Монголын боксын холбооны удирдлага өнөөдөр /2019.09.24/ холбооны боксын зааланд ДАШТ-д амжилттай оролцож 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Э.Цэндбаатарыг хүлээн авлаа. Жакарта-2018 Азийн наадмын алт, 2019 оны Азийн АШТ-ий алтан медальт, “Ажнай” группын тамирчин Э.Цэндбаатар дэлхийн аваргад амжилттай оролцож, Монгол Улсын боксын ДАШТ-ий 12 дахь медалийг эх орондоо авчирсан.
ОУХМ Э.Цэндбаатар 60 кг-н жинд хүч үздэг байсан бол энэ удаа 10 орчим килограммын жин хасаж 57 кг-ын жинд оролцсон. Дэлхийн аваргад анх удаагаа оролцсон Э.Цэндбаатар хэсэг тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт гоц мөргөсөн бол 2-р шатанд Киргизстаны боксчин 5-0, шөвгийн 16-д Унгарын боксчинг 5-0 харьцаагаар хожоод дунд шөвөгт Ирландын боксчинг мөн 5-0 харьцаатай хожиж мөнгөн медалийн төлөө Узбекстаны боксчин М.Мирзахалиловт хожигдон хүрэл медалийн болзол хангасан. Риогийн олимпийн наадмын хүрэл медалийн төлөө тоглон харамсалтайгаар ялагдал хүлээж байсан Э.Цэндбаатар ийнхүү дэлхийн аваргын медальтан болж байна. Э.Цэндбаатарын хувьд цаашид жин хасаж 57 кг-ын жинд өрсөлдөнө.
Боксын холбооны бэлтгэлийн зааланд болсон хүлээн авалтын үеэр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Д.Батсүрэн “Өмнө нь эрх авч оролцож байсан бол энэ жилийн ДАШТ нээлттэй болсон ч олимпийн эрх олгоогүй. Монгол Улсаас долоон жинд оролцсон бөгөөд өмнө нь 60 кг-н жинд өрсөлдөж байсан Э.Цэндбаатар энэ удаа жин хасаж 57 кг-ын жинд анх удаагаа оролцлоо. Э.Цэндбаатар жиндээ 3-д эрэмбэлэгдэн хэсэг тэргүүлсэн бол Б.Чинзориг жиндээ 4-т бичигдэн Хятадын боксчинтой тулалдах үеэр хуруундаа бэртэл авсан. Гэсэн хэдий ч медалийн төлөө Энэтхэгийн боксчинтой тулалдаж харамсалтайгаар ялагдсан” хэмээн ярьжээ.
Токио-2020 олимпийн наадмын эрхийг энэ удаагийн ДАШТ-д олгоогүй. Олимпийн эрх олгох тэмцээн ирэх оны 2 сард БНХАУ-ын Ухань хотноо, тавдугаар сард Францын Парис хотноо болно. Ази-Номхон далайн бүсийн олимпийн оноо олгох эрхийн тэмцээнээс медаль хүртэж олимпийн эрх авах бүрэн боломжтой гэдгийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч хэлсэн.
Боксын ДАШТ-ээс медаль хүртэж байсан Монголын боксчид:
– 1982 он: Р.Отгонбаяр мөнгө
– 1993 он: Э.Цогтжаргал хүрэл
– 1997 он: Т.Үйтүмэн мөнгө
– 2007 он: Э.Бадар-Ууган мөнгө
– 2009 он: П.Сэрдамба алт, Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл
– 2011 он: П.Сэрдамба хүрэл
– 2013 он: У.Мөнх-Эрдэнэ хүрэл
– 2017 он: Д.Отгондалай хүрэл
– 2018 он: М.Нандинцэцэг хүрэл
– 2019 он: Э.Цэндбаатар хүрэл
Б.БЯМБАБАЯР