Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг Трамп өөрчилж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.29-нд нийтлэгдсэн

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг Трамп өөрчилж байна

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг Трамп өөрчилж байна

Бизнесмен Дональд Трамп Цагаан ордны тэргүүн болсон цагаас хойш АНУ-ын эрх ашгийг нэгдүгээрт тавих бодлого баримтлан ажиллах болсон билээ. Тэрбээр олон жил АНУ-д алдагдалтай байсан олон улсын худалдааны хэд хэдэн гэрээг цуцалж, Хятадтай хийх шударга бус худалдааг тэнцвэржүүлэхээр эрс шийдэмгий алхмуудыг авч эхэлсний дээр Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс ангижруулахын төлөө удирдагч Ким Жон Унтай хэд хэдэн удаа уулзлаа. Энэ бүхний эцэст Дональд Трампын барьж буй бодлого Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг өөрчилж байгааг улс төрийн мэргэжилтнүүд онцолжээ.

Өмнөх жилүүдэд Пеньян богино, дунд ангиллын пуужин харвах нь олон улсад маш их түгшүүр үүсгэдэг байсан бол өдгөө энэхүү өдөөн хатгасан үйлдлийн ач холбогдол, сүр хүч харьцангуй суларчээ. Нөгөө талаар Дональд Трампын баримталж буй бодлого нь АНУ-ын Өмнөд Солонгостой харьцах холбоотны харилцааг сулруулж, хоёр орны хамтарсан цэргийн сургуулилтын ач холбогдлыг бууруулсан гэж ажиглагчид дүгнэжээ. Дональд Трамп наймдугаар сарын 25-ны өдөр Францад болсон Их-7 бүлгийн уулзалтын үеэр Японы Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзсан. Уулзалтын үеэр Өмнөд Солонгостой хийж буй хамтарсан цэргийн сургуулилт бол “мөнгө үрсэн хэрэгцээгүй зүйл” хэмээн Дональд Трамп мэдэгдсэн байна. АНУ болон Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийнхэн наймдугаар сарын 11-20-ны өдрүүдэд хамтарсан сургуулилт хийсэн юм. Гэтэл АНУ нь Япон улстай хамтран наймдугаар сарын 13-23-ны хооронд тэнгисийн цэргийн сургуулилт, наймдугаар сарын 26-аас есдүгээр сарын 23-ны өдрүүдэд хуурай замын цэргийн сургуулилт хийж байна. Тэнгисийн цэргийн сургуулилтад АНУ-ын талаас нисэх онгоц тээвэрлэгч “Ronald Reagan” хөлөг, Японы талаас пуужин хөөргөгчтэй “Myoko” усан онгоц оролцсон аж.

Үүнээс үүдээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цаашид Өмнөд Солонгостой аюулгүй байдлын хамтын ажиллагаанд ач холбогдол өгөхгүй гэж олон улсын улс төрийн шинжээчид дүгнэжээ. Түүнчлэн Өмнөд Солонгосын Срөнхийлөгч Мун Жэ Иний Пеньянтай харилцаанд баримталж буй тохиролцоонд суурилсан-төвийг сахих бодлого нь ч АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилтын хүчийг сулруулсан аж. Өмнөд Солонгосын үндэсний дипломат академийн профессор Ким Хён Вук хэлэхдээ “Сөүл нь Вашингтонтой хамтран олон төрлийн цэргийн сургуулилт хийх замаар Хойд Солонгосын өдөөн хатгалгад хариу барьж, анхааруулга өгдөг байсан. Гэвч өнгөрсөн онд Сингапурт болсон Дональд Трамп, Ким Жон Уны уулзалтаас хойш цэргийн сургуулилтыг ихэвчлэн хойшлуулах болсон. Гэтэл Вашингтон, Сөүлийн цэргийн сургуулилт өндөрлөсөн ч Хойд Солонгос зэвсгийн туршилтаа зогсоогоогүй. Энэ нь Хойд Солонгос нь Вашингтон болон Сөүлийн эсрэг бодлогоо өөрчилснийг харуулж байна” гэжээ. Түүнчлэн Хойд Солонгосын үргэлжилсэн зэвсгийн туршилтууд нь АНУ-ыг Сөүлтэй хамтарсан цэргийн сургуулилт хийж, Солонгосын хойгт зөрчлийг хурцатгахаас болгоомжлох байдлыг үүсгэж, эсрэгээрээ Японтой аюулгүй байдлын харилцаагаа бэхжүүлэхэд хүргэсэн гэж тэрбээр дүгнэжээ. АНУ, Японы хооронд цэргийн харилцааг бэхжүүлэх нь нөгөө талаар Ерөнхий сайд Абэ Шинзогийн ашиг сонирхол аж. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо нь Сөүл-Вашингтоны холбоотны харилцаанаас илүү АНУ-Японы харилцааг эн тэргүүнд байлгахыг хүсдэг аж.

Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын Засгийн газраас Японтой эзэмшлийн маргаантай Докто бүлэг арлын ойролцоо энэ долоо хоногийн эхээр цэргийн сургуулилт явуулсныг АНУ-ын төрийн департментаас шүүмжилжээ. АНУ-ын талаас мэдэгдэхдээ Япон, Өмнөд Солонгосын хооронд үүссэн зөрчлийг шийдвэрлэхэд бүтээлчээр хандахгүй байгаад Сөүлийг буруутгасан байна. Өмнөд Солонгосын Засгийн газраас Японы эзлэн түрэмгийллийн үед албадан хөдөлмөр эрхэлж, бэлгийн мөлжлөгт өртсөн иргэдийн нөхөн төлбөрийн асуудлыг сөхсөн нь хоёр орны харилцаанд зөрчлийг сэдрээж, худалдааны сөргөлдөөнийг бий болгосон юм. Япон, Өмнөд Солонгосын хооронд 1910-1945 оны колоничлолын үеийн түүхээс улбаатай маргаан зөрчил одоо болтол үргэлжилдэг.

Хойд Солонгосын судалгааны Ёнсей институтийн мэргэжилтэн Бун Ён Шикийн мэдэгдсэнээр, цаашид Сөүл-Вашингтоны холбоо улам суларч, Япон, АНУ-ын холбоотны байр суурь бэхжих хандлага ажиглагдаж байгаа аж. АНУ-ын Сөүлийг дэмжсэн холбоотны харилцаа 1950-1953 онд өрнөсөн Солонгосын хойгийн дайны үеэс эхтэй. Дайны дараа АНУ-аас тодорхой тооны цэрэг Өмнөд Солонгост байнга байршин үлдэх болсон ба тэдний зардлыг Сөүл төлж байгаа билээ. Гэвч АНУ-аас цэргээ хойгт байршуулсны хариуд төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхийг Сөүлээс шаардаж, 960 тэрбум воноос 1,03 их наяд хүргэж өсгөн гэрээ байгуулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж