах ёсгүй байсан. Яагаад вэ гэвэл хувьцаа эзэмшигчдээс зөвшөөрөл авах ёстой. Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, Компанийн тухай хуулиар өмч хөрөнгийнхөө эрхийг хэрэгжүүлээд, хувьцаа эзэмшигчдийн хурлаар ордог асуудлууд байдаг. Охин компани байгуулах, төмөр зам барих асуудлаар биднээс санал авах ёстой байсан. Бид хуулиа зөрчүүлсэн. Үүнийг хэн нэг хуульч барьж аваад, Засгийн газрыг шүүхэд өгөх ёстой. Нэгд, Засгийн газар дангаараа шийдвэр гаргаад, жижиг хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг нулимж байна. Бидний эрх рүү нулимсан. Хууль бус, хулгай хийх гэж байгуулсан компани. Хоёрт, Засгийн газар дангаараа өнгөрсөн 10 жилийн хугацаанд ноогдол ашиг нэрээр авсан мөнгүүдийг өөр төслүүд рүү оруулж, улс төрийн амлалт болгоод, сонгуульд ашиглачихсан. Энэ 10 жилийн хугацаанд тооцсон ноогдол ашгаа бүгдийг нь оногдох 15 хувьдаа бид одоо авах ёстой. Өнөөдөр хүн бүр дор бүрнээ тэмцэх ёстой. Шударга бусыг гарч ирсэн газар нь нүдээд байх хэрэгтэй. Өнөөдөр энийг ард иргэдэд хүргээд, гарын үсэг цуглуулах аян зохиогооч. Бид байр савыг нь бэлдээд өгч болно.

"ХУВЬЧЛАЛЫГ “ЭРДЭНЭТ”-ЭЭС ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ"

-Төрийн өмчийн компаниудыг хувьчилъя гэхээр том мөнгө эргэлддэг компаниудаа “хайрлаад”, оруулж ирэхгүй олон жил болж байна. Үүний цаана их хэмжээний ашиг, сонирхол бий байх?

-Нуугаад байна, нээлттэй байж чадахгүй байна. Хулгайгаа дарах гээд байна. Одоогийн дарга нь өмнөх даргатайгаа барьцалдсан байгаа учраас аль нэгийг нь гаргавал хөврөөд, бүгд асуудалд орох асуудал үүсээд байна. Үүнд цаг хугацаа орох болов уу. Монголд 2008 оны долдугаар сарын 1 шиг үйл явдал болох ёсгүй. Өнөөдөр олон улсын байдал маш амаргүй байна. Хятад дотооддоо их үймээнтэй байна. Орос дайн дажинтай байна. Цөмөөрөө хүний хоол болж болохгүй. “Нуухаа авах гээд нүдээ сохлов” гэдэг. Бид тийм хэмжээнд аваачиж болохгүй. Хариуцлага тооцож, эхний ээлжинд энэ хэдэн компаниудынхаа засаглалыг өөрчлөх хэрэгтэй. Олон улсын аудит хийлгэе. Мундаг чадалтай хүмүүсийг ТУЗ-д оруулъя. Apprentice-ийн ялагчийг захирлаар нь тавьчих гэж шууд санал болгоё. Хариуцлагаа тооцоод, жил болгон ногдол ашгаа өгөөд яваг. Бид баян улсын иргэд байхгүй юу. Та бүхэн дуулсан биз дээ. Гадаадад байшин барьсан, оффшор компаниуд байгуулсан, гадаадын дансуудаар ямар их мөнгө явж байгааг. Латин Америкт уурхайнууд худалдаад авсан байна. Дандаа хулгайн мөнгө. Татвар огт төлөөгүй.

-Хувьчлалын хувьд?

