“Нийслэлд захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг тодорхой өгөхгүй бол хөгжлийн тухай ярих боломжгүй”

Хуучирсан мэдээ: 2019.09.16-нд нийтлэгдсэн

“Нийслэлд захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг тодорхой өгөхгүй бол хөгжлийн тухай ярих боломжгүй”

“Нийслэлд захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг тодорхой өгөхгүй бол хөгжлийн тухай ярих боломжгүй”

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагватай Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт өөрчлөлтийн төсөлд ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.


Өнөөдөр нийслэлийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд нийслэлийн хөгжлийг өөрчлөх ямар заалт оруулах ёстой вэ?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр  орон нутгийн хөгжилд шаардлагатай  эрх зүйн орчинг бүрдүүлэх үзэл санааг суулгаж өгөх шаардлагатай байна. Үндсэн хуульд тэрхүү үзэл санаа тусгалаа олох нь л нэн чухал.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт эдүгээ хэлэлцэгдэж буй нь орон нутгийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай нийцэж байна.  Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд эрх зүйн шинэчлэл ус, агаар мэт тулчихаад байна.  Одоогийн үйлчилж буй  эрх зүйн орчны хүрээнд хотын хөгжлийг шинэ шатанд гаргаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ямар ч боломжгүй болжээ.   Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар хотын хөгжлийн асуудлуудыг нь хэзээ ч шийдвэрлэхгүй юм гэдэг нь өнгөрсөн жилүүдэд бүрнээ харууллаа шүү дээ.

Нийслэлийн ИТХ-ын даргын хувьд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон бусад холбогдох байнгын хороодтой өдөр тутам санал солилцож ажилллаж байна.

Үндсэн хуулийн шинэчлэлтэй дагалдаж гарах гурван тулгуур хууль бий. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай гэсэн нийслэлийн өдөр тутмын ажил амьдралыг зохицуулж байдаг тулгуур хуульд өөрчлөлт орох ёстой.

Нийслэл, сум, дүүрэг, хот, тосгон буюу орон нутгийн хөгжлийг шинэ шатанд гаргах ямар үзэл санаа Үндсэн хуульд тусгалаа олсноос  шалтгаалаад дээрх гурван хуулийн хүрээнд шинэчлэл хийнэ. Энэхүү шинэчлэл нийслэлийн хөгжил, ард иргэдийн ая тухтай амьдралыг тэтгэх тод замыг буй болгох учиртай юм. Тухайлбал, хувийн хэвшилтэй хамтран ажиллах,  эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, бонд гаргах, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татах  эрх зүйн орчин үгүйлэгдэж байна.

Өнөөдөр нийслэлийн  өмчлөлд бүртгэлтэй буй 2 их наяд төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулмаар байна. Хувийн хэвшилтэй нээлттэй хамтран ажиллаж, нийслэлд тулгамдсан бэрхшээл бүрийг шийдэх  боломж бий.

-Та хувийн хэвшил болон гадаад дотоод хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах нь нийслэлийн хөгжлийн шийдэл гэж харж байгаа юм байна. Хэрхэн ажиллах ёстой юм бэ?

– Би ерөөсөө  Улаанбаатар хотод захиргааны  болон санхүүгийн эрх мэдэл хэрэгтэй гэж үзэж байгаа. Энэ эрх мэдлийг хуулийн хүрээнд шийдээд өгөөч ээ л  гэж ярьж, хэлж явна. Өнөөдрийн нийслэлийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд зөвхөн эрх зүйн шинэчлэлээс ажил эхлэхгүй бол  бусад бүх асуудал гацаанд орно.

Улсын төсвөөс бүх үйл ажиллагаа хамаардаг хараат байдлаас салах хэрэгтэй байна. Бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нартай нээлттэй ажиллах боломжийг бүрдүүлэх ёстой. Энэ бол бодлогын шинэчлэл.  Бодлогын шинэчлэлийг дагаж үйл ажиллагааны шинэчлэл хийх хэрэгтэй.

Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг оролцоог нийслэлийн үйл ажиллагаанд илүү тодорхой болгож оруулж ирэх ёстой. Бидний хамтын ажиллагаа өнөөдөр зөвхөн тендэрээр л хязгаарлагдаж байна шүү дээ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажилд тендэр зарлагдахад л хувийн хэвшлийнхэн саналаа өгдөг. Түүнийг хотын харьяа агентлагууд  шалгаруулж, ажил гүйцэтгүүлдэг. Энэ бол дэндүү учир дутагдалтай. Манай хувийн хэвшлийнхэн зөвхөн зарласан тендэрт нь оролцохыг хүсдэг болохоос эдийн засгийн харилцан үр өгөөжтэй үйл ажиллагааг олж харахгүй байна. Би үүнийг амьдрах арга ухаанаа өөрчилье гэж хэлээд байгаа юм.

Гуравдугаарт, хотын хөгжлийн төлөө стратеги тактикийн шинэчлэл хэрэгтэй байна. Ер нь хотын хөгжлийн төлөө бодлогын баримт бичгүүд гэж боть боть  номууд  байна.

УИХ, Засгийн газар болон хотын захиргааны баталсан баримт бичгүүдэд олон зорилт тусгагдсан байдаг. Тэр олон зорилт бүрийн ард тухайн ажлыг хийх зардлыг заавал тусгаж өгөх ёстой. Зардал, төсөв хөрөнгө байхгүй зорилтууд бүгд цаасан дээрээ үлддэг.  Нийслэлийн хөгжлийн төлөө тавьсан тэр олон зорилтыг ажил хэрэг болгохын тулд  хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллаж болно.    Хувийн хэвшлийнхэн нийслэлийн тулгамдсан асуудлуудад шийдэл гаргах  бизнес төсөл боловсруулж ажилламаар байна. Хот бодлогын хүрээнд хувийн хэвшлээ дэмжээд явах хэрэгтэй байна.

Хувийн хэвшлийнхэн хотын тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалтыг хийж, тодорхой үр өгөөжөө хүртэх ёстой. Ямар ч бизнесмэн 100 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 120 төгрөг болгож ашиг хүртэх нь шударга зарчим. Үр өгөөжтэй ажилласны хүчинд тухайн бизнесийн байгууллага ажлын байраа нэмэгдүүлж, ашиг орлогоо сайжруулна. Мэдээж үүний ард нийслэлийн иргэн өрхийн орлогоо нэмэгдүүлж, ахуй амьдралаа өөд татах эхлэл болно. Хотын хувьд тулгамдсан асуудлаа шийдэж, иргэдийнхээ ая тухтай амьдралын нөхцөлийг бүрдүүлэхэд нэг алхам ургашилж байна.

Бүгд л үр өгөөжтэй байгаа биз. Харин бүх хөрөнгө оруулалт, хийсэн ажил, ашиг өгөөж  ил тод байх хэрэгтэй.  Үүнийг яагаад нууж хаах ёстой гэж. Харин энэхүү хамтын ажиллагааны үр дүнд 200 ажлын байр нэмэгдэж, тэр хэрээр 200 өрх гэрийн орлогыг нэмж чадсан хувийн хэвшлийнхэнд ИТХ-ын даргын хувьд өөрийн биеэр очиж баяр хүргэх ёстой байх.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд орон нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох заалт ямар үг, өгүүлбэрээр хэлэлцэгдэж байна. Таны дээрх хэлсэн захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг олгох үзэл санаа шингэж чадаж уу?

– Үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох асуудал дөрөвдүгээр бүлэгт багтаж байгаа. Үндсэн хуулийн шинэчлэлийн төслийн 57. 2 заалтыг манай аймаг,  орон нутгийн удирдлагууд үг, цэг таслал бүрээр анхаарах хэрэгтэй байна. Харин ч орон нутагт эрх мэдлийг өгөх хэрэгтэй, татварыг бүрдүүлэх боломжийг олгох хэрэгтэй, захиргааны эрх мэдлийг олгох хэрэгтэй гэж олон УИХ-ын гишүүд дуугараад байгаа. Үүнд маш талархалтай хандаж байна. Энэ бүлэгт захиргааны болон санхүүгийн эрх мэдлийг хэрэгжүүлэх боломжийг нээсэн  үзэл санаа суух ёстой юм. “ Улсын харъяалалтай хот тосгоны өөрийн  удирдлагын зарчмыг хуулиар тогтооно” гэсэн санаа явж байгаа. “Өөрийн удирдлага” гэдэгт миний яриад буй хоёр эрх мэдэл байна уу  гэж би асуугаад байна. Өөрөөр хэлбэл, захиргааны болон санхүүгийн эрх мэдэл. Хотын бүх тулгамдсан асуудлуудыг өнөөгийн байгаа төсөв хөрөнгийн хэмжээнд шийднэ гэвэл  хэзээ ч бүтэхгүй.

