УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг болон түүнтэй хамт явсан багийнхан Архангай аймагт халдварын улмаас тусгаарлагдсан тухай мэдээлэл гарсан. Тодруулбал, “УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Архангай аймагт очиж, намын гишүүдтэйгээ ажиллах үеэр туслахаас нь Covid-19 илэрсэн. Ажлаар хамт явсан багаараа туслагдсан байна.
УОК-ын тусгаарлагдах журам зөрчиж, уулзалт хийсэн тул ойрын хавьтлын хүмүүсийн тоо 50 гаруй болжээ. Архангай аймаг халдварын тоогоороо орон нутгаас толгой цохиж байна” гэсэн мэдээлэл цацагдсан юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээс энэ талаар тодруулахад тэрбээр “Худал мэдээлэл байна” гэсэн товч хариулт өгсөн бол Архангай аймгийн Онцгой комиссоос “Ийм мэдээлэл ирээгүй. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг тусгаарлагдаагүй” гэв.
Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээлснээр, сүүлийн 24 цагт 263 сорьцод PCR шинжилгээ хийхэд шинээр тохиолдол илрээгүй, 21 иргэн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ.
Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар эдгэрсэн нийт 106 иргэн байгаа ба Батцэнгэлд 3, Хайрханд 5, Эрдэнэмандалд 4, Эрдэнэбулганд 94 хүн бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна.
Архангай аймгийн хэмжээнд 23 цэгээр дархлаажуулалт зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 3755 хүнийг хамруулжээ. Сүүлийн 24 цагт 32 объектын 2003 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