Төв аймгийн Аргалант сумын нутаг Цанын бааз гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Эко фүүдс ХХК-ийн махны үйлдвэрийн эргэн тойронд малын гаралтай хог хаягдал бөөгнөрсний улмаас таагүй нөхцөл байдал үүсээд байсан юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эко Фүүдс Трэйд” ХХК-д 8-р сарын 27-ны өдөр хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авав.
Сумын удирдлагууд өнгөрсөн 5-р сард малын гаралтай хаягдлыг энгийн хог хаягдалтай адилтгаж хаяулахаар 30х40 хэмжээтэй том нүх бий болгосноор энэхүү замбараагүй хаягдлын эх үүсвэр бий болсон аж. Эко фүүдс компанийн зүгээс “Биднийг 8-р сарын 14-нд үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхлүүлэхэд хур хог үүссэн байсан. Эмээлт орчмоос ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг иргэд, ААН-үүд дур мэдэн хог хаягдлаа хаясныг гэрэл зургаар бэхжүүлсэн баримт бий” гэсэн тайлбар өгчээ.
Орчны эрүүл ахуй алдагдах, гоц халдварт өвчин үүсэх нөхцөл бүрдсэн гэж үзсэн учраас Төв аймгийн мэргэжлийн хяналтын газраас тухайн ААН-ээр малын гаралтай хаягдал, сэг зэмийг устгуулж орчны цэвэрлэгээг хийлгэсэн байна. Мөн сумын удирдлагуудад цаашид энгийн хог хаягдлын цэг болон устгалын цэгийг тусад нь ялгах бүртгэх, хаягжуулж тэмдэгжүүлэх үүрэг өгчээ. 30х40 хэмжээтэй дээрх нүхийг устгалын цэгээр бүртгэж орчмын хорио цээр түр тогтоохыг үүрэгжүүлэн ажиллажээ.
Эх сурвалж: МХЕГ
Холбоотой мэдээ