Хэрэв Үндсэн хуулийн өөрчлөлтөөр захиргаа болон санхүүгийн эрх мэдлийг буй болгох үзэл санаа суугаад өгвөл бид цааш нь органик хуулиудаараа эрх зүйн маш таатай нөхцөлийг бүрдүүлэхээр зохицуулах боломж бүрэн байна. Энэ бол зөвхөн нийслэлийн удирдлагуудын хүсэлт биш шүү дээ. Хотын иргэн бүр ая тухтай, амар жимэр орчинд сэтгэл хангалуун амьдрахыг хүсч байгаа юу. Мэдээж шүү дээ.

-Монгол Улсын талаас илүү хүн ам оршин суудаг нийслэлийн хөгжил үнэхээр сул байгаа. Жил бүр л тулгамдсан асуудал нэмэгдэж байна. Бүх асуудлын цаана төсөв хөрөнгө бий. Ер нь нийслэл хичнээн төгрөгийн төсвөөр ажиллаж, амьдарч байдаг юм бэ?

-Улсын хэмжээний төсвийн хоёрхон хувьтай тэнцэх хөрөнгөөр нийслэлийн төсөв бүрддэг. Бид Засгийн газраас хэт их хамааралтай ажиллаж байна. Засгийн газрыг шүтэж амьдарсан 27 жилийн гунигт амьдралаас нь Улаанбаатарыг салгах хэрэгтэй. Засгийн газраас хуваарилж өгсөн мөнгийг дахин хуваарилах байдлаар ажиллаж байна шүү дээ.

Тэгэхээр зарим нэгэн  хот  улсад төвлөрүүлэх бүх татвараа авч үлдэх нь гэдэг. Энэ бол маш өрөөсгөл дүгнэлт.  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчдийн 70 хувь нь улсад татвараа төлдөг. Үлдсэн 20-30 хувь нь Улаанбаатар хотод татвараа төлдөг.  Энэ татварын талыг нь Засгийн газар аваад явчихдаг. Засгийн газарт тушаадаг  300 орчим тэрбум төгрөгийг хот өөрөө  авч үлдэх хэрэгтэй байна.  Иймээс л би захиргааны болон санхүүгийн эрх мэдлийн талаар яриад байгаа юм.  Харин эрх мэдэл гэж хэн нэгэн дарга цэргийн эрх, ямбын асуудал биш. Орон нутгийн иргэдийн эрх мэдлийн асуудал хөндөгдөж байна.  Мөн ялгаагүй хөдөө орон нутгийн төвшинд тодорхой эрх мэдлийг өгөх нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж улмаар ажлын байр нэмэгдэнэ. Хэрэв орон нутагт хөгжил ирвэл хүн бүр л төрсөн нутагтаа ажиллаж амьдрахыг хүснэ биз дээ.

Үнэхээр эрх зүйн орчин сайжраад эрх мэдэл, хөрөнгө мөнгө нь шийдэгдээд ирвэл нийслэлийнхний асуудлууд багасах учиртай. Эрх зүйн орчноос илүү хөрөнгө мөнгөний асуудал л байнга яригддаг байсан. Яагаад эртхэн эрх зүйн орчинг нь  сайжруулж болоогүй бол гэж бодогдож байна л даа?

-Арав гаруйхан жилийн өмнө гамшгийн хэмжээнд ирсэн ганцхан тулгамдсан асуудал агаарын бохирдол гэж ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр гамшгийн хэмжээнд ирсэн тулгамдсан асуудал олон болсон. Хөрсний бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл бүгд гамшгийн хэмжээнд хүрсэн тулгамдсан асуудал боллоо. Өнгөрсөн хугацаанд яагаад үүнийг шийдэж чадахгүй байна. Эрх зүйн орчин алга. Яагаад эрх зүйн шинэчлэлийг хийх боломжгүй байв. Захиргааны болон эдийн засгийн эрх мэдлийг бүрдүүлэх үзэл санаа Үндсэн хуулиар олгогдоогүй байна. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр энэхүү үзэл санааг заавал суулгаж өгөх хэрэгтэй байна. Тэр бүр бид Үндсэн хуульдаа гар хүрээд байх боломжгүй юм.

Эрх зүйн шинэчлэлийг хийж аваад Улаанбаатар хотын амьдрах ухааныг өөрчлөх хэрэгтэй. Хүн бүрт өөр өөрийн амьдрах арга бий. Яг түүнтэй нэгэн адил Улаанбаатар хотын амьдрах арга ухаан юу байх уу. Би бол одоогийн Улаанбаатар хотын амьдрах арга ухааныг өөрчлөх хэрэгтэй гэж үзээд байгаа. Улаанбаатар хотын эдийн засгийн хөрс гэж байна. Энэхүү хөрс нь Монгол Улсын  дотоодын нийт бүтээгдэхүүний 67 хувьтай тэнцэж байна. Тиймээс эдийн засгийн энэ суурь боломжийг бүтэн хөдөлгөх нь Монгол Улсын эдийн засгийн макро төвшинд эерэг нөлөө үзүүлэх ёстой.

Нийслэл хот маань амьдрах ухаанаа өөрчлөх ч ёстой гэхээр их амар хялбар ч юм шиг чихэнд наалдацтай сонсогдож байна. Нийслэлийн амьдрах ухаан юу вэ?

-Хотод зам тавих, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, түрээсийн орон сууц барих  гээд олон хэрэгцээ шаардлага байна. Тэгэхээр хувийн хэвшлийн оролцоогүйгээр энэ бүхнийг шийдэх ямар ч боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хувийн хэвшлээ дэмжвэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлууд аандаа шийдэгдээд явна. Тэдэнд бүү хүнд суртал гарга,  эрх зүйн орчинд хамтран ажилла, урьж ярилц, хамтын ажиллагаагаа илүү шударга нээлттэй болго, олон түмэнд ил тод бай гэж хэлэх байна. Хувийн хэвшлийг эрхэмлэсэн, дээдэлсэн, нөхөрлөсөн   нийслэл хот болон хөгжих ёстой.

Мөн эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ зөв тодорхойлох ёстой. Аялал жуулчлал уу, олон арван мянган ажлын байр буй болгох  хүнд үйлдвэрлэл үү эсвэл хүмүүсийн ажил амьдралыг зөв хандлагад чиглүүлэх салбарыг тэргүүлэх чиглэлээр  тодорхойлох уу гэдгээ сонгох хэрэгтэй.

Би бол нэгдүгээрт аялал жуулчлал гэж хардаг. Улаанбаатар хотын бүх бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилго, зорилт бүгд байна. Хоёрдахь эдийн засгийн тэргүүлэх чиглэл өндөр технологийн салбар. Энэ салбарын хөгжлийг иргэдийн аж амьдралд илүү нэвтрүүлэх хэрэгтэй байна. Суурь нь бол байна. Дэлхийн хотууд зардал багатай, хялбар үйл үйлдлээр илүү ухаалаг амьдарч байна. Цаасны  хэрэглээ өдөр ирэх тусам хумигдаж байна. Хоёрхон ухаалаг утсаар хотын дарга хотыг удирдаж байна.

АНУ-ын Маяами хот Улаанбаатар хотын хүн амтай ойролцоо. Энэ хотыг 200 хүн удирдаж байгаа бол  Улаанбаатар хотыг 3600 хүн удирдаж байна. Эдгээр олон дарга нарын цаана машин тэрэг шатахуун гээд их зардал буй биз дээ.  Улаанбаатар хотын төсвийн 70 хувь нь  урсгал зардал.   Миний бие өнгөрсөн хугацаанд ажиллахдаа урсгал зардлын эдийн засгийн үр өгөөжийг нэхэж шаардаж ажиллаж байгаа. Өмнө энэ талаар  хэн ч хөндөггүй байсан. Харин би үүнийг ярина. Энэ бүхэн бол нийслэлийн амьдрах ухааныг өөрчлөх  арга юм.  Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөр хотод санхүүгийн болон захиргааны эрх мэдлийг олгох үзэл санаа сууж, улмаар түүнийг дагалдах хуулиудаар эрх зүйн орчинг сайжруулж чадвал 10 жилийн дараа Улаанбаатар хотын хөгжил шинэ төвшинд гарсан  байна.

Эх сурвалж: CITYCOUNCIL.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж