“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгэм, эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Төрийн албыг зарж, 60 тэрбумыг босгохыг завдсан үндэслэлээр хуулийнханд шалгагдаж, Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял аваад байсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын дарга Ц.Сандуй, туслах А.Ганбаатар нар энэ сарын 24-нд давж заалдсанаар хэрэг нь прокурор руу буцлаа.
Тодруулбал, Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаан, 60 тэрбумын бичлэгийг анх олон нийтэд дэлгэсэн иргэн Г.Доржзодовыг ялаас чөлөөлж, анхан шатны шүүхэд гэрчээр дуудсан нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Ингэснээр 60 тэрбумын схем боловсруулсан гэх Г.Доржзодов шалгагдах болж байна.
Давж заалдах шатны шүүх хуралдааны шийдвэр гарсны дараа Г.Доржзодов хэвлэлд хандаж, энэ хэргийн талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Миний ойлгож байгаагаар сэжигтэн өөрийгөө хамгаалахын тулд худал мэдүүлэх эрхтэй гэж уншиж байсан юм байна. Гэхдээ 2016 оны зургадугаар сард АТГ дээр нээсэн хэрэгт Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар худал мэдүүлэг өгөхдөө намайг эрүүгийн хэрэгт гүтгэсэн байдаг юм. Харин энэ бол огт өөр асуудал байх. Өөрөөр хэлбэл, өөрийгөө хамгаалж худал мэдүүлэх болон бусдыг эрүүгийн хэрэгт гүтгэх замаар өөрийгөө хамгаалах нь өөр, өөр ойлголт байх. Дараа нь А.Ганбаатар, М.Өлзий нар 2016 оны есдүгээр сард СБД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хохирогчоор болон гэрчээр тайлбар өгч намайг сэжигтнээр татуулчихсаныхаа дараа уг өгсөн тайлбаруудаасаа эргэж буцаад өөрчилцгөөсөн. Хохирогч болон гэрч хуулиараа хэзээ ч худал мэдүүлэх эрхгүй, хэрэв тэгвэл эрүүгийн гэмт хэрэгт тооцдог гэж санаж байна. Дараа нь А.Ганбаатар 2017 оны дөрөвдүгээр сард ТЕГ-т хохирогчоор худал гомдол гаргаж, түүндээ хуурамч нотлох баримт хавсаргаад намайг дахин сэжигтнээр татуулж баривчлуулсан. Тагнуулын мөрдөгч Т.Цэнджаргал нь миний гаргаж өгсөн нотлох баримтуудыг хавтаст хэргээс устгаж, миний эд зүйлд хуурамч нотлох баримт суулгаж, бэхжүүлээд, миний гарын үсгийг хуурамчаар үйлдээд, намайг буруутгах бүх ажиллагааг төрөл бүрээр нь хийчихээд яллагдагчаар татахаар бэлдчихсэн зохиомол хавтаст хэрэг байдаг юм. Тэгэхээр дээр дурдагдсан хүмүүсийн хийж байгаа гэмт үйлдлүүд маш ноцтой, олон удаагийн давтамжтай. Хэрэг мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтнууд бусдын нөлөөнд автаж, зохиомол хавтаст хэрэг бичиж, нотлох баримтаас устгахыг нь устгаад, эсвэл хэрэгсэхгүй болгодог, эсвэл хохирогчийг яллагдагч болгоод шүүхийн шатанд аваачдаг дамжлага одоо ч яваад байгаа юм шиг байна лээ” хэмээн мэдэгдээд байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгч хориг тавихгүй
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг арванхоёрдугаар сарын 18-нд баталсан. Уг хуулийн төсөлд авлига, албан тушаалын хэргээр шийтгүүлсэн иргэн нь УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн заалт орсон нь хүний эрхийн ноцтой зөрчлийг дагуулсан гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр тэргүүтнүүд мэдэгдэж, Үндсэн хуулийн цэц, НҮБ-д хандахаа мэдэгдээд буй. Мөн МАХН-аас энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ Ерөнхийлөгчид хандан УИХ-ын сонгуулийн тухай хуульд хориг тавихыг хүссэн. Гэвч Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслөөр хэвлэлийнхэнд байр суурь илэрхийлэхдээ энэ талаар ам ангайсангүй.
Харин хилийн чанадад амьдарч буй монголчууд ирэх оны УИХ-ын сонгуульд санал өгөх боломжгүй болсон асуудалд тайлбар хийлээ. Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгч УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд хориг тавихгүй болж байна. Иймээс МАХН-ын даргад Үндсэн хуулийн цэцэд хандах, цаашлаад НҮБ-д гомдол мэдүүлэх гэсэн шат хүлээж байна.
Ерөнхийлөгч Х.Баттулгад УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөлд хориг тавихгүй байх хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, 2021 оны сонгуулийн бэлтгэлээ хангах, хоёрдугаарт, төрийг хэрээд байгаа авлига, албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг олон нийт шаардаж буй энэ үед гол заалтад хориг тавибал "дайсан" болж хувирна. Хамгийн гол нь УИХ нь гэмт хэрэгтнүүдийн үүр уурхай болчихоод байхад ганц нэгхэн хүнд зориулсан заалтыг үл тоомсорлосон нь зөвхөн 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшиж болшгүй өрсөлдөгчөө зайлуулах зорилго агуулаад байна уу гэх хардлага руу хөтлөөд буй юм.
Монгол Улсын мал сүрэг 70 саяд хүрэв
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 70 сая 949 мянган мал тоолуулсан болохыг албаныхан өнгөрсөн баасан гаригт /2019.12.27/ мэдээллээ. Энэ нь өмнөх оныхоос 4.5 сая толгой малаар буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн дотор
- Хонь 45.5 хувь
- Ямаа 41.2 хувь
- Үхэр 6.2 хувь
- Адуу 5.9 хувь
- Тэмээ 0.7 хувийг тус тус эзэлжээ.
2019 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр малын тоогоор тэргүүлж буй аймгуудыг жагсаавал /мянган толгой/
- Архангай аймаг 6 сая 166 мянган толгой мал
- Хөвсгөл аймаг 6 сая 37.3 мянган толгой мал
- Өвөрхангай аймаг 5 сая 625 мянган толгой мал
- Төв аймаг 4 сая 978.7 мянган мал
- Хэнтий аймаг 4 сая 867.6 мянган толгой мал тус тус тоолуулж тэргүүлсэн байна.
Түүнчлэн мал тооллогын урьдчилсан дүнгээр 233.2 мянган малтай өрх тооллогод хамрагдсан нь өмнөх оноос нэг хувиар өссөн үзүүлэлт болжээ. Мөн 285 мянган малчин тоологдсон ба нийт малчдын 40 хувь нь зээлтэй гэх статистик гарчээ. Зээл авсан малчдын 33 хувийг 35-44 насны малчид, 22 хувийг 25-30 насны малчид, 25 хувийг 45-54 насны малчид эзэлж байгаа аж.
Өнгөрөгч 2018 оны мал тооллогын жилийн эцсийн дүнгээр нийт малын тоо толгой 66.5 саяд хүрч, өмнөх оныхоос 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн дүнтэй гарч байжээ. Мөн 2018 оны мал тооллогын дүнгээр, нийт 290 мянган малчдын 68.4 хувь нь Эрүүл мэндийн даатгал, харин Нийгмийн даатгалд малчдын 26.2 хувь хамрагдаж байсан бол энэ жил нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагдсан урвдчилсан дүн гарсан байна.
Холбоотой мэдээ