-Нөхдүүд зальдаж, бид жижиг юманд хууртсаар байгаад сурсан. Сонгуулиар “Эрдэнэт”-ийг ард иргэдэд авч өгнө гэж амалж байсан. Яахаараа ард түмний өмчийг нэг нам дангаараа удирдаж байдаг юм бэ. Яагаад нэг намын тавиулууд очоод, тэндээс гарч буй ашгийг үл мэдэгдэх замаар тарааж байдаг юм бэ. 70-ыг нь өөртөө, 30-ыг нь бусдад гэсэн зарчмаар явдаг. Аль аль нь хулгайлж байгаа учраас бие биедээ хариуцлага тооцож чадахгүй шүү дээ. Өнөөдөр хувьчилна гээд хамгийн болохгүй бүтэхгүй, ашиг хийхгүй компаниудаа урдаа тавиад, өрмийг нь өөрсдөдөө хадгалаад байж болохгүй. Өнөөдөр хамгийн гоёос нь эхлүүлье. Хувьчлалыг “Эрдэнэт”-ээс эхлүүлэх хэрэгтэй. Яагаад зэсийн үйлдвэр намчдын удирдлагад байдаг юм бэ. Яагаад өнөөдөр Монголын ард иргэдийг басамжлаад, та нар чадахгүй, бид чадна гээд байдаг юм бэ, эрх баригчид. Ард иргэд тэднээс дутав гэж дээ.

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-г тоноод дууссан. Бид өрийг нь төлөх гэж бас хэдэн жил болох байх.

Сая борлуулалтын мэдээг зарласан байсан. Тэр ашгийг алдаж болохгүй, одооноос л хулгайг нь зогсоох ёстой. Удирдах зөвлөлийг нь олон нийтээс тавиулаад, тэд нь сар болгон мэдээлэл өгдөг, тэдэн машин нүүрс зарлаа, тэдэн төгрөг орж ирлээ, зардлаа ингэж таналаа, ашиг тэд гарч байна, энэ дансанд хийлээ гээд ТУЗ-тай бол ТУЗ-аараа шийддэг байх хэрэгтэй. Цөмөөрөө блокчэйн технологи ашиглаад, иргэн бүр ороод, саналаа өгдөг болчихъё. 2.5 сая хүний саналыг яаж хураах юм бэ гээд "мангартдаг". Би болгоод байхад улс болох байлгүй дээ.

-Та оффтейк гэрээний талаар ямар байр суурьтай байна вэ?

-Зах дээр нүүрс 120 ам.доллар байна, одоо мөнгийг нь өгөөд авчихъя гээд гэрээ хийчихдэг. Яагаад шударга бус харагдаад байдаг вэ гэхээр зах зээл дээр гэнэт нэг юм болоод, үнэ нь 200 ам.доллар болчихвол хохироод байгаа юм шиг мэдрэмж төрнө. Юм дандаа тэгж өсдөггүй. Та бүхэн санаж байна уу. 80 ам.доллараар гэрээ хийлээ гээд шүүмжлүүлээд байсан чинь нүүрс 40 ам.доллар болоод уначихсан. Тэгтэл хэн ч магтахгүй байгаа биз дээ. Энэ бол өгөөтэй, аваатай зүйл. Бизнесийн зарчмаар ТУЗ ил тод явчихвал ямар ч асуудалгүй. Мөнгөний үнэ цэн гэж юм бий. Би гурван жилийн өмнө 100-гаар тохироод авчихъя гэвэл энэ луйвар биш шүү. Энд буруу тийш нь явуулах гээд байгаа юм. Өнөөдөр хоосон машинууд, баахан компаниуд байгуулаад мөнгө угаасан, төмөр зам барьсан гээд яригдаад байна. Бид гадаад өрөө төлж чадахгүй байна. Энэ үед өнөөдөр төлбөрөө төлөөд авчихъя гэж байгаа бол энэ луйвар биш. Урьдчилаад бэлнээр авч байгаа юм. Цаг хугацааны үнэ цэнийн асуудал гарч ирнэ. Тодорхойгүй, ирээдүйн эрсдэл гэж юм орж ирнэ. Би тийм байдлаар наймаа хийх нь зөв, гэхдээ ил тод байх ёстой гэж бодож байна. Цахим бирж байгуулаад, хувийн хэвшилтэй хамтарсан үед гэрээ нь нээлттэй явж байвал фьючерс, форвард гэрээнүүд байдаг л зүйл. Би одоо мөнгөө төлье, дараа жилийн хавар нүүрсээ авна шүү гэж бооцоо тавьж байна л гэсэн үг. Тэр үед нүүрс хямд байна уу, үнэтэй байна уу гэдэг дээр бооцоо тавьчихаж байгаа юм. Алдаж ч болно. Аль илүү дүн шинжилгээ хийж чадсан нь хожно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж