"Интермед" Covid-19 халдварын эсрэг вакцин хийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.09-нд нийтлэгдсэн

COVID-19

"Интермед" Covid-19 халдварын эсрэг вакцин хийж эхэлжээ

"Интермед" Covid-19 халдварын эсрэг вакцин хийж эхэлжээ

Covid-19  халдварын эсрэг  вакцин хүн төрөлхтөнд найдвар төрүүлж, улс орнууд эдийн засгаа сэргээх боломж хэмээн харж буй. Монгол Улсын хувьд Энэтхэг улсаас 150 мянган тун Астразенека вакциныг хоёрдугаар сарын 23-нд хүлээн авснаар вакцинжуулалт эхэлсэн. Өчигдрийн /2021.03.08/ байдлаар зорилтот бүлгийн нийт 20973 иргэнийг вакцинд хамруулжээ. Энэ нь өдөрт дунджаар 1500 орчим хүн вакцинд хамрагдсан гэсэн үг. Хэрэв энэ хурдаараа вакцинжуулалт үргэлжилбэл хүн амын 60 хувийг дархлаажуулахад ойрын хоёр жил шаардлагатай гэх тооцоо ч бий. Удаашралтай байгаа вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгаа юм. Тиймдээ ч “Монгол эм импекс концерн" ХХК "Спутник-V" вакцин, “Монос" ХХК "Астразенека" вакцин оруулж ирэх хүсэлтээ Эрүүл мэндийн яаманд өгчээ. 

 "ИНТЕРМЕД" ЭМНЭЛЭГ ДЭЭР ВАКЦИНЖУУЛАЛТ ТӨЛБӨРТЭЙ ХИЙГДЭЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн нарийн бичгийн  дарга Ц.ЭРДЭМБИЛЭГ:

-Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан хувийн хэвшлийнхэнтэй уулзалт хийсэн. Уулзалтуудын үр дүн эхнээсээ гарч байна. Монгол Улсын Засгийн газар иргэдээ үнэ төлбөргүй дархлаажуулна. Хувийн аж ахуйн нэгжүүд ч энэ ажилд оролцохдоо ямар нэгэн ашиг хонжоо харахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүд вакцин оруулж ирэн, дархлаажуулалтын ажилд оролцох саналыг нь бүрэн дэмжих бодлого барьж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад “Монгол эм импекс концерн" ХХК "Спутник-V" вакциныг оруулж ирсэн байна. Тус компани нь өөрөө вакцин хадгалах хөргүүртэй. Үүнээс гадна "Интермед" эмнэлэг  вакцинаа төлбөртэй хийгээд эхэлчихсэн. Тодорхой бүлгийн хүмүүс вакцинд хамрагдсан гэх мэдээлэл байна. Хувийн хэвшлийнхэнд дархлаажуулалтын хуулийн дагуу хатуу хяналт тавьж байгаа.

Вакциныг оруулж ирж хүнд тарих хүртлээ зөв хадгалах хэрэгтэй. Тиймээс дархлаажуулалтын дэд бүтэц хүйтэн хэлхээ чухал үүрэгтэй. ХӨСҮТ вакцин хадгалах том  хөргүүртэй. Үүнийгээ хариуцсан нэгжтэй, сайн боловсон хүчинтэй. Энэ долоо хоногт шинээр вакцин ирнэ. Өдөрт 15 мянган тун вакцин хийхэд дараагийн вакцин орж ирэхэд нөөц бол хангалттай бий. Гуравдугаар сарын сүүл гэхэд 500 мянган хүнийг вакцинжуулаад цаашдаа сар бүр нэг сая хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй байна.

САРДАА 100-200 ТУН ВАКЦИН АВЧРАХ ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ БАЙНА

“Монгол эм импекс концерн” ХХК-ийн гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын захирал  Б.МӨНХ-ЭРДЭНЭ:

-Манай компани эхний ээлжийн 10 мянган тун "Спутник-V" вакциныг хоёрдугаар сарын 27-нд оруулж ирээд ЭМЯ-д хүлээлгэн өгсөн. Дараагийн 10 мянган тун вакцин энэ долоо хоногт ирнэ. Ер нь дараа, дараагийн вакцины тээвэрлэлт хийгдэхээр гэрээ хэлэлцээр хийгдсэн. Сардаа 100-200 тун вакцин авчрах төлөвлөгөөтэй байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 40 гаруй улс "Спутник-V" вакцинд зөвшөөрөл олгосон. Олон улсад "Спутник-V" вакцины нэр хүнд нь өсөхийн хэрээр эрэлт их болж, нөөц нь багасч байна. Өндөр хөгжилтэй орнууд их хэмжээгээр захиалж байна. Вакцин оруулж ирэхэд тээвэрлэлтийн нөхцөлийг маш сайн хангах ёстой. Үйлдвэрээс нь очиж авч, -18 градусаас доош орчинд тээвэрлэнэ. Хувийн хэвшил вакцин оруулж ирэхэд багагүй хүндрэл бэрхшээл тулгарч байна. Тодруулбал, шууд нислэг байхгүй учраас БНСУ-аар дамжуулан вакцин авч ирж байгаа.

Бид олон улсын стандартыг хангасан том тээвэр зуучийн компанитай хамтарч ажиллаж байгаа учраас тулгарсан асуудлуудаа зохицуулаад явж байна. Бидний хувьд энэ үйл ажиллагааг бизнес гэж харахгүй байгаа. Энэ нь цэвэр нийгмийн хариуцлагын асуудал юм. Гэхдээ  хувийн хэвшил вакцин оруулж ирж байгаа тохиолдолд вакцины савлагаа боодол,  тээвэрлэлт, экспортын бүрдүүлэлт зэрэг зардлаа шингээн улсын болон хувийн эмнэлгүүдэд хүлээлгэж өгнө. Улсын эмнэлэг  нэгдсэн байдлаар худалдан авалтаа хийгээд иргэдийг үнэгүй вакцинжуулах байх. Харин хувийн эмнэлгүүд вакцин хийж эхэлсэн тохиолдолд вакцин оруулж ирсэн үйл ажиллагааны зардал, эмнэлгийн байгууллагын ажилтнуудын зардал шингэн хэрэглэгчдэд очих үнийг нэгдсэн байдлаар тогтооно. Монгол Улс иргэдээ вакцинжуулж эхэлсэн Ази тивийн гурван улсын нэг. Вакцины уралдаанд Монгол Улс хойгуур суугаагүй.  Вакцин оруулж ирж байгаа ААН-үүдийн гол зорилго нь улсынхаа ачаанаас хөнгөлөх, нийт иргэдээ вакцинжуулж  эдийн засгаа эргэлтэд оруулан энгийн амьдралдаа шилжих юм.

ЭНЭ САРЫН ДУНДУУР 300 МЯНГАН ТУН "АСТРАЗЕНЕКА" ВАКЦИН  ОРУУЛЖ ИРНЭ

"Монос" ХХК-ийн захирал Л.ЭРДЭНЭЧИМЭГ:

-"Монос" ХХК "Астразенека" вакцины Монгол дахь албан ёсны төлөөлөгч учраас тус вакциныг оруулж  ирэх бүрэн боломжтой. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш вакцин авахаар хөөцөлдсөн. Энэ сарын дундуур 150 мянган хүнд хэрэглэх 300 мянган тун вакцин оруулж ирнэ. Үүнээс илүү захиалах боломж байгаа ч эрсдэлээ тооцож байна. Учир нь, төр иргэдийг үнэгүй вакцинжуулна гэж байхад хувийн хэвшлийнхэн иргэдийг төлбөртэй вакцинжуулалтад хамруулна гээд 1-2 сая тун вакцин оруулаад ирлээ гэхэд хувийн хэвшлийнхэнд эрсдэлтэй. Тиймээс эхний ээлжинд 300 мянган тун вакцин оруулж ирнэ. Бид “Pfizer” үйлдвэрийн албан ёсны төлөөлөгч боловч “Pfizer” нь “BioNTech” компанитай хамтран хийж байгаа “Pfizer” вакцинаа "Монос" компаниар дамжуулах боломжгүй гэсэн. Учир нь, вакцин олдохгүй байна.  "Монос" ХХК мөн “Johnson & Johnson” компанийн албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг боловч тус компанийн вакцин хүрэлцээгүй учраас бидэнд олдохгүй байна. 

 Э.БУРАМ 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